АНУ-ын Агаарын хүчин өнгөрөгч баасан гаригт Иракийн нийслэл Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудалд тусгай ажиллагаа явуулан Ираны гадаад дахь цэрэг, тагнуулын гол үйл ажиллагааг зохион байгуулдаг Кудс элит хүчний тэргүүн асан Генерал Касем Сулейманигийн амь насыг хөнөөсөн явдал нь Ойрхи Дорнод төдийгүй дэлхий дахинд боломжит дайны харангыг дэлдсэн хурцадмал байдал үүсгээд байгаа билээ.
Ираны зүгээс генералынхаа үхлийн хариуг АНУ-аас заавал авахаа мэдэгдээд байсан юм. Тэгвэл бямба гаригт Багдад хот руу минёмотоор бөмбөгдөж зургаан хүн шархдуулсан хэрэг явдал гараад байна. Иракийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр Багдад хотын хамгийн өндөр хамгаалалттай газар болох “Green Zone” буюу АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо хоёр пуужин туссан бол тус хоттой ойролцоох Америкийн цэргийн баазыг гурван удаа бөмбөгджээ. Одоогоор Ираны тал халдлагын хариуцлагыг хүлээхээ мэдэгдээгүй байна. Гэсэн ч энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яаманд болсон 14 дэх удаагийн зэвсэгт халдлага болжээ.
Уг халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гаригт “Ираны тал саяхан алагдсан террорист удирдагчийнхаа өшөөг АНУ-аас авах талаар маш зоригтой ярьж байна. Гэсэн ч тэд иймэрхүү шийдэмгий мэдэгдэл хийхдээ түүний хийсэн гэм нүгэл, түүний хөнөөсөн гэм зэмгүй хүмүүсийн амь насыг огтхон ч дурдалгүй дэлхийг нийтийг хуурч байна. Түүний хийсэн гэм нүглүүд дунд саяхан Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яаманд болсон халдлагыг дурдаж болно. Иран олон жилийн турш бидний хувьд зөвхөн асуудлаас өөр зүйл байсангүй.
Тегераны зүгээс дахин АНУ-ын иргэд болон эд хөрөнгөд чиглэсэн нэг л халдлага үйлдэх аваас бид хариуг нь шуурхай бөгөөд ихээхэн гарз хохиролтойгоор өгөх болно. Хэрэв ийм зүйл болбол бид 1979 онд Тегеран дахь АНУ-ын Элчин сайдын яаманд нэг жилийн турш барьцаалагдсан 52 иргэнээ төлөөлүүлэн Ираны улсын түүх, соёлын чухал ач холбогдолтой 52 байршилд цохилт өгөхөөр бэлдээд байна. АНУ-аас дахин ямар ч аюул заналхийлэл хүсэхгүй байна” гэх ноцтой мэдэгдлийг өөрийн твиттер хаягаараа дамжуулан гаргаад байна.
Энэхүү асуудалд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпей тайлбар өгөхдөө “Бид АНУ-ын эрх ашиг, аюулгүй байдлын төлөө бат зогсоно. Гэхдээ бид үүнийгээ хуулийн хүрээнд хийх болно. Бид үргэлж энэ зарчмаа дагана. Ерөнхийлөгч Трампын жиргээний хувьд энэ зарчмаасаа хазайна гэсэн үг биш. Түүх, соёлын дурсгалт газруудыг бай болгосон тухайд бид зөв зүйлийг АНУ-ын хуулийн дагуу хийх болно” гэх тойруу хариулт өгсөн юм.
Харин Трампын энэхүү ноцтой мэдэгдлийн дараагаар Ираны Мэдээлэл, харилцаа холбооны сайд Мохаммед Жавад Азари Жахроми “Исламын улс бүлэглэл, Адольф Гитлер, Чингис хаан, тэд бүгд соёлыг үзэн ядагчид. Харин Трамп бол хослол өмссөн террорист. Тэр Ираны агуу түүх, соёл, үндэстнийг хэн ч үгүй хийж чадахгүй гэх түүхийг хожуу ухаарах болно” гэж мэдэгджээ.
Энэ бүхэнтэй холбоотойгоор Иракийн парламент ням гаригт хуралдаж Ойрхи Дорнодод үүсээд буй боломжит дайны нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс өөрийн улсын нутаг дэвсгэр дээрх гаднын аливаа улсын цэргүүдийг бүр мөсөн гаргах тогтоол баталлаа. Тус улс нь олон жилийн турш АНУ болон Иран гэх их гүрнүүдийн үл ойлголцолд хамгийн их хохирсон орон юм. Иракт өнөөдрийн байдлаар АНУ-ын 5200 гаруй цэрэг байгаа бол Исламын улс бүлэглэлийн эсрэг бүрэлдэн бий болсон Ираны дэмжлэгтэй шийт зэвсэгт бүлэглэлийн 30000 гаруй цэрэг бий гэх тооцоо байдаг.
О.Мөнхбат
Эх сурвалж: CNN, Al Jazeera, CNBC, Reuters
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих