Эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор Монголбанк мөнгөний бодлогоо нэг нэгж хувиар буулгаж банкуудын заавал байх нөөц хөрөнгийн хэмжээг хоёр хувиар буулгаснаа өнгөрөгч долоо хоногт зарласан. Ингэснээр зээлийн хүүгийн дарамт буурах уу гэсэн хүлээлтийг олон нийтийн дунд үүсгээд байна.
Өөрөөр хэлбэл, банкуудын Монголбанкинд байршуулсан мөнгөнөөс ойролцоогоор 300 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгө хүлээлснээс тайлагдаж байна гэсэн үг. Ингэснээр энэ мөнгийг дахин санхүүжилт хэрэгтэй хүндрэлд орсон зээлүүдэд дэмжлэг болж зарцуулагдах учиртай. Харин дээрх шийдвэр зээлийн хүү болон чанаргүй зээлийн хэмжээг бууруулахад нөлөөлөхгүй гэдгийг онцолж байна. Одоогоор коронавирусын халдварын тархалттай холбоотой хязгаарлалтаас үүдэж 4850 аж ахуйн нэгж зогссон байна. Мөн эдийн засаг саарч чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн эрсдэл нэмэгдсэн, хэмжээ тэлсэн, зээл хумигдсан, аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөгүй болсон, дахин зээл авахад бэрх, мөнгөний эргэлт саарсан, валютын орох урсгал зогссон, төгрөгийн ханш суларсан ийм үед Төвбанк ийнхүү бодлогын хүүгээ буулгалаа. Бусад улсад 0.25-0.5 хувьд хүргэж бодлогын хүүгээ бууруулдаг жишигтэй бол манайх нэг хувиар буулгана гэдэг Төвбанкны зүгээс харин ч том дэмжлэг хэмээн үзэж байна. Манай Төвбанкны зүгээс боломжит арга хэмжээг авч байгаа нь сайшаалтай.
Харин Засгийн газраас эдийн засгийг дэмжих бодлогын шийдвэр зайлшгүй хэрэгтэйг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар онцолж байна. Тухайлбал, Хятадын төв банк 115 тэрбум төгрөгийн зээлийг банкуудаараа дамжуулан аж ахуйн нэгж, иргэдэд олгосон. Мөн бизнесийн үйл ажиллагааг дэмжихийн тулд зээлийн хүүг тэглэж, мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх, төрийн зохицуулалтыг хөнгөвчлөх, татварыг бууруулж, бизнесийн байгууллагын санхүүгийн ачааллыг багасгах арга хэмжээнүүдийг авч байна. Харин Герман улсад богино хугацааны ажлын байрыг дэмжих, хүүгүй зээл олгох, татвар хөнгөлөх, аж ахуйн нэгжүүддээ 500 тэрбум еврогийн татаас олгож бизнесийн үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп онцгой нөхцөл зарлаж, эдийн засгаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласнаас хойш сүүлийн нэг сар тасралтгүй унасан биржийн үзүүлэлтүүд өсөлттэй болж ирсэн байх жишээтэй. Тэгвэл манай Засгийн газраас төсвийн хүрээнд боломж байгааг сангийн сайд тодотгож байв.
Гэхдээ хавтгайруулж болохгүй гэдгийг анхааруулсан. Учир нь банкуудад нийт зээлдэгчийн 20-30 хувь буюу 2-3 их наяд төгрөгийн зээлд хүндрэл үүсч асуудал яригдаж байгааг Монголын банкны холбооны зүгээс хэлж байна. Үлдсэн хувьд нь хүндрэл үүсээгүй гэсэн үг. Тиймээс Засгийн газар эдгээр том дүнтэй зээлд дэмжлэг үзүүлэх ямар нэгэн шийдвэр гаргасан тохиолдолд бусад хүндрэл үүсээгүй зээлийг хамруулж болох эрсдэл байгаа гэдэг үүднээс болгоомжилж болох юм. Гэхдээ өнөөдөр орлого нь буурсан, цалин тавих мөнгөгүй болсон аж ахуйн нэгжүүд банкинд хандахад банк тодорхой арга хэмжээг авах боломжтой. Харин зээлийн хугацааг сунгасан тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэх зэргээр хязгаарлалт хийхгүй байхыг Монголын банкны холбооны зүгээс хүсч байгаа юм байна. Түүнчлэн банкууд иргэний хугацаа хэтэрсэн зээлд алданги буюу нэмэгдүүлсэн хүү тооцох, торгууль ногдуулах шийтгэлийг хийхгүй гэдгээ тохиролцоод байгаа юм байна. Нөгөөтэйгүүр Засгийн газраас аж ахуйн нэгжид эдийн засгийн хүндрэлийг давах, дэмжлэг үзүүлэх ямар нэгэн шийдвэр гаргасан тохиолдолд Валютын сантай тохиролцоонд хүрэх нөхцөл үүсэх аж.
Эх сурвалж: Polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих