-Та бид хоёрыг ярилцахаас өмнөхөн манай мэдээллийн хөтөлбөрөөр сайд асан М.Энхсайханы Тавантолгойн талаар ярьсан сурвалжлага гарлаа. Тэрээр хэлэхдээ “2015 оны гэрээг зогсоогоогүй байсан бол Тавантолгой одоогийнхоос гурав дахин их ашиг олж, Боловсруулах үйлдвэрээ бариад, төмөр замаа барьчихсан байх байлаа гэсэн. Гэтэл тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд үүнийг зогсоосон гэдэг зүйл ярьсан?
-М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гурав хүмүүсийн толгой эргүүлэхээ одоо болих хэрэгтэй. Маш ойлгомжтой юм шүү дээ. Ж.Оджаргал гэдэг найздаа, Хятадын Шиньхуа гэдэг компанид үнэ төлбөргүйгээр, монголчуудыг 200 жил тэжээх уурхайг үнэгүй өгөх гэж байгаад баригдсан улс. Үнэгүй өгөөгүй учраас өнөөдөр бид төмөр зам тавьж байна, үнэгүй өгөөгүй учраас иргэн бүр өнөөдөр ногдол ашиг авч байна. Тэр дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гээд байгаа нь ямар ч хэрэггүй байсныг дараачийн таван жилийн үр дүн баталж байна.
-Энэ Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувь дээр IPO гаргах ажлыг эхлүүлж байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сүүлийн үед энэ талаар их ярьж байна?
-IPO гэж юу гэсэн үг юм бэ? “Эрдэнэс Таван толгой” миний өмч бас чиний өмч. Мөн Монголын Засгийн газрын өмч. Өөрөөр хэлбэл, 80 хувь нь Засгийн газрын өмч, үлдсэн 20 хувь нь ард иргэдийн өмч. IPO гаргана гэдэг бол (Initial Public offering) анх удаа хувьцаа гаргах гэж байгаа үйлдэл. Тухайлбал, сая Л.Эрхэмбаярын компани хувьцаа гаргалаа шүү дээ. “Түмэн шувуут” анх удаа хувьцаагаа ард түмэндээ зарлаа. Би хүртэл нэг сая төгрөгийн хувьцаа худалдан авсан. Л.Эрхэмбаяр компанийхаа 100 хувь эзэн байж байгаад хэдэн хувийг нь ч юм бэ хувьчлахыг хэлээд байгаа юм.
IPO гэдэг бол зүгээр л хувьчлал. Өмч хувьчлал. “Эрдэнэс Таван толгой” компанийн 30 хувийг хөрөнгө оруулагчдад зарахыг хэлж байгаа юм. Олон улсын зах зээл дэээр байна уу, дотоодын зах зээл дээр байна уу ялгаагүй хувьчлал байхгүй юу. Өмч хувьчлал.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг зарах гэж байгаа юм бол 2,5 сая хувьцаа эзэмшигчдээсээ асуух ёстой. Та нарын хувьцаа эзэмшиж байгаа компанийн 30 хувь буюу хэдэн зуун сая хувьцааг чинь би зарах гэж байна аа гэж. Д.Сумъяабазар анх 2018 онд УИХ-д танилцуулахдаа “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг таван тэрбум ам.доллараар зарна гэж явсан юм. Тэгээд УИХ-аас зөвшөөрлөө авсан юм. Одоо хэдээр зарах гэж байна гээч. Нэг тэрбум ам.доллараар буюу үнэ нь тав дахин уначихаад байхад зарах гэж байна. Тав тэрбум ам доллараар зарах гэсэн бол зөвшөөрч болно, нэг тэрбум ам.доллараар бол болохгүй. Чиний машиныг 50 сая төгрөгөөр зарна гэж 2018 онд хэлж явчихаад 2020 онд ирэнгүүтээ “Өө, машин чинь хуучирчихсан. 10 саяар зарна” гэвэл чи зарах уу.
- Та яагаад УИХ, Засгийн газраар хэлэлцсэн зүйлийг хууль бус гэж үзэж байгаа юм бэ?
-Хууль бус гэж үзэж байгаагийн учир нь энэ компанийн хувьцаа эзэмшигч 2.350.000 монгол хүнээс асуугаагүй. Хуулийнхаа дагуу тэдгээр хувьцаа эзэмшигчдээс нэг бүрчлэн асуух ёстой. Явсан бүх процесс нь хууль бус. 2018 оны зургаадугаар сарын 29-нд УИХ-ын тогтоол гарлаа. Хувьцаа эзэмшигч надаас, таниас асуугаагүй учраас хууль бус. 2019 оны долоодугаар сарын 9-нд Засгийн газрын тогтоол гарлаа. Бас хууль бус. Түүний дараа охин компани байгуулаад “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанид хөрөнгө оруулагч гээд нөгөө үнэ цэнэтэй лицензийг чинь үнэгүй өгчихсөн байгаа юм.
-Зүүн цанх уу?
-Хамгийн их кокжсон нүүрсний төвлөрөлттэй лицензийг үнэгүй өгчихсөн байна шүү дээ. Чи бидний хувьцаа эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н хамгийн үнэ цэнэтэй хэсгийг тасдаад өгчихвөл юу болох вэ. Тасалж авсан энэ “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийнхаа 30 хувийг зарах гээд байна шүү дээ. “Тавантолгой” гэдэг орд бол зургаан тэрбум 700 сая тонны нөөцтэй. Үүнийгээ хоёрт хуваая. Яагаад гэхээр тал нь кокс. Тэгэхээр гурван тэрбум 350 сая тонн нь үнэ цэнэтэй хэсэг нь гэсэн үг. Үүнийг өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” 16 сая тонныг зарсан. Цаана нь хэдэн жил ажиллах вэ гэдгийг тооцож гаргахаар 209 гэсэн тоо гарна. Энэ уурхай 209 жил ажиллана. Тэгэхээр 209 жил ажиллах уурхайг Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар үнэгүй өгч яваад баригдсан. Өнгөрсөн жил 16 сая тонныг нэг тонныг нь 70 ам.доллароор зараад нэг тэрбум ам.доллар оллоо. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” шүү дээ. Нэг тэрбум ам.долларыг төсөөлж байна уу.
-Одоо IPO гаргах гээд байгаа үнийн дүн биз дээ?
-Энэ бол ердөө ганцхан жилийн орлого. Нэг тэрбум ам.долларыг төгрөгт шилжүүлбэл өнөөдрийн ам.долларын ханш 2700 гэж үзвэл 2,7 их наяд болно. Өнөөдрийн дундаж цалин нэг сая төгрөг гэж үзвэл хоёр сая 700 мянган хүний нэг сарын цалин гэсэн үг.Үүнийг улсын төсөвтэй харьцуулъя. 2020 оны улсын төсөв 10,8 их наяд. Хөрөнгө оруулалт нь 1,6 их наяд. Тэгвэл хөрөнгө оруулалтын мөнгө дээр ахиад нэг их наядыг нэмэх хэмжээний хөрөнгө байгаа биз. Ийм уурхайгаа үнэгүй өгөх гэж оролдож баригдаад янз бүрийн юм ярьж байгаа юм. Ил уурхайг ажиллуулж чадах бүрэн боловсон хүчинтэй, техниктэй байж яах гэж гадаадынханд өгөх гээд байгаа юм бэ. Юм л бол гадаадын хөрөнгө оруулалт гэх юм. “Эрдэнэс Тавантолгой” 16 сая тонн нүүрс олборлож нэг тэрбум ам.доллараар зарахдаа ямар ч гадаадын хөрөнгө ашиглаагүй. Тэдний яриад байгаа зүйл бол энэ бүхнийг үнэгүй авахын тулд зохиосон үлгэр болохоос өөр юу ч биш. Бүх нотолгоо нь байна.
2015 онд Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар 6,7 сая тонны нөөцтэй “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь үнэгүй, зуун жилээр өгөх гэж байсан. Одоо бас арай сайжирсан. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар, Д.Сумъяабазар хоёр ямар схем зохиосон гэхээр 30 хувийг нь таван тэрбумаар зарна гэж орчихоод одоо нэг тэрбумаар зарахаар боллоо, үнэ өсөхгүй нь гээд байж байгаа юм.Үнэ өсөхгүй бол болиод л 2018 оны УИХ-ын 73 дугаар тогтоолоо хүчингүй болгох хэрэгтэй.
Яахав, гэхдээ байдал сайжирсан байгаа биз. Өмнө нь 100 хувь үнэгүй өгөх гэж байсан бол У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёрын төлөвлөгөө болохоор одоо бодитоор зарж чадах нэг тэрбум ам.доллар. Нэг тэрбум ам.доллар хаанаас гарч ирэх вэ гэхээр нэг жилд л олох мөнгө. Дээр нь 209 жилийнхээ нөөцийг өгч байгаа юм.
-Энэ ажлыг зогсоох талаар Таныг ажиллана гэж ойлголоо. УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож байж зогсооно гэсэн үг. Тэгэхээр бүлэгтэйгээ хамтарч ажиллана гэж ойлголоо. Зөв үү?
-Ардчилсан нам “Тавантолгой”-г хувьчлахгүй гэж байгаа юм. Тэр тогтоолоо өргөн барина. МАН хувьчилна гээд л зурагтаар ард түмнийхээ хувьцааг зарна гээд л хэрэлдэхгүй юү. Тэгээд хэн нь дийлэхээ үзье. МАН дотор бас миний найзууд байгаа. Энэ Үндсэн Хуулийн нэмэлтийн 6-гийн 2-т “Байгалийн баялаг бол ард түмний өмч” гэдгийг баталсан 40 гишүүн байна. Тэд намаасаа зөрөөд ийшээ орно. Би гарын үсэг цуглуулж байгаа шүү дээ. Карантинтай байгаа болохоор талбай дээр зогсоод зурах хориотой. Онлайнаар Энхболд.мн гээд миний вебсайт дээр ороод хүмүүс гарын үсгээ зурж болно.
Ярилцсан: Сэтгүүлч О.Бямбагэрэл
Эх сурвалж: "NTV" телевиз
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих