Одоогоос олон жилийн өмнө нөхөр бид хоёр хуримаа хийж, гал голомтоо бадраасан юм. Хуримын зочдын ерөөл, найр наадам, дуу хуур дундаас нэг л үг их содон сонсогдож байлаа. Нөхрийн маань нагац ах "За аяга нь хагархай уурга нь хугархай байг" гэж хэлж билээ. Шинэ айлын найранд хэлсэн энэ ерөөлийн үгэнд гомдоогүй ч лав л баярлаагүй санагдаж байна.
Гурван жилийн дараа манайх хаанаас ирснийг нь мэдэхгүй хачин муухай амьтантай боллоо. Тэр жижигхэн эрх танхи амьтан дур зоргоороо гэж ч жигтэйхэн. Сахилгагүй гэж аймаар, Миний 10 жилийн хөдөлмөрийн хөлсөө шингээж байж цуглуулсан, манай гэрийн хамгийн үнэт зүйл болох хэдэн зааны минь цуглуулга хамгийн түрүүнд дайралтанд өртлөө. Өмнө нь Монгол телевизийн "Хобби" нэвтрүүлэгт орж, цуглуулгаараа битүүхэндээ гайхуулж суусан хүн чинь хэдхэн сарын дотор хугархай хушуутай, сүүлгүй, хагархай голдуу хэдхэн зааны дүрстэй л үлдэв. Дараа нь манай нөхөр довтолгоонд өртлөө. Мань хүний ганц бахархал, шинэ жилийн мэндчилгээний цуглуулга хаа сайгүй тарж, зарим нь бүр хогийн сав, жорлонгийн суултуур дотроос ч гарч ирдэг болов.
Ингээд манайх гэдэг айлд "Дээшээ, дээшээ. Бүр дээшээ гэдэг" хууль үйлчилж эхлэв. Нөгөө газарт байх ёстой гутлын алчуураас эхлээд хогийн шүүр хүртэл зиндаа дээшлэн арай л бурханы дэргэд заларсангүй. Гэтэл удаа ч үгүй маш том хориглон хамгаалалт хийгдэж эхэллээ. Бүгдийг нь цоожлоод, хаагаад уяад, скочдоод суухаас өөр аргагүй болов. Бүх шүүгээний хаалгыг скочдож, бүх цонхны түгжээг түгжиж, бүх юмыг баглаж тавьчихаад арай гэж санаа амраад сууж байтал дахиад л хэрэг бишдэх нь тэр. Нөгөө сайхан амьтан чинь 6 давхрын цонхоор үсэрч амиа хорлочих гээд айлгаж эхэллээ.
Нөхөр бид хоёр арга хэмжээ авахаас өөр аргагүй болж бүх цонх, тагтандаа төмөр тор хийлгэж, яг л шоронд амьдарч байгаа юм шиг суух болов. За ямар ч гэсэн энэ хүнийг цонхоор алдчихгүй боллоо хэмээн жаахан амсхийтэл бас нөгөө нөхөр чинь гараа зүсээд, хаалганд хавчуулаад, хаврын нялх ногооны навч шиг жижигхэн гараасаа цус урсгачихсан сууж байх юм. Сандарсандаа хамаг хутга шөвгөө зусланлуу цөлж, хаалга үүдээ нугасаар нь салгаж авчихаад санаа амарлаа. Мань хүн амиа хорлох гэж сандаргах нь арай л гайгүй болов.
Гэхдээ манайд бүтэн юм, гялгар цалгар юм бараг үлдээгүй болохоор түүнээс айх ч нэг их шаардлагагүй боллоо. Гэтэл нөгөө хүн өөрийгөө гоёх ажилд шилждэг юм байна. Нөхрийн зангиагаар гутлаа баглаж, миний хэдэн ээмэг зүүлтийг салгаж, уруулын будгаар минь ханын цаас цоохорлож, нүдний харандаагаар хивсэн дээр цэцэг зурж, дахиад л бөөн үймээн. Үүдэнд байх ёстой бүх зүйл хоймор гарч,харин хоймор байх ёстой зүйлс гадаа гарчихсан байх янзтай.
Миний гар утас, нөхрийн цаг эгчийн түрийвч бүгд хогийн савруу ороод алга болох жишээтэй. Гэвч тэр этгээд арай гайгүй том болсон ч түүний залгамж халааг дүү нар нь өвлөн авч, энэ үймээн манай гэрт олон жил үргэлжлэж байна. Ёстой нөгөө хуримын ерөөл биелэлээ олж хагархай аягатай, хугархай баахан хогшилтой л айл л байна. Хамгийн хачирхалтай тэр дайсны цэргийг жаахан ч гэсэн инээхээр сэтгэлд нар мандаж, хэдхэн ширхэг үсийг нь үнэрлэхэд л дуу аялмаар болоод л ирнэ. Түүнийг дуулахаар өнөөх хөглөрсөн жижигхэн гэрт гэгээ татаад л ирэх шиг санагдана. Үртэй айлын аяга хагархай. Үрээтэй айлын уурга хугархай гэж үүнийг л хэлдэг аж
Зохиолч Б. Цоожчулуунцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих