УИХ-ын гишүүд гадаадад казино тоглосон гэх мэдээлэлд нэр холбогдсон гишүүд тайлбар өгөв. Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон УИХ-ын дарга Ш.Занданшатарыг дагалдан явсан Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нарын гишүүд Сидней хотын нэгэн казингоор орсноо хүлээсэн ч тоглоогүй хэмээн мэдэгдлээ. Тэдэнтэй хамт УИХ-ын ахмад гишүүдийн нэг Д.Лүндээжанцан болон тус улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү нар байсныг ч мөн батлав.
Манай улсад казино байгуулах, мөрийтэй тоглохыг хуулиар хориглодог. Тиймээс ч Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4-т “төрийн албан хаагч гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх” хэмээн заасан.
Тэгвэл УИХ-ын гишүүн гадаадад мөрийтэй тоглосон тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ.
Юуны өмнө УИХ-ын гишүүн нь төрийн албаны ямар ангилалд багтахыг Төрийн албаны тухай хуулиас танилцуулъя. Уг хуульд зааснаар төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна гэжээ.
Үүнд:
төрийн улс төрийн албан тушаал;
төрийн захиргааны албан тушаал;
төрийн тусгай албан тушаал;
төрийн үйлчилгээний албан тушаал багтах юм.
Харин тус хуулийн 11.1-т Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна. Үүнд: Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн ... гэжээ.
Тэгэхээр дээр дурдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм эрхэм түшээдэд хамаарахгүй нь. Учир нь энэ журам зөвхөн захиргааны албан тушаалтан буюу бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий албан тушаалтнуудад хамаатай юм.
Уг дүрэмтэй холбоотой хамгийн сүүлийн жишээ дурдахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа нь тогтоогдсон учраас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байв.
Уг мэдэгдлийг хийх үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, ажлын байран дах бэлгийн дарамт учруулсан аливаа үйлдэл гаргахгүй байх талаар нарийвчлан оруулах, албаны машиныг хувийн ажилд ашиглахгүй байх, гадаад томилолтоор явахдаа бизнес ангиллаар зорчихгүй байх зэрэг заалтыг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд оруулах нь зүйтэй” гэж үзсэн талаар мэдээлж байсан.
Харин УИХ-ын гишүүний ёс зүй дүрэмд “Монгол Улсын Их Хурлын гишүүний төрийн албанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлж, төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах, төр, олон нийтийн итгэлцлийг бэхжүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино” хэмээн тодорхойлсон байдаг ч төрийн түшээ хүн мөрийтэй тоглосон тохиолдолд ямар хариуцлага хүлээх тухай огт дурдаагүй байна.
Энэ бүхнээс харахад УИХ-ын гишүүд мөрийтэй тоглосон тохиолдолд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм. Харин ёс зүйн хариуцлага яригдах бүрэн боломжтой. Өдгөө УИХ-ын гишүүний ёс зүйн дэд хороог Б.Бат-Эрдэнэ гишүүн ахалж буй. Тэрбээр хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх гишүүдийн асуудлаар дэд хороогоо хэл амтай хуралдуулж байсан. Энэ удаад тус дэд хорооноос гадаадад казинодсон гэгдээд буй гурван гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
А.НЯМ-ӨЛЗИЙ, IKON.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих