Өчигдөр АНУ-ын хууль зүйн яам тус улсын цэргийн баазуудад сургалтанд хамрагдаж байсан Саудын Арабын 21 офицерийг нутаг дэвсгэрээсээ албадан гаргах болсныг зарлажээ.
Өнөөдөр хөөгдөж байгаа 21 офицер өмнөх зэвсэгт халдлагын хэрэгтэй холбоогүй юм байна. Гэхдээ тэднээс жихадист суртал нэвтрүүлгийн материал, хүүхдийн садар самуун зураг илэрсэн тул ийм арга хэмжээ авч байгааг АНУ-ын ерөнхий прокурор Уилльям Барр мэдэгджээ.
Өнгөрсөн сард гарсан зэвсэгт халдлагын дараа Саудын Арабаас ирсэн сонсогчдын сургалтыг түр зогсоогоод байсан юм. Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Уилльям Барр сар гаруйн өмнө болсон зэвсэгт халдлагыг “террорист үйлдэл” гэж нэрлэжээ.
Халдлага үйлдсэн этгээдийн хэрэглэж байсан хоёр ширхэг iPhone гар утасны мэдээллийг шалгах ажил үргэлжилж байгаа гэнэ. Зэвсэгт этгээд нэг гар утасныхаа мэдээллийг устгахын тулд буугаар буудсан боловч Холбооны Мөрдөх Товчооныхон мэдээллийг нь сэргээж чаджээ. Харин нөгөө iPhone-ий дотоод мэдээлэлд нэвтрэхийн тулд Apple компаниас тусламж хүсээд байгаагаа Барр тайлбарласан байна.
Саудын Арабын хөөгдсөн 21 офицерын 17 нь хувийн компьютер, гар утсандаа террорист агуулгатай материал хадгалж байжээ. Эдгээр 17-гийн заримыг оролцуулаад нийт 15 хүн хүүхдийн садар самуун агуулгатай зураг хадгалж байжээ. 21 сонсогчийг Даваа гарагт Саудын Араб руу буцаасан байна.
Ойрх Дорнодод АНУ-Ираны харилцаа хурцадсан цаг үед ийм явдал болж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Саудын Араб нь тус бүс нутаг дахь АНУ-ын гол холбоотон бөгөөд Ираны гол өрсөлдөгч оронд тооцогддог.
Р.Төмөр
Эх сурвалж: BBC
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих