Давхар дээлээ дан болгоод удаагүй байгаа
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг эх оронч, их бүтээн байгуулагч
царайлчихаад ардаа их мөнгөний асуудлыг нааш цааш болгосон нөхөр гэж
хардах хүмүүс төрийн ордонд их бий. Хардахгүй байхын ч аргагүй. Учир нь
Х.Баттулга өөрийн зөвлөх Ч.Ганбатынхаа "Liberty partners” гэгч компанид
2.5 сая доллар өгснийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч баталдаг.
Тодруулбал ажлаасаа чөлөөлөгдөх болсон Х.Баттулгын асуудлыг Байгаль
орчин хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан
хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэлээд анхаарал татах
зүйлийг ярьсан юм.
Тэрбээр "Таван толгойг гартаа оруулах гэж Х.Баттулга оролдоод Орос,
Хятад, Солонгос гээд баахан орнуудтай зэрэг хэлэлцээр хийгээд, гэрээ ч
байхгүй улс орны харилцаа ч байхгүй болгосон хүн л дээ. Х.Баттулгыг
зүгээр нэг давхар дээлнээс болоод Засгийн газраас гарч байна гэж
ойлгохгүй байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй
болж, эдийн засаг уналтанд ороод ирэхээр сая Солонгост сүйрсэн онгоцны
капитан шиг багаа хаяад зугтаж байна л даа. Ийм л юм хийдэг хүн. Чи мөн
ч их муухай юм хийсэн дээ Х.Баттулга аа… Маккензи гэдэг компиар 12 сая
доллараар төмөр замын урьдчилсан судалгаа маягийн юм хийлгээд тэр 12 сая
доллараас өөрийнхөө зөвлөх Ганбат гэдэг хүнд 2 сая доллар өгчихсөн шүү
дээ. Одоо тэр Маккензигийн баримт бичгээс хэрэглэж байгаа юм байхгүй”
гэв.
Цаашлаад түүнийг чөлөөлөх биш, төмөр замын асуудлаар хариуцлага ярьж огцруулах ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлсэн.
Үнэхээр 2011 онд төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдаж
байх үед Х.Баттулга "1000 км замыг хоёр жилийн дотор барина” гэж хэлж
байлаа. Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар асуухад "Концессийн хууль
байна. Зээл байна. Ерөнхийдөө концессийн хуулийн дагуу явна. Хөрөнгө
оруулагчид ихэд сонирхож байгаа. Орос, Хятад, Солонгосын тал урьдчилсан
байдлаар оролцоно гэдгээ илэрхийлээд байгаа” гэж хариулж байсан нь
хөдлөшгүй үнэн. Үүнээс шинэ төмөр зам төслийг татвар төлөгчдийн мөнгөөр
биш хөрөнгө оруулагчдын мөнгөөр шийдэх юм байна гэсэн ойлголтыг хаа
хаанаа авсан билээ. Гэтэл өнөөдөр төмөр замд төрөөс хөрөнгө оруулалт
хийгээгүй учраас ажил явахгүй байна гэсэн тайлбарыг өгөх болсон. Тэр ч
бүү хэл хувийн хэвшил ажлаа эхлүүлээд явж байсан төслийг зогсоогоод 80
гаруй тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт гарлагдсан байдаг. "Энержи ресурс”
ХК төмөр замаа 500 сая долларт багтаан өөрийн хөрөнгөөр босгоно гэж
байсан бол түүнийг нь булааж авсан төр 900 сая доллараар бүтээн
байгуулна гээд Чингэс бондын хөрөнгөөс 400 тэрбум доллар авахаар
батлуулаад явж байна. Энэ мэтээр төмөр замын ажилд Х.Баттулгын хийсэн
будлианыг Монголын ард түмэн, Засгийн газартайгаа хамт үүрнэ гэдгийг
Ц.Нямдорж хэлсэн юм.
Таван толгойн төмөр замыг заавал өргөн царигаар тавина гэж Х.Баттулга
өөрийн болон өрөөлийн намынхантайгаа нэлээд үзэлцсэний эцэст арга буюу
үнэнд гүйцэгдэж Монгол Улсын Засгийн газар Хятадад нийлүүлэх нүүрсний
тээврийн өртөгийг хямд байлгах зайлшгүй шаардлагаар нарийн царигтай зам
тавихаар асуудал оруулж ирсэн.
Харамсалтай нь Монгол Улс төмөр замын хэрэгцээгүй төлөвлөгөөнд 12 сая
доллараа салхинд хийсгээд хоцрох боллоо. Энэ 12 сая доллараас 2 сая
доллар салгаж чадсан "Liberty Partners” гэгч ямар компани вэ гэж
сонирхох хүн олон байгаа биз.
Тэгвэл ямар ч тендергүйгээр 2 сая доллар салгаж чадсан тус компанийг
үүсгэн байгуулагч Чулуунхүүгийн Ганбат нь Х.Баттулгыг Зам тээврийн
сайдаар ажиллаж байх үед зөвлөх нь байсан залуу ажээ.
Тэрээр АНУ-ын Колумбиагийн Их сургуулийг төгссөн, Нью Иоркын Commerzbank
AG-д хөрөнгө оруулалтын мэргэжилтээр таван жил ажиллаад улмаар
Х.Баттулгын зөвлөх болж, төд удалгүй гадаадын хөрөнгө оруулагчдад
зуучлах, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг гэх "Liberty
Partners” компанийг үүсгэн байгуулсан нэгэн гэнэ.
Юутай ч илэрхий ашиг сонирхолын зөрчилтэй этгээдэд зөвлөх үйлчилгээний
хөлс нэрээр 2 сая доллар өгсөн гэдгийг УИХ-ын гишүүн барин тавин хэлж
байхад АТГ, хууль хяналтын байгууллага яагаад хөдлөхгүй байна хэмээн
гайхах хүн олон байна.
Иймээс Х.Баттулгыг зөвлөх асан, өдгөө "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”
төрийн өмчийн оролцоотой хаалттай хувьцаат компанийн ТУЗ-ын даргын
албыг хашиж буй, "Liberty Partners”-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганбатыг АТГ
шалгах цаг нь болжээ.
Эх сурвалж: http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13178
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих