“Босоо хөх Монгол” гэх төрийн бусынхан их үндсэрхэг үзэлтэй. Гэхдээ тэд орос, англи, америк гэж нэг их үзэлцээд байдаггүй. Хятад хүмүүсийг л айхавтар хэлцгээж байгаа дуулддаг. Одоо бол шал өөр цаг үе бидний өмнө тулж ирээд байна. Урд хөршид тахал дэгдлээ. Хятад бол бидний мөнхийн хөрш. Том зах зээл. Урд хөрш маань энэ өвчнийг дийлэхгүй бол монголчууд бидний хувьд мөхөлтэйгөө нүүр тулахад ойрхон болчихоод байна. Москвад найтаалгахад Улаанбаатарт ханиалгана гэсэн үг бий. Түүн шиг Бээжинд коронавирусийн халдвар тархсан нь бидэнд том аюул. Хэдий өнөөдрийг хүртэл илрээгүй нь бидэнд зол ч гэлээ анхаарал болгоомжоо сулруулж болохгүй. “Босоо хөх Монгол”-ынхон үнэхээр үндсэрхэг, эх орондоо хайртай л юм бол энэ тохиолдолд ядаж өөр байгаасай. Хятадад гарсан энэ өвчин хурдан дарагдаасай гэж залбираасай даа. Цаагуураа бас дэлхийн бусад улс орны төлөө, бүр цаашлаад Монголынхоо төлөө л залбирч байгаа хэрэг шүү дээ.
Учир нь өмнөд хөрш хэцүүдвэл бид бас хэцүүднэ. Идэж уух, өмсөж зүүх, олдог мөнгө бүгд байхгүй болно. Урд хөршөөс бараа авчирдаг, Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад бол шууд утгаараа хүндхэн тусч байгаа. Хятадттай хамгийн урт газар нутгаар хиллэдэг, эдийн засаг, гадаад худалдааны хамгийн их хамааралтай улс бол Монгол. Энэ байдал удаан үргэлжилбэл биднийг 1990 оны үе рүү шууд аваачихаар болж байна. Тарган цатгалан, цаг сайхан үеийн балайрлаа мартах хэрэгтэй. Омогшин бардамнаж, тэнгэрлэг заяагаа магтан дуулах чинь та бүхний хэрэг.
Урд хөрш өвчнөө дийлээсэй гэж хүн бүр ямар тус дэм байна, дэмжих хэрэгтэй. Урд хөршид амьд адуу гаргахгүй гэдэг, урд хөршийн дарга ирэхэд тосч гүйж эсэргүүцдэг, урд хөршийн хөрөнгө оруулалттай уурхайг цагдаа, тусгай хүчнийхэнтэй очиж хаадаг манай төрийн удирдлагууд Хятадаар улс төр хийхээ түр зогсоогоод байх шиг байна. Манай гадаад харилцааны яам ч хөрштэйгөө зөв ойлголцож, тэнд байсан иргэдээ бусад улс орнуудаас эхний ээлжинд авчирлаа. Найрсаг харилцаагаа бататгаж, зөв бодлого явуулж байна. Манай ард түмэн ч ингэж улстөржиж хийрхдэгээ болих хэрэгтэй. Ухаарлын түвшинд нийтээрээ очих хэрэгтэй. Ямар улс орон өөрийн улсыг, өөрийн улсын иргэнийг нэн тэргүүнд тавих ч найрсаг хамтын ажиллагаа, энэ дэлхийн улс орон болгон биенээсээ хамааралтай болсон дэлхийд алсыг харж, төр засгаасаа эхлээд энгийн иргэд ч ухаалаг бодлого явуулах хэрэгтэй.
Тэнд дэгдсэн аюулт өвчин хурдан дарагдвал бид сэтгэл амар байж болно. Саяхан Монгол цэргийн нэгдсэн холбооныхон хандивын аян өрнүүлж, чин сэтгэлийн дэм өгч байгаагаа илэрхийлж, өнөөх хандивыг Ц.Тогоо генерал Хятадын элчинд гардуулна лээ. Тун сайхан санагдав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Венруй “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж монголчууд хэлдэг хэмээн талархлаа илэрхийлж байсан.
“Ялж яваа орос нөхдөдөө арван сайхан морь бэлэглэе. Хүн ялгах муухай, ялагдаж яваа Гитлер хүүд нэг морь бэлэглэе” гэсэн хоёрдугаар дайны үед фронтод бэлэг илгээх үед нэг өвгөний хэлсэн үгийг ам дамжин ярьцгаадаг даа, бид. Эртнээсээ өрөвч зөөлөн сэтгэлтэй ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг дээ. Бидний тус тэр том гүрний тэр олон өвдсөн хүнд хүрэхгүй л дээ. Гэвч тусын бага, их гэж юу байхав. Хоорондоо таагүй харьцаатай байсан Япон улс гэхэд хамгийн түрүүнд тусламжийн гараа Хятадад сунгалаа. Энэ хоёр улсын үл ойлголцол магадгүй энэ тусаар цайрч, ойлголцох ч юм билүү. Бид ч бас Японд байгалийн гамшиг болоход тусламжийн гараа сунгасан. Одоо болтол тэд өчүүхэн тусыг мартаагүй. Тухайн үедээ манай зарим нэгэн ойворгон нөхөд “Бидний тустай тусгүй тэр хөгжсөн орон болно биз. Ялихгүй зусар баяжихад саад” гэлцэж байлаа. Гэвч өндөр хэмжээний айлчлал болох бүрийд Японы удирдлагууд Монголын тэр өчүүхэн хандив, тусламжийг заавал дурддаг. Бид нэг дэлхийд амьдардаг. Хэнд ч, хэзээ ч юу тохиолдохыг хэлж мэдэхгүй. Бусад улс орон энхийн цагт, элдэв гамшиг тохиолдоогүй байхад бидэнд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Авахаа тулахаар алгаа тосдог. Өгөхөө болохоор гэдийгээд байж боломгүй.
Хятадад Монгол Улсын Засгийн газар 200 мянган доллар өгсөн. Бид бусад улс орноос үргэлж тусламж гуйж байдаг. Зовох цагт нь тусаллаа гээд ямар асуудал байхав. Дандаа гуйж байна гэж юу байхав. Хятадад төгсөгчид, Ухань хот дахь Монголын оюутны холбоо, Уханьд төгсөгчдийн холбоо, БНХАУ дахь Монголын оюутны нэгдсэн холбоо Мөнхийн хөрш-энхийн тусламж” аяныг хамтран зохион байгуулж, хандивын аян өрнүүлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Монголын элчингээр дамжуулан хүлээлгэн өгчээ. Мөн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим бизнес эрхлэгчиддээ уриалан аян өрнүүлснээр 140 сая төгрөг цуглаж БНХАУ-д хандивлажээ. Хандивын аян цаашид ч үргэлжилнэ. Хичнээн сайхан санагдав. Боломж бололцоогоороо хөрш орондоо туслахыг хүсч байна. Хятадууд Монгол Улсын Засгийн газрын тусламжийн талаарх мэдээллийн доор сэтгэгдлээ үлдээжээ. “Сайхан сэтгэл нь монгол хүний үндсэн чанар юм”, “Чингис хааны үр ач нар”, “Хятад мэдээж энэ мөнгөөр дутахгүй. Гэхдээ чухал цагт гараа сунгах анд нөхдөөр дутна, Монгол Улсыг дэмжиж байна. Мөнгөний их бага чухал биш, сэтгэл чухал.
Тэр ч бүү хэл өөр улс орнуудтай биднийг харьцуулж ирээд магтсан байна. Урд хөрш энэ вирусийн халдвартай маш сайн тэмцэж байгаа. Улстөржиж шаагихаа түр азна. Одоогоор хорь гаруй улс Хятадад тусламжийн гараа сунгажээ. Гэтэл бид хажууд нь мөнх байна гээд бод доо. Тэдэнд хичнээн үндсэрхэг үзэл гарган улстөржлөө ч тэр улс байдгаараа л оршин тогтнож, хүн ам нь өсдөгөөрөө л өснө. Энэ хүнд үеийн ард ч тэд ажиггүйхэн гарчихна. Амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Тэд коронаг ялвал бид ч бас ялснаас ялгаагүй.
Д.Мөнгөндалай
Эх сурвалж: Өдрийн сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих