Дэлхий нийтээрээ айдас түгшүүрт автаад байсан Корона вирус Монголд орж ирээд удаагүй байна. Урьдчилж тѳсѳѳлшгүй бас давагдашгүй үзэгдэл гэж юу болохыг дэлхий нийтээрээ харж мэдэрч байгаа. Хятадын Ухань хотод дэлгэрч эхэлснээс хойш монголчууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болгоомжилсоор байсан хэдий ч, давагдашгүй хүчин зүйлийн ѳмнѳ хүчин мѳхѳсдѳв. Алив зүйл ямагт хоёр талтай байдаг болохоор энэ үзэгдлийн сайн муу талуудыг дүгнэе л дээ.
САЙН ТАЛУУД НЬ:
1.Уламжлалт цагаан сар болон Март зэрэг баяруудыг урьдынх шиг нүсэр биш, цомхон хэрнээ аятайхан тэмдэглэж болох боломжтойг мэдрэв
2.Зѳрүүдлээд байгаа юм шиг хэрнээ яг цагаа тулахаар ЗГ болон УОК ын зѳв шийдвэрийг маш сайн даган мѳрдѳж чаддаг юм байна
3.Танхимын хэт уйтгартай сургалтаас гадна онлайн сургалт ашиглан ѳѳрсдийгѳѳ хѳгжүүлж болохыг үзэж мэдрэв
4.Шаардлагатай үед зарим ажлуудыг гэрээсээ гүйцэтгэх нь, хѳдѳлмѳрийн бүтээмжинд муугаар нѳлѳѳлдѳггүйг ойлгож мэдрэв
5.Улс орны нийтлэг эрх ашиг дээр нэгдэж, бие биедээ шаардлага тавин, ѳѳрсдѳѳ хичээж сайн үр дүнд хүрч чадахаар юм байна
6.Гэр бүлдээ үр хүүхдээ тогтоон хүмүүжүүлэх гэдэг хичнээн амаргүйг ойлгох тусам сургууль цэцэрлэгийн хэрэгцээ шаардлагыг эерэг талаас нь ойлгож мэдэрч байгаа
7.Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн мэдээллийн тэнцвэртэй байдлууд хийгээд чанарын талаар нилээд сайн ойлголттой болсон байх
МУУ ТАЛУУД НЬ:
1.Сошиал дээр хэт бараан мэдээллүүд түгээж, хүмүүсийг сэтгэл санааны хямралд автуулдаг хүмүүс цѳѳнгүй байна. Aлив зүйлийн сайн талыг биш, дандаа сѳрѳг талаас нь харан дургүйцэж байдаг цѳѳн хүмүүс анзаарагдаж байна
2.Хэнэггүй хандлагаасаа шалтгаалан дүрэм журмыг заавал зѳрчихдѳѳ "Аргалж болно” хэмээн сэтгэдэг хүмүүс цѳѳнгүй байна
3.Яг асуудал хурцдаад ирэхээр ѳѳрийн сэтгэлийн хѳѳрлѳѳ бусдад эрээ цээргүй тулган, хамтдаа үзэн ядахыг шаарддаг олон хүмүүс сошиалд байна даа. Тэдий ихэнх нь ѳѳрийгѳѳ сошиалын ОД хэмээн тооцдог нь анзаарагдаж байна
4.Яаж ч учирлаад тайлбарт нь итгэдэггүй, зѳвхѳн ѳѳрийн хувийн эрх ашгаа тэргүүнд тавьдаг аминчхан хүмүүс цѳѳн биш байнаа
5.Нийтээрээ хѳѳрүү, хийрхүү хандлагад автдагаа багасгавал, бидэнд тун хэрэгтэй сэн. Яг асуудал хүндэрвэл муу тал руу турхирагчид цѳѳн биш байгаа юм байна.
Зорилготойгоор корона вирус авчирч тараагаагүй франц иргэнийг харааж зүхэн, үзэн ядах хэрэггүй дээ. Франц ч гэлээ гэр бүлтэй, ажил тѳрѳлтэй, амьдралаа авч явах гэж хичээж буй бидний л адил ХҮН. Хичнээн хариуцлагатай ажиллаж байсан хэрнээ алдаа гаргаж уг вирусыг түгээх боломж олгосон ЗГ, УОК буруутай хэдий ч, хэдэн сарын тэдний хичээл зүтгэлийг "нулимж” болохгүй. Тэд үнэхээр хичээж сайн ажиллаж байгаа. Мэдээж тодорхой хүмүүст хариуцлага тооцох байх. Хэн нэгэн хичнээн харааж зүхэж, халаглан гашуудаад ч байдлыг эерэгээр ѳѳрчилж чадахгүй. Харин бид улам л ухамсартайгаар дүрэм журмаа сахиж, ухаантайгаар ѳѳрсдийгѳѳ эрсдлээс хамгаалах хэрэгтэй болж байна. Миний хувьд, энэ корона вирус монгол хүнд тэгтлээ хүнд хэлбрээр тусахгүй байх хэмээн эерэгээр мѳрѳѳдѳж байна. "Тэнгэр заяатай”, "хѳх толботой” гэдэгтээ ч биш, нийтээрээ эрүүл чанартай хүнс хэрэглэдэг, хатуу ширүүн дѳрвѳн улирлын давтамжинд суусан дархлаа бидэнд сайнаар нѳлѳѳлж магадгүй. Магадгүй ийм тохиолдол нь монголчууд бидний давуу сайн талыг дэлхийд эерэгээр сурталчлах боломж ч болж мэдэх юм. Ѳѳдрѳг байцгаая монголчууд аа. Монголчууд бид ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ ард түмэн билээ. Ер нь тэгээд учирсан зовлон шаналал хүний мѳн чанарыг шалган илрүүлж байдаг юм шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Эх сурвалж: sonin.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих