Эрээ цээргүй улстөрчид цас ханзрахтай зэрэгцэн "амь” орж эхлэв. Мэдээж сонгуулийн сүр дуулиан дор тэд ийнхүү ичээнээсээ гарч ирж байгаа нь тэр ээ. Цагтаа Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдож, сайд дарга хийж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон эрхмүүд эхнээсээ ийнхүү "гэсэж” байна. Энхийн цагаан тагтааны дүрээр сонгогч бидний алган дээр буух гэж их сайхан дүр бүтээж байх юм.
Тухайлбал, Р.Эрдэнэбүрэн байна. Цагтаа УИХ-ын гишүүн болж төр түшилцэж яваад 2012-2016 онд Ардчилсан нам засаглахад Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ хугацаандаа Дундговь аймгийн зарим сумдад хэрэгжүүлсэн "Шинэ сум” төсөлтэй холбогдуулан хуулийн байгууллагаас түүнийг шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл илэрсэн тул Эрүүгийн хуулийн 22.10-ын нэг дэх хэсгийг үндэслэн яллагдагчаар татсан.
Мөн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Р.Эрдэнэбүрэн "Номин констракшн” компаниас 380 сая төгрөгөөр орон сууц, гараашийн хамт худалдан авсан санхүүгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй тул эрүүгийн хэрэг үүсгэж байв. Тиймээс 2016 оны дөрөвдүгээр сард түүнийг "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн шалгаж байсан юм. Гэсэн ч 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялалт байгуулсны дараа өнөө "цагаан захтан” маань Төрийн ордноор эргэлдэх болсон. Төрийн ордныг гороолсны хүч гэх үү ямартай ч 2018 оны наймдугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Р.Эрдэнэбүрэнг цатгаатгасан шийдвэр гаргасан. Прокуророос харин үүнийг нь эсэргүүцэж байсан билээ. Гэтэл тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Дундговь аймагт "Шинэ сум”-аа ярьсаар явна. "Шинэ сум” хуудуутай гээд шалгагдаж явсан ч өөр олигтой сэдэв олдоогүй бололтой. Ямартай ч АН-аас тэрбээр сонгуульд нэр дэвшихээр болж дэнчингийн 100 сая төгрөгөө малчдаас гаргуулаад амжсан. Дундговийн мянгат малчид түүнийг төрд илгээх хүсэлтэй тул өмнөөс нь мөнгийг нь бүрдүүлж өгч байгаа гэдэг инээдтэй ч юм уу, эмгэнэлтэй ч гэмээр нэгэн жүжгийг тоглолоо. Ямартай ч нэр дэвших "сэрэл” нь хөдөлж, малчдыг ч хөлдөө чирээд эхэлсэн байна.
Удаахь нь Төв аймгийн Ардчилсан намын дарга асан Д.Доржпүрэв юм. Тэрбээр Төв аймагт улс төрөө эхлүүлсэн ч хоёр ч удаагийн сонгуульд тахим буулгасан. Нэг үгээр хэлбэл ялагдаж сурсан улс төрч. Харин энэ удаа гурав дахиа өрсөлдөхөөр зэхэж байгаа бололтой. Уг нь түүнийг 2016 оны есдүгээр сард Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа өөр хоёр хүний хамт мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр цагдан хорьж байв. Тэрбээр "ДЦС-3" ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд "Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.долларын санхүүжилт авсныхаа нэг сая ам.долларыг нь завшсан хэрэгт буруутгагдсан. Түүнчлэн эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын "Hunan industrial equipment installation" гэх компанитай ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан хэмээн тухайн үед бичигдэж байв. Хамгийн ноцтой нь ихээхэн хэмжээний мөнгийг өөрийн байгуулсан "Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан нь мөнгө угаасан үйлдэл байж болзошгүй гэж үзэн шалгаж эхэлсэн байдаг. Гэсэн ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч хэргийг хэрэгсэхгүй болгох санал прокурорт гаргасан гэх мэдээлэл бий. Ингэж л ард түмний татвараар бүрдсэн төрийн мөнгийг уйлахгүй гэж үзэгсэд сүрэг сүргээрээ Монголын парламент руу жирийлгэж эхэллээ. Тэр бүү хэл өглөгийн эзнээр тодорч Эрүүл мэндийн яаманд 20 сая төгрөг хандивлаж байгаа харагдсан. Тэр зэргийн мөнгийг зувчуулсан юм бол энэ зэргийн мөнгөөр нүглээ цайруулчихад болохгүй юм байхгүй. Сонгуулийн дуулианаар цагаан захтнууд ийнхүү сэрж, дөрвөн жил ард түмнээ мартагсад гэнэт бидэнд хайртай болж хамгийн ариун дүрээр хаалгыг чинь тогтож сууна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих