- Б.Пүрэвдорж: Малын хулгайтай тэмцэхийн тулд шоронжсон хууль батлахаас аргагүйд хүрлээ
- Галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн тоног хэрэгсэл ашиглан мал хулгайлсан этгээдийн ялыг хүндрүүлэх саналыг дэмжсэнгүй
Мал хулгайлсан этгээдийг нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлдэг байсан бол өнөөдрөөс эхлэн Эрүүгийн хуулиар хорих ял оноохоор болов. Мөн найман бог, хоёр бодоос дээш тооны мал хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөлтэй найман жилийн ялаар шийтгэхээр хуульчиллаа. УИХ-ын чуулганаар малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг батлав. 2015 онд Эрүүгийн хуулийг батлахдаа хорин дөрвөн бог, найман бод хулгайлсан бол эрүүгийн хэрэг үүсгэн 2-8 жилийн ял оноох, хулгайлсан мал нь дээрх тоонд хүрээгүй бол хохирлыг барагдуулж, нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх заалт оруулсан нь малын хулгайн гэмт хэрэг өсөхөд нөлөөлжээ. Тухайлбал, Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2016 оныг хүртэл тогтмол буурч байсан ч 2017 оноос огцом нэмэгдэж жилд 89.2 хувиар өсжээ. Тиймээс УИХ-ын 24 гишүүн хамтран Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан юм. Олон тооны мал хулгайлсан, бусадтай бүлэглэсэн, машин механизм ашиглан үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, гойд ашиг шимт мал хулгайлсан болон онц ноцтой хохирол учруулан үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөлтэй гэж ялыг нэмэхээр боллоо. Онц ноцтой хохирол гэдэгт малчдын амин зуулга болсон малыг хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөл гэж тооцохоор болсон. Түүнчлэн гойд ашиг шимт мал гэж үүлдэр, омгийн мал сүргээс үржил, ашиг шимийн нэг буюу хэд хэдэн чанараар онцлог давуу болох нь баталгаажсан малыг тооцох юм. Харин хуулийн төсөлд мал хулгайлахдаа галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн тоног хэрэгсэл ашигласан бол хүндрүүлэх нөхцөлд хамааруулахаар өмнөх хэлэлцүүлгээр тохирсон байсан ч байнгын хороогоор хэлэлцэх үед эл зарчмын зөрүүтэй саналыг гаргах гишүүн олдоогүй тул төсөлд тусгаж чадаагүй аж.Үүнийг шүүмжилж Ц.Даваасүрэн гишүүн "Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэргийн дийлэнх нь бэлчээр дээр нь буудаад маш богино хугацаанд үйлдэж байгаа. Энэ бол хүндрүүлж үзэж нөхцөл байсан ч хуулийн өөрчлөлтөөр хийж чадсангүй. Бид дутуу хууль гаргалаа. Дараа дахин үүнийг хуульчлах бас нэг ажил үлдэж байна” хэмээв. УИХ-ын гишүүдийн хөндсөн бас сэдэв нь хулгайчдын арга нарийсч, хуулийн цоорхойг ашиглан ял завшиж байгаа тухай байв. Тухайлбал, таван хүн бүлэглэн малын хулгайн гэмт хэрэг үйлдээд хэргийг шалгах явцад хасагдсаар ганц нь ял авч хүндрүүлэх нөхцөлөөс бултдаг аргад шилжсэнийг шүүмжилсэн. Үүнийг засах зохицуулалт ч дутуу үлдэж байгаа юм. Харин гишүүд малын хулгайчид олон тооны мал хулгайлаагүй зүйл ангиар ял завшиж байна гэдэгт санал нэгдэж Эрүүгийн хуульд заасан малын хулгайтай холбоотой нийтэд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэлийг хаслаа. Энэ заалтын оронд мал хулгайлсан л бол зургаан сараас таван жилийн ял оноох зохицуулалт хийж буй юм. Өөрөөр хэлбэл өнчин ишиг хулгайлсан ч хорих ялаар шийтгүүлэх хуулийн зохицуулалтай болов. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар тайлбарлахдаа "Хүний хөрөнгийг хулгайлсан этгээд нийтэд тустай хөдөлмөр нэрээр аймгийн төвд хэд хоног гудамж шүүрдэж байгаад суллагддаг. Үүнээс болж малаа алдсан иргэд маш их бухимдаж байгаа. Хөрөнгийг нь хулгайлсан этгээд хэд хэн хоногийн дараа чөлөөтэй болчихсон явж байгааг харахад бухимдахаас аргагүй. Тиймээс энэ заалтыг хасах нь хамгийн оновчтой хувилбар. Шоронжсон хууль баталлаа гэсэн яриа гарч байна. Малын хулгайтай ингэж л тэмцэхээс өөр арга үлдсэнгүй гэдгийг олон нийт ойлгох байх” гэсэн юм. Харин Зөрчлийн тухай хуульд гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг худалдсан этгээдэд хариуцлага тооцох зохицуулалтыг оруулсан юм. Тус хуульд мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалт бий. Түүн дээр нэмээд мал, мах бэлтгэх газарт хулгайн мал худалдсан бол зөрчилд тооцож 1.5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах юм.
П.Батбөх
Засгийн газрын мэдээ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33364
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих