Дэлхийн хамгийн алдартай гэмт хэргийн сэдэвт, туульсын кино болох “Загалмайлсан эцэг”-ийн домог болсон шалтгаан нь түүний төгс кино хэл, бэлгэдэлдээ бий гэлцдэг. “Загалмайлсан эцэг”-ийн хамгийн алдартай бэлгэдэл бол “жүрж”. Кинонд жүрж ямар нэг хэлбэрээр харагдах үед залгаад ямар нэгэн аллага, хурц үйл явдал өрнөдгийг гярхай үзэгчид ажиглажээ.
Киноны нэгдүгээр ангид Дон Корлеониг жимсний захаас жүрж худалдан авсны дараа амь насанд нь халддаг. Хоёрдугаар ангийн дунд хэсэгт гэр бүлийн толгойлогчдыг хоморголон хядахын өмнө ширээгээр нэг жүрж өнхөрдөг. Гуравдугаар анги дээр Дон Алтобелли дуурийн театр дахь аллагын захиалга өгөхөөр Сицилийн зандалчдын гэрт зочлохдоо алуурчны хүүд жүрж шидэж өгдөг. Уран бүтээлчид нь санаатай хийсэн ч биз, үгүй ч биз. Ямартай ч энэ кинон дээр жүрж хурц өрнөлийн өмнө заавал гарч ирнэ.
“Загалмайлсан эцэг”-ийн бэлгэдлийг санагдуулам нэгэн сонин үзэгдэл манай улс төрд сүүлийн арваад жид ажиглагдах болжээ. Монголын улс төрд ямар нэгэн хүчтэй хөдөлгөөн, эргэлт гарахын өмнө ёс юм шиг оймс үзэгдэх болов. Энэ ертөнцөд санамсаргүй зүйл нэгээхэн ч үгүй. Энэ өнцгөөс харвал манай улс төрийн гарцаагүй чухал бэлгэдэл бол оймс.
Намбарын Энхбаярын “бор оймс”
Урьд нь монгол төрийн удирдагчдыг дандаа л гаднын захиалга даалгавраар ялладаг байлаа. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө АТГ болон цагдаагийн 300 гаруй албан хаагч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан. Монголын төр монгол удирдагчаа анх удаа яллах гэж буй нь энэ. Урьд нь Ю.Цэдэнбал даргыг ялласан гэдэг ч, үнэндээ нам нь эгнээнээсээ хавчин гаргасан хэрэг болсон билээ. Хууль, хүчнийхэн туршлагагүйтсэн үү, эсвэл хэт улайрсан уу, ямартай ч энэ баривчилгааны үеэр Ерөнхийлөгч асны “оймсыг нь гозойлгож” орхисон.
Н.Энхбаярын энэ бор оймс Монголын улс төрийг замбараагүй дээр нь эмх замбараагүй болгож орхисон.
Түүний оймсноос зүүгдсэн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар хууль тогтоогч болж, улс төрийн үхдэл болох нь бараг л тодорхой болж намдаа шахагдаад байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал, Л.Цог нарт ахин босох гишгүүр болсон. Хуучин намаасаа “Х” үсэг сугалан авч үлдэн байгуулсан нам нь гуравдагч хүчний орон зайг бараг л эзэлж чадсанаар барахгүй, УИХ-ын сонгуулиар нэр төртэй санал хувааснаар барахгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийг ч “будлиантуулах” дөхөв. МАХН-ын хийж буй улс төрийн тоглолт улаан цайм, ул суурьгүй болсоор байгаа.
Товчхондоо бор оймс Монголын улс төр улам л үнэ цэнэгүй, увайгүй, популист болохын ёр байв.
Лүндэгийн Наранбаатарын “хар оймс”
Улсын мэргэн харваач Лүндэг агсны хүү, уул уурхайгаар мэргэшсэн эдийн засагч Л.Наранбаатар есөн настайгаасаа харвасан ч 2016 оны гуравдугаар сарын 31-нд УИХ-ын дарга З.Энхболд руу оймсоо тайлж шидэхдээ онож чадаагүй юм.
Л.Наранбаатар: Монголын ард түмнийг ядууруулж, өрөнд оруулсан...
З.Энхболд: Манайд иймэрхүү өвчтэй хүмүүс зөндөө байдаг юм ш дээ.
(Энэ үйл явц гадаадын олон зочдын өмнө, Эдийн засгийн форумын хаалтын үеэр болсон)
Тавантолгой төслийг урагш явуулахгүй гэсэн З.Энхболдод бухимдлаа илэрхийлсэн нь энэ. Л.Наранбаатарын хар оймс харамсалтай нь зөвхөн ганц улстөрчийн бухимдал байсангүй. Сонгуульд тулган сонгуулийн хуулийг өөрчилж, ёстой л дураараа дургих шиг болсон АН-ын түүхэн ялагдлын цондон байв. Ялагдсан АН-д шийдвэртэй шинэчлэл хийгдсэнгүй. Улс төрийн унтаа байдалд байсаар дараагийн сонгуулийн аманд ирэв.
Оймсдуулсан З.Энхболд дарга нь улс төрийн дээд тавцанд байсан хэвээр. Тэр сонгуультай залгуулаад Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байв. Харин 2019 оны шилдэг эдийн засагч Л.Наранбаатар нь бусдыг залилсан хэрэг нь илчлэгдээд шүүхдэж яваа мэдээлэл цацагдсан.
Товчхондоо “хар оймс” Монголын улс төр улам бүр эрээ цээргүй, эз түрэмгий, популизмд дөрлүүлэхийн цондон байв.
Н.Баярсайханы “саарал оймс”
АТГ-ынхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханы өрөөнд 2017 онд нэгжлэг хийсэн бичлэгээ 2019 онд цацав.
Түүний өмссөн урт түрийтэй саарал оймсны завсраас комиссарууд 10 мянган ам.доллар олжээ. Монгол мөнгөөр бол 27 сая орчим төгрөг. Хил, хорио цээрийн хяналт гэдэг ойлгомжтой. Өндөг, мах зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүйн тулд, бас алдагдсан чанарыг нь мэдэгдүүлэхгүйн тулд иргэн хахууль өгдөг байсан нь хэн ч харсан ойлгомжтой.
Н.Баярсайхан бол Монголдоо анхдагч “HiFi Records” хөгжмийн дэлгүүрийн эзэн, өөрийн лэйбелийг хөгжүүлсэн, амьд хөгжмийн ертөнцөд чамгүй нөлөөтэй эрхэм билээ. Гэтэл энэ бизнес нь түүнд хангалттай байсангүй бололтой. Төрийн албанд орж, өөртэйгөө адил баялаг бүтээгчдийн халаасыг “сэгсрэх” зам сонгожээ. Энэ бол манай өнөөгийн нийгэмд түгээмэл тохиох дүр. Харин түүний оймс юу ёрлож, юу цондогнож, юу зөгнөсөн нь одоохондоо тодроогүй байна. Өмнөх бор, хар оймсноос л илүү өөдтэй юм зөгнөөгүй нь ойлгомжтой.
Бэлгэдэл
Бор, хар, хөх гурван өнгийн оймс. Манай нийгэм хөлөөсөө биш, толгойноосоо өтөж буйн бэлгэдэл болжээ. Шинэ жилээр оймсоо өлгөж, өвлийн өвгөнөөс бэлэг хүлээдэг заншил манайд нэгэнт нэвтэрсэн. Харамсалтай нь энэ гурван өнгийн оймсонд лав олигтой бэлэг ирсэнгүй. Эд гэдэг тэгээд эдэлсэн эзнээсээ болдог хойно доо.
Я.БАЯРАА
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих