Дэлхий даяар 785 мянган хүн коронавирусийн халдвараар өвчилж, 37 мянган хүн алтан амиа алдаад байна. Энэ бол өнөөдрийн бодит тоо. Эл халдвар аймшигт цар тахлын хэмжээнд хүрчихлээ. Монголд харин Францын иргэнээс илэрснээс бусдаар эмх замбараа, дэг журам, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэлт гээд бүх зүйл “онц” үнэлгээтэй байв.
Улмаар манай төр засгийнхан “1000 гаруй иргэнээ гаднын улс орнуудаас татаж авч ирсэн”. Иргэдээ хайрласны, хамгаалсны хамгийн байж болох дээд хувилбар энэ байв. Гэтэл тэдгээр иргэдийн 11-ээс нь коронавирусийн халдвар илэрсэн. Монгол эмч нарын ур чадвар, хичээл зүтгэлийн ачаар нь ХОЁР нь эдгэсэн гэх таатай мэдээг ЭМЯ-ныхан дуулгаад байгаа.
Өнөөдрийн байдлаар гэхэд л 2310 иргэнийг ажиглалт, тусгаарлалтад аваад байна. Үүний цаана мянга мянган эмч эмнэлгийн ажилтан, алба хаагчид тасралтгүй ажиллаж байна. Тэд үр хүүхэд, ар гэртээ очиж ч чадахгүй ажиллаж байгаа.
Чухам “авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэлт” дэлхийн жишигт тооцогдож шагшин магтагдаж байна. Түүгээр ч үл барам халуун дулаан сэтгэлтэй улс орноор нэрлэгдээд байна.
Гэтэл харийн нутгаас улсын зардлаар ирээд тусгаарлагдаж байгаа иргэдийн авир хэрээс хэтэрсэн тухай эрүүл мэндийн байгууллагынхан өнөөдөр /2020.03.31/ хоолой зангиран байж гомдоллов.
Харь орноос ирээд тусгаарлагдагч зарим иргэд “Өрөө жижигхэн байна. Өрөөнд дасгал хийх боломжгүй байна. Хоол амтгүй байна. Нохойны хоол өгөөд байна. Цэргийн госпитальд, ХӨСҮТ-д хэвтмээргүй байна. Эх нялхас, Өргөө амаржихад хэвтмээр байна. Эмчийн өөдөөс вареньтай талхаа голж, шидэж байна. Мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна. Хоорондоо хэрэлдэж, зодолдож байна” гэнэ.
Дэндүү даварсан, ухамсаргүй гэмээр ҮЙЛДЭЛ энэ. Цар тахал гэдгийг ойлгоогүй хэсэг бүлэг хүн тэнд байгаа бололтой. Гадаадад коронавирусээр өвчилбөл ХЭН Ч БИШ. Энэтхэгт маск зүүгээгүй иргэдээ саваагаар занчиж байна, Украйнд сөнөсөн балгаст иргэдээ тусгаарлаж байна. Томоос том зааланд иргэдээ хоморголон хорьж байна. Гадаа майханд тусгаарлаж байна.
Монголд харин эмнэлэгт, сувилалд, амралтын газарт, буудалд гээд боломжоороо л байрлуулан сувилж байна. Гэтэл гадаадаас авч ирсний, эмнэлэгт тусгаарласны хариуд талх шидэж, хоол голдог ХААН зангаа гарган аархаж байгаа бололтой. Энэ бол энгийн нэгэн хөл хорио биш. Энэ бол онцгой нөхцөл байдал гэдгийг ухамсарлан бодож ойлгохтун.
П.Урнаа
Эх сурвалж: eguur.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих