Дэлхийн дийлэнх оронд улс төрийн намууд төрийн эрх барьдаг. Хүн өөрийн итгэл үнэмшлээрээ намд элсэж, гишүүн болдог. Манайд ч үүнийг Үндсэн хуулиар баталгаажуулчихсан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж тодотгож байгаад нийт 18 заалт бичсэн байдаг. Үүний арав дахь заалтад “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэж намын гишүүнийг, эвлэлдэн нэгдэхийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан байна. Тэгтэл намын дарга, Хяналтын хорооныхон гэх мэт нөхөд дүрэм зохиогоод гишүүнээ намаас хасч байгаа нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа хэлбэр мөн л дөө. Хууль, дүрэм, журам, тогтоол, шийдвэрүүд дундаас хамгийн том нь хууль юм. Харин бүх хуулийн эх үндэс нь Үндсэн хууль. Үндсэн хууль дээр эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулчихсан байхад дүрэм гэж нэг юм яриад гишүүнийг намаас нь шууд хасч байгааг Үндсэн хууль зөрчиж байгаа гэж харахаас өөр аргагүй байна. Дүрмээр Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Харамсалтай нь ийм нөхцөл байдал Монголын улс төрд ужгирсан. Ганцхан МАН-ыг хэлж байгаа юм биш. Бусад нам, улс төрийн хүчнүүд ч намаасаа гишүүн хаслаа, хөөлөө гэцгээдэг.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намаасаа хасагдлаа. Энийг улс төрийн буруу жишиг, буруу дүрэм гэж харсан учраас үүнийг бичиж байна. Ерөнхийдөө ажиглаад байхад намынхаа даргын үгэнд ороогүй хүнийг намаасаа хасдаг тогтсон хэв маягтай. Намаас хасагдсан хүмүүсийн нэрсийг жагсаавал урт дараалал болно.
Ардчилсан нам гэхэд л сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг намаасаа хасчихсан. Гэтэл энэ хүмүүсийн хувьд сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэд. Намынхаа ямар нэг дүрэм, журмыг лав зөрчсөн талаар юм дуулдаж байгаагүй. Зүгээр л намын даргадаа үл таалагдах юм уу эсвэл тухайн нам нь ард түмэнд шударга болж харагдах гэхдээ л попорч, гишүүнээ намаас нь хөөдөг. Шударга болж харагдах гэсэн поп сэдлийн үүднээс намаасаа хөөж байсан түүх олон.
Н.Номтойбаярыг ч мөн адил тэгж хөөж байна. Хүмүүст нэг их шударга нам болж харагдах гэсэн хэлбэрийн төдий асуудал юм даа. Өнгөрсөн жил дээ, Хотын даргын сонгуульд амжилттай өрсөлдөж бараг сонгогдохын даваан дээр намаасаа хөөгдсөн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун байна. Бас УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ч нэрлэж болно. Түүнийг намаасаа хасагдлаа л гэсэн. Энэ хүмүүс дүрэм зөрчсөн юм байхгүй шүү дээ. Хууль зүйт нийгэмд ийм хууль зөрчсөн үйлдлүүд байж боломгүй.
Намаасаа хасалт хийж байгааг нь хөндлөнгөөс харахад, нэг хэсэг нь хуйвалдаж нөгөөгөө хөөж байгаа хэрэг. Хувийн таагүй харилцаанаас үүдээд ямар ч хамаагүй нэг дүрэм зохиогоод олонхи нь тэр дүрмээ урдаа бариад л цөөнхөө хавчаад намаасаа гаргачихдаг.
Энэ бүгдийг өнгөцхөн харахад нэгдүгээрт, эдгээр хасалт нь намын дотоод амьдрал, дотоод асуудал мөн нь ч мөн. Хоёрдугаарт, намыг нь маш шударга, зарчимч мэт харагдуулдаг байж болно. Гэвч хууль зүйн талаас нь үзвэл хэсэг хүн хуйвалдаад олонхоороо юу ч хийж болдог, хууль, дүрэм зохиогоод юу ч хийж болно гэсэн сөрөг ойлголтыг нийгэмд төрүүлдэг. Сүүлийн үед Монголын нийгэм нэг л газраа цовхчоод байгаагийн хамгийн гол буруутан нь энэ болчихоод байна. Олуулаа нийлээд хууль зөрчиж болдог, олонх нь хүсч байвал хууль зөрчиж болно гэсэн энэ үзлээс болоод манай нийгэм хөгжиж чадахгүй байна.
Сангуудыг хуурайлж, ЖДҮ-г хулгайлсан гэх бүх асуудал бол олуулаа нийлж, өөрсдөдөө таатай хууль “хийгээд” тэрийгээ зөрчиж байгаа үйлдэл. Энэ бүгдийн эх бол намаас хасах гэсэн энэ хууль бус ажиллагаа юм.
Сонгууль дөхлөө. Одоо намын даргаасаа зөрсөн болгоныг намаасаа хасаад хасаад л явчихна. Ингэхээр намуудын хасалтууд цагаа дагаад идэвхжих нь тодорхой. Үүнээс л үүдэж эцэстээ нам хөгжихгүй байгаа юм. Нам гэх тодорхой зохион байгуулалттай нийгмийн институт ганцхан хүний хувийн компани болж хувирчихаад байна. Үүнээс үүдэж нам доторх олон ургалч үзэл, хоорондын шударга өрсөлдөөн гэх үнэт зүйлс байхгүй болчихлоо. Нам гэх ойлголт нийгэмд нэр хүнд муутай байгаа нь үүнтэй холбоотой л доо.
Даргынх нь санаатай санал нийлэхгүй гишүүн байвал толгой дараалан зайлуулаад байвал яаж тэр нам хөгжих вэ дээ. Хоорондоо эрсэлдэж, тэрсэлдэж, хурцлагдаж байж нам хөгжинө. Нам хөгжих нь алсуураа нийгэмд тустай. Шударга, ил тод, үзэл бодлын элдэв зөрчилдөөн дундаасаа нэгийг нь гаргаж ирж, түүнийгээ дагадаг. Намд ийм хэлбэр байхгүй болчихоод байна. Маргаан мэтгэлцээний зарчим алга болчихож.
Нам бохир байхаар Монгол төр тэр чигтээ бохир болоод байна. Үүнээс болоод намын нэр хүнд ард түмний дунд уначихсан. Голлох хоёр нам нийлээд ч нийгэм дэх рейтинг нь 20 хувьд хүрэхгүй байна гэсэн судалгаа гарчихсан байгаа нь үүнийг баталж байгаа юм. Ингэхээр намыг хуулийн дагуу ном дүрмээр нь байгуулж, ажиллуулахдаа Үндсэн хуулиар иргэнд олгогдсон баталгаатай эдлэх эрхийг зөрчихгүй байх нь энэ цаг үед гол асуудал болчихлоо.
Д.Гансаруул
Эх сурвалж: Өдрийн сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих