Японы тэрбумтан Юсакү Маезава нь Илон Маскийн SpaceX компанийн сарыг тойрон аялах хөлөгт суудал захиалсан анхны хүн болсон юм. Тэгвэл 44 настай тэрбумтан энэ аялалд хамт явах найз бүсгүй хайж байгаагаа зарлажээ. Маезавагийн хайж буй эмэгтэй нь 20-оос дээш настай, амьдралд хайртай, онцгой хувь хүн байх ёстой гэнэ. Японы AbemaTV стриминг үйлчилгээ тэрбумтны найз бүсгүйг шалгаруулах ажлыг “Full Moon Lovers” нэртэй реалити шоу болгон нийтэд үзүүлэх гэнэ.
Шалгарсан бүсгүй нь Маезаватай хамт SpaceX компанийн зохион бүтээсэн Starship хөлгөөр сарыг тойрон аялах юм. Уг хөлөг нь Илон Маскийн сансрын гүнд илгээх хөлгийн эхний загвар бөгөөд цаашдаа Ангарагт хүрэх аялалд ашиглагдах гэнэ. 2018 оны есдүгээр сард Маезава сарны аялалын анхны зорчигч болохоор их хэмжээний мөнгө төлсөн тухай SpaceX компани зарлаж байв.
Маезава нь энэ аялалд өөрөөсөө гадна 6-8 хүн дагуулж явахаар нэмэлт суудал захиалснаа мэдэгдэж байв. Тэдгээр хүмүүс нь янз бүрийн төрлийн уран бүтээлчид байх бөгөөд аялалаас мэдэрсэн зүйлээ урлагийн бүтээл болгож, хүмүүст сонирхуулах үүрэгтэй байх ажээ.
Тэгвэл эдгээр суудлын нэгийг Маезава шинэ найз бүсгүйтэй болоход ашиглахаар шийдсэн бололтой. Маезава нь Японы хамгийн том худалдааны сайт Zozotown-ийг үүсгэн байгуулагч бөгөөд хөрөнгийн хэмжээг нь $2 тэрбум гэдэг. Starship хөлөг анхны аялалаа 2020 оны эхээр хийх төлөвлөгөөтэй байсан ч техникийн асуудлаас үүдэлтэй хойшлоод байгаа.
Маезавагийн найз бүсгүй болох эмэгтэйчүүдийн хүсэлтийг нэгдүгээр сарын 17-ныг хүртэл хүлээн авч, энэ сардаа багтаж дараагийн шатанд шалгаруулах гэнэ. Тэрбумтантай хамт сарыг тойрон аялах ганц эмэгтэй гуравдугаар сард тодрох ажээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: The Verge
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих