Манай улс 196 улстай дипломат харилцаа тогтоожээ. Түүнээс одоогоор 32 улсад Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажиллаж байна. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улс Элчин сайдаа ч томилж чадахгүй нөхцөл байдал үүсчээ. Элчин сайд томилох асуудлыг Ерөнхийлөгч, ГХЯ-наас санал оруулж, УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцдэг. Гэвч тэд томилох хүн дээрээ тохиролцож чаддаггүй, улс төрийн ашиг сонирхол бүхий шахааны хүмүүс оруулж ирдэг учраас томилгоо гацсаар байна. Энэ нь улс орны албан ёсны гадаад харилцаанд тодорхой хэмжээнд нөлөөлдөг боллоо.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 улсад суух Элчин сайдын нэрсийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж дэмжээд байв. Улмаар Ерөнхийлөгчид уламжлахаар болсон. Ерөнхийлөгч ч дэмжсэн байдаг. Тодруулбал, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар Ц.Цэнгэлийг, Чех улсад Д.Гансүхийг, Францад Б.Болормааг, Унгарт Б.Мандахбилэгийг, Ардчилсан Солонгос Ард Улсад М.Ганболдыг, Итали Улсад Б.Батцэцэгийг, Энэтхэгт Ч.Бүрэнбаярыг, БНСУ-д Ц.Өнөрзаяаг, Киргизэд Ч.Баттөмөрийг, Беларусь Улсад Б.Баярсайханыг, Арабын Нэгдсэн Эмират Улсад Д.Ганболдыг томилохоор дэмжсэн байдаг. Улмаар энэ асуудлыг парламент хэлэлцэхээр товлоод байв.
Гэвч МАН-ын бүлэг 11 Элчин сайдаас хоёрыг нь дэмжээгүй, “голсон” гэхэд болно. Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаяр хэтэрхий өндөр настай, Төрийн албаны тухай хуульд тавигдах наснаас өндөр байгаа учраас дэмжих боломжгүй гэжээ. Мөн БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Өнөрзаяаг томилохыг дэмжсэнгүй. Учир нь түүнийг дипломат албанд ажилласан туршлагагүй учраас томилох боломжгүй гэсэн байна. Ингээд үлдсэн есөн Элчин сайдын асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн батлах байв. Гэсэн ч тэгж чадсангүй. Учир нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь зүтгүүлж байсан хоёр Элчин сайдын асуудлыг МАН унагасан учраас тэгсэн үү, Төрийн тэргүүн гэнэт л саналаа татчихсан.
Түүнчлэн Ерөнхийлөгч дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид Элчин сайдаар томилуулах асуудал гацчихсан байгаа. Засгийн газар энэ саналаа татаж аваагүй байгаа тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдэж байв. Тиймээс МАН-ын зүгээс Н.Анхбаярыг томилсон тохиолдолд Ч.Бүрэнбаяр, Ц.Өнөрзаяа нарыг дэмжинэ гэх тохиролцоог яриад эхэлсэн тухай мэдээлэл ч байна.
Нэр дэвшигч Ч.Бүрэнбаяр нь Энэтхэгт төрж, өссөн, эх орондоо ирээд монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжил эзэмшиж, Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооноос гадна Ерөнхийлөгч Н.Багабандийн орчуулагчаар ажиллаж байжээ.
Харин Ц.Өнөрзаяа нь БНСУ-д олон улсын эрхзүйч, олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн байна. БНСУ-д амьдарч буй монголчуудад хууль зүйн туслалцаа үзүүлдэг гэнэ. Мөн тэрээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн охин юм байна. Ийнхүү Элчин сайд нарыг томилох асуудал улс хөшигний ард тохироонд хүрч чадахгүй учраас хойшилсоор байгаа бололтой.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих