Монголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ/-ны баг тамирчид өнөөдөр /2020.01.02/ мөсөнд авиралтын дэлхийн цомын эхний цуврал тэмцээнд оролцохоор өмнөд хөршийг зорилоо. БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотноо нэгдүгээр сарын 3-5-нд, мөн нэгдүгээр сарын 10-12-нд БНСУ-ын Чонсон хотноо болох дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцох юм.
Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, МУҮХ-ны удирдлага дор Сутайн бор клубын тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ОУХМ Н.Хэрлэн, Сутайн бор клубын тамирчин спортын дэд мастер Б.Ариунбаяр, спортын I зэрэгтэй тамирчин Ж.Сэдэд, Монголиан экспедишн клубын тамирчин, спортын мастер Д.Отгонхүү, Хайрхан аялагч клубын тамирчин спортын дэд мастер Д.Баасандорж, Улаанбаатар хайкинг клубын тамирчин спортын мастер Ч.Мандахбаяр нар хурд болон техникийн төрлүүдээр 20 гаруй орны 102 тамирчинтай өрсөлдөх юм байна.
Өвлийн спортын төрлүүдээс залуусын дунд маш эрчтэй хөгжиж буй, 2022 оны Өвлийн олимпын төрөлд багтах хамгийн өндөр магадлалтай мөсөнд авиралтын төрлөөр монголчууд дөрвөн жилийн өмнөөс хичээллэж тив, дэлхий, олон улсын тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж туршлага хуримтлуулсаар байна.
МУҮХ нь 2021 онд мөсөнд авиралтын Ази тивийн цомын АШТ-ийг эх орондоо зохион байгуулах эрх авахаар зорин ажиллаж байгаа юм. Монголын тамирчид өнгөрсөн хугацаанд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эх орондоо өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалийг авчирсан.
Манай тамирчдын хувьд чансааны эхний 20-д буюу ОУХМ Н.Хэрлэн 11 дүгээр байр, Спортын мастер О.Сайханжаргал 15 дугаарт, бусад тамирчид чансааны 35-аас доош байруудад эрэмбэлэгдэж байна.
Д.Өлзийсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих