Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулос нэрт жүжигчин Том Хэнксийг улсынхаа хүндэт иргэнд өргөмжлөх зарлигт гарын үсэг зурсан тухай хэвлэлүүд өчигдөр олж мэдээлсэн байна. Одоо 63 настай Холливүүдийн од жил бүрийн зуны амралтаа Грекийн Антипарос аралд өнгөрөөдөг уламжлалтай. Хэнксийн гэргий, жүжигчин, продюсер Рита Уильсон нь грек, болгар өвөг дээдэстэй хүн юм.
Грекийн хуулинд зааснаар “улс орны хөгжилд нь үнэтэй хувь нэмэр оруулсан бол, эсвэл ард түмний хүсэл сонирхлын дагуу” гадаадын иргэнд хүндэт иргэний өргөмжлөл олгодог байна. 2002 онд Хэнкс, Уильсон нар “My Big Fat Greek Wedding” нэртэй романтик, инээдмийн киног хамтран бүтээж байжээ.
Оскарын шагналыг хоёр удаа хүртэж байсан Том Хэнкс өмнө нь Франц улсын хүндэт легионы одонг мөн хүртэж байв. АНУ-ын Калифорнид төрсөн нэрт жүжигчний аав нь Англи гаралтай бол ээж нь Португал гаралтай хүн юм байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Associated Press
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих