Татварын багц хууль хэрэгжиж эхэлнэ
Шинэчлэгдсэн Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ удаагийн татварын шинэчлэлээр 1,5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг НЭГ хувь болгон өөрчилсөн билээ.
Татвар ногдуулах асуудлаар,
Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой НӨАТ суутган төлөгч биш иргэн, ААН жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо 1 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх хялбаршуулсан горимыг бий болгосон.
Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлогтой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн 1 хувийн татвар төлнө.
300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд хоёр удаа тайлаглаж, 10 хувийн татвар төлж, 90 хувийг нь буцааж авна.
Жилийн 3 тэрбумын орлоготой бол 25 хувийн татвар төлдөг байсныг 6 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр ААН-үүд жижгэрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Үүнд 164 ААН хамаархаар байгаа.
ХХОАТ-ын буцаан олголтын талаар,
Амьдран суух зориулалтаар анх удаа амины орон сууц барьсан эсвэл худалдан авсан иргэнд 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг 6 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.
Ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан бол татвар төлөгчид хөнгөлөлт эдлүүлэхээр болсон. Ипотекийн зээлийн хүү 8 хувь байгаа. Хэрвээ иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авч байр авсан бол зөрүү 5 хувийн хүүг татвараас буцааж олгох боломжтой болсон.
Татварыг хөнгөвчлөх чиглэлээр,
Улаанбаатар хотоос 500 км алслагдсан газарт үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, ААН-ийн төлсөн таварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш зайд алслагдсан бол 90 хувиар хөнгөлөх заалт орж ирсэн байгаа. Бидний хийсэн тооцооллоор 50 хувийн хөнгөлөлтөд 11,600 иргэн, 141 ААН, 90 хувийн хөнгөлөлтөд 8,100 иргэн, 55 ААН хамаарагдана.
Татварыг энгийн болгох чиглэлээр,
Жилд 2 тэрбум хүртэлх төгрөгийн татвар ногдуулах ААН бол жилд хоёр удаа тайлан гаргана.
Ирүүлсэн татварын тайлангийн мэдээлэл алдаатай, зөрүүтэй байвал татвар төлөгчид мэдэгдэж гурав хоногийн дотор залруулах боломж олгож байгаа.
Татварын тайланг нэг жилийн дотор аливаа торгуульгүй залруулах боломжтой болсон.
Татварын алба үндэслэлгүй илүү мөнгө авсан бол шууд буцааж ААН-рүү шилжүүлэх зохицуулалт оруулсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар бол дараа жилийн татвар руу шилжүүлдэг.
Татварын өрийг төлж барагдуулах хугацаа хоёр сар байсныг хоёр жил болгож нэмэгдүүлж байгаа.
Зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв
Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гарсан. Тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэв
Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо. Нэг сард төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийн 10 хувь буюу сард 42 мянган төгрөг байхаар тогтоолоо. Шимтгэлээ хэдэн жилээр нөхөн төлөх нь тухайн иргэний сонголт байх юм. 1995-2019 онд шимтгэл төлж чадаагүй иргэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор үндсэн болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах ёстой. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэдэд тухай бүр нь өгөх юм. 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэсэн судалгаа гарсан байна.
Атрын дөрөвдүгээр аян зарлалаа
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар зарлалаа. Аяны хүрээнд хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлыг сааруулах, нөхөн сэргээх, ур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан хөгжүүлэх, эрсдэл даах чадамжийг дээшлүүлэх, агроэкосистемийн тогтвортой байдлыг хангаж хүнсний хэрэгцээ, түүний аюулгүй байдлыг бүрэн шийдвэрлэх юм.
Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ
Төрийн алба хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс найман хувиар нэмлээ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болов. 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм. 2019 оны III улирлын байдлаар сарын дундаж цалин 1166.4 мянга, төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байна. Засгийн газар цалинг 2018, 2019 онд тус бүр найман хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар нэмлээ.
О.Онон
Эх сурвалж: Olloo.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33139
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих