Наадмын талаар Р.Чойномын өвийг хамгаалах "Өд” сангийн тэргүүн Д.Ганболдтой ярилцлаа.
-Наадмаа яагаад "Оюухай” гэж нэрлэсэн юм бэ?
-Яруу найрагч Р.Чойном 1973 онд шоронгоос гараад Батноров суманд нэг хэсэг амьдарсан. Тэгэхэд өөр тийш явах эрх нь хязгаарлагдмал байсан. Энэ үед "Батноровын туужууд” хэмээх найман бүлэгтэй туужаа бичсэн.
Уг туужид "Оюухай” нэртэй 15 бүлэг эрихэн сонет байдаг. Оюухай нэртэй үзэсгэлэнт бүсгүй зохиол бичигдэх гол шалтгаан болсон юм билээ. Түүнчлэн оюун ухаан гэдэг үгийг хурдан хэлэхэд оюухай гэж сонсогддог доо.
"Оюухай” нь зохиомол нэр ч үг нь маш олон утгыг илэрхийлдэг байна. Нэг талаасаа оюун ухааны илэрхийлэл хэмээн үзэж, их найрагчийн нэрэмжит наадмыг "Оюухай” гэж нэрлэсэн юм.
-"Оюухай” яруу найргийн наадмыг хэд дэх удаагаа зохион байгуулах гэж байна вэ?
-Энэхүү яруу найргийн наадмыг 1993 оноос зохион байгуулсан. Тухайн үеийн Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Балдандорж санаачилсан юм. Энэ жил ес дэх удаагийнх нь болох гэж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Анхных нь Хэнтийн Өндөрхаанд болсон. Бэрх, Бор-Өндөрт ч хийж байлаа.
2006 онд Улаанбаатарт хийгээд түүнээс хойш найман жил завсарласан. Энэ удаа Р.Чойномын төрсөн нутаг Хэнтий аймгийн Дархан суманд наадмаа хийхээр шийдсэн.
-Хэр олон найрагч оролцох бол?
-Өнгөрсөн сарын 20 хүртэл яруу найрагчдын шүлгийг хүлээж авсан. Нийтдээ 90 гаруй хүн бүтээлээ ирүүлсэн. Оролцогч бүрийн бүтээлийг кодлосон. Нэг хүн гурван бүтээл эхний шатанд ирүүлэх гэхээр нийт 300 орчим бүтээлээс дараагийн шатанд оролцох 25 найрагчийг шалгаруулаад байна. Шалгарсан хүмүүс Дархан суманд болох наадмын төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцох юм.
Түүнчлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймгаас тус бүр хоёр найрагч ирнэ гэхээр дөч гаруй найрагч шүлгэн хүлгээ сойно гэсэн үг. Наадам дөрвөн шаттай явагдаж буйн сүүлийн гурван шат Дархан суманд болох юм.
-Наадмын хөтөлбөрөөс сонирхуулж болох уу?
-2016 онд яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ой болно. Тиймээс дараагийн наадмыг ч мөн Хэнтий аймгийн Дархан суманд зохион байгуулна. Энэ удаагийн хувьд олон жил завсарласны дараа болж байгаа гэдэг утгаараа төрсөн нутагт нь хийхээр шийдсэн. Оролцогчид энэ сарын 13-ны өглөө Улаанбаатар хотоос хөдөлж, найрагчийн төрсөн бууцан дээр очих юм.
Тэндээс "Оюухай” наадмын үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ. "Р.Чойномын нүүрний хэв” ном киноны нээлтийг орой нь хийгээд маргааш нь Р.Чойномын хөшөөнд цэцэг өргөх, түүний музейг үзэх, наадмын шагналтнуудыг тодруулах зэрэг арга хэмжээнүүд болно.
-Оролцогчдодоо насны ч юм уу ямар нэгэн хязгаар тавих уу?
-2006 онд болсон наадамд Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Цоодол, Ц.Чимиддорж нарын Монголын яруу найргийн томчуул оролцож байв. Ер нь хамрах хүрээний хувьд аль ч насныхан оролцох боломжтой. Учир нь яруу найргийг зөв төлөвшүүлэх, гоо зүйн мэдрэмж олгох, чөлөөт сэтгэхүйг залууст буй болгохыг бид эрмэлздэг. Чөлөөтэй сэтгэхэд насны ялгаа байдаггүй.
-Энэ жилийн наадмын давуу тал юу байх вэ?
-Их олон давуу талтай. Нэгдүгээрт, орон нутагт болох гэж байна. Хоёрдугаарт, тус наадмын нийт найман ялагч байдгаас тав нь амьд сэрүүн байна. Тэд бүгд урилгаар оролцох болно. Зохион байгуулагчдын зүгээс тэдэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа төлөвлөсөн. Чойном найрагчийн гурван охин наадамд ирнэ.
Бага охин нь шүлэг бичдэг. Өөрийн бичсэн шүлгээс наадмын үеэр уншина. Охид нь аавынхаа төрсөн бууцан дээр анх удаагаа очих гэж буй юм. Наадамд 90 гаруй хүн бүтээлээ ирүүлсний дийлэнх нь залуус. Тэгэхээр ахмад, шинэ, залуу үе үеийн төлөөлөл оролцоно гэсэн үг.
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллаж байна вэ?
-Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг ил зарладаггүй. Ирсэн бүтээл, оролцогчдыг ч мөн нууцлаж кодлодог. Тиймээс шүүгчдийн бүрэлдэхүүнийг зарлах болоогүй байна. Өмнөх наадамд яруу найрагч Ш.Дулмаа, П.Бадарч, Г.Мөнхцэцэг, Ж.Баяржаргал, Л.Дашням нар шүүгчээр ажилласан. "Оюухай” наадмыг арван хүн шүүдэг.
Эхний шатанд ирсэн оролцогчдын бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулах болон сүүлийн шатуудыг шүүх шүүгчид өөр өөр байдаг юм. Энэ нь нэгдүгээрт шударга, хоёрдугаарт, шинэлэг байх талаараа давуу юм.
-Наадмын бай шагнал ямар байх вэ?
-Энэ жилийн наадмын ялагч алтан цом, нэг сая төгрөгийн шагналтай. Алтан цомтой наадам гэдгээрээ мөн онцлогтой. Анхны алтан цомыг 2006 онд "Болор цом”-ын эзэн Н.Гантулга хүртэж байсан. Алтан цомын хувьд гурван сая төгрөгний өртөгтэй бүтсэн. Эхний таван байрыг шалгаруулж урамшуулна.
-Алтан цомыг хэн урласан бэ?
-1993 оноос "Оюухай” наадмын тэргүүн байрын эзэнд "Алтан Оюухай”, дэд байрт "Мөнгөн Оюухай” шагналыг өгдөг байсан. Тэргүүн байр эзлэгсэд "Алтан Оюухай”-н эзэн болсон гэдэг ч алтан гэдгийг нь юугаар илэрхийлэх вэ гэдгээс улбаалан Р.Чойномын "Оюухай” шүлгээс сэдэвлэн СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш Д.Цэрэнбат цомыг урласан.
Цомын загварыг хоёр сарын турш бодож боловсруулж байж гаргахдаа эмэгтэй, эрэгтэй хүнийг хамтад нь дүрсэлж, нарны таван цацрагаар хүний таван мэдрэхүйг төлөөлүүлж, яруу найрагчийн гол багаж болсон үзгийг өдөөр дүрсэлсэн маш гоё бүтээл болсон.
-Наадамд ирүүлэх бүтээлд сэдэв заадаг уу. Мөн эцсийн шатанд ялагчийг яаж тодруулах нь сонин байна?
-Эхний шатанд нэг оролцогч чөлөөт сэдвээр хоёр, Р.Чойномын сэдэвтэй нэг шүлэг ирүүлсэн. Дараагийн шатны шалгаруулалтууд хэрхэн явагдах нь одоогоор нууц. Ямар ч байдлаар явагдаж магадгүй. Бидний гол зорилго шударга байх. Энэ ч үүднээсээ бүтээлүүдийг кодлодог. Шүүгчид бүтээлүүдийг оноогоор дүгнэхдээ ямар хүн уг шүлгийг бичсэнийг мэдэх боломжгүй. Ур чадвараар нь дүгнэдэг. 2006 оны наадмын 103 оролцогчийн 309 шүлэгт "Монгол уламжлал академи”-ийн тэргүүн Л.Дашням шинжилгээ хийсэн. Бүх шүлгийг уншиж үзээд шүүгчдийн дүнтэй харьцуулан тулгасан.
Мөн тайзан дээр шүлгээ уншиж байгаатай нь харьцуулалт хийсэн. Энэхүү судалгаагаар шүүгч шүлгийг нь уншаад нэг өөр, уншиж байгааг нь сонсоод бас нэг өөр дүн тавьдаг юм байна гэдэг нь харагдсан.
Учир нь тухайн хүн шүлгээ эзэмшсэн байдал, илэрхийлэх, унших байдал түүнчлэн тайзан дээр биеэ авч явах соёл зэргээр тайзны шүлэгт олон шалгуур тавигддаг. Ийнхүү судалгаа, шинжилгээ хийсэн шүүмжлэл сонинд хэвлүүлсэн. Энэ наадмын дараа ч оролцогчдын бүтээлүүдэд шинжилгээ хийнэ. Тус наадмаар яруу найргийн мөн чанар болон түүнд юу юу нөлөөлж байгаа зэргийг гаргаж ирэхийг зорьж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих