Монголын хошин урлагийн нэрийн хуудас “Маск”, “Шинэ-Үе”, “Эмоци, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдээс шинийг хайх, бүтээл хүсэх, үзэл санааны туг нь хаана намирч байгааг лавлах, шаардах хэрэггүй болжээ. Шинэ залуу үе нь ч, шилдэг нь гэгддэг ахмадууд нь ч өөрсдийн хоолоо олж иддэг, нэр хүндээ хамгаалж үлддэг, олноос хайр, хүндлэл олж авсан өнөөх тайзаа хүндэтгэхээ болиод удаж байна. Өөрсдөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Алтан тайз минь” хэмээн саймширдаг ч нэдэр дээрээ өнөөх алт, мөнгөн тайзнаа элдэв хараал, зүхэл урсгаж, хувцсаа тайлаад хэн дуртай нь нүцгэлчихдэг. Тайз, дэлгэцээр зах замбараагүй хэрүүл, хараалын бүдүүлэг үг хэллэгийг эрээ цээргүй урсгах болсон нь өнөөгийн залуусын хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлж байдгийг тэд мэддэг болов уу.
Энэ нь өнөөх үзэгчээ алдахгүй гэх ядмагхан маркетинг нь гэмээр. Хөөрхөн нь дэндсэн ийм бүсгүйчүүдтэй хамтлаг бүхэнд Н.Ариунболд буюу Бооёо шиг эмгэний дүрд саадгүй хувирчихдаг эр хүн байхаас гадна Л.Сөрөлт, Ц.Ганбаяр буюу Ганбаа шиг тэнэгдүүхэн бацааны дүрд тохирох ганц хоёр хүнээс гадна аливаад галзуу, догшин авир гаргаж чадах хэд хэдэн хүн байхад л хошин урлагийн нэг удаагийн тоглолтын бүрэлдэхүүн ерөнхийдөө бүрдчихнэ. Учир нь хошин урлагийн тайзнаа шоглож байгаа сэдэв дэндүү хязгаарлагдмал байгаатай энэ бүхэн холбоотой. Тухайлбал, гэр бүлийн гадуурх харилцаа, хөдөөгийн иргэн, нийслэлийнхний ахуй, архидалт, биеэ үнэлэлт, ах дүүсийн таагүй харилцаа, залилан мэхлэлт, хардалт, гэх мэт бүдүүлэг, налиг шалиг үзүүлбэрүүдээр голлох болсон нь өнөөгийн Монголын нийгэмд ийм бусармаг үзэгдлүүдийг “хэвийн” гэж үзэх хэмжээнд үзэгчдийн сэтгэл зүйг дасгаад сэдвийн санаа нь дуусдаг.
Энэ мэт ядруухан сэдвээ хошин шогийнхон хорин жил “мөлжлөө”. Одоо бүр даший шог болсон нь саяхны телевизийн лайв тоглолтоос нь хэн бүхэнд илхэн харагдлаа. Бүтэн таван цаг сунгаж үзэгчдэд хүргэсэн энэхүү тоглолтоороо тэд сурталчлаад байсан шигээ элэгний эм, зүрхний иллэг, тархины түгжээ мулталсангүй ээ. Энэ тоглолтоороо нийгэмд ямар үзэл санаа түгээх гээд байгаа нь ч тодорхойгүй байлаа.
ЗОХИОЛГҮЙ УРЛАГ, ҮЗЭГЧГҮЙ ТАНХИМ
Зохиолгүй урлаг байх ёсгүй. Хэрэв аливаа үзэгдэл зохиолгүй л байгаа бол тэр нийтээр үзэж, таашаах урлаг биш. Тэр тусмаа хошин урлаг гэдэг бол хэн бүхний санаанд багтаад байх жанр биш. Шог зохиолын их мастерууд хүртэл бүтээл дээрээ “гашилж” байж зүрх тархиндаа нэрсэн санаагаа “юм” болгодог. Энэ тухай Төрийн шагналт зохиолч Ц.Доржготов гуай хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Инээгээд байгаагийн цаана эмгэнэл нь байдаг” хэмээн онцолсон байдаг. Үүнийгээ тэрбээр "Сайн эр ба тарлан шар" гэх жижигхэн өгүүллэгээрээ тун ч гарамгай харуулсан нь бий.
Мэдрэмж, ухаан, авьяас шаарддаг хошин урлаг зохиолчгүй, зохиолгүй болсны хамгийн том жишээ нь өнөөгийн продакшнуудын ядруухан өгүүлэмжтэй, ядмагхан жүжиглэлттэй тоглолтуудаас шууд харагдана. Хатуухан хэлбэл, өөрсдөө бүтээлийн сэдэв, дүрийн судалгаа хийдэггүй, хөдөлмөрлөдөггүй, нийгэм дэх тод дүр бологсдыг сармагчин лугаа дууриасаар өнөөдрийг хүрлээ. Тархи, зүрхээ ажиллуулахгүйгээр хошин урлагийн гэх орон зайд тааваараа тарвалзаж байгаа авторууд хэтэрхий олон баг зүүж урлагаа гутаагаад байгааг энд дурдъя. Нэг харахад дуучин, лавшруулбал телевизийн хөтлөгч болчихсон хувирч явах тэдний мөнгө олох салбар нь хэт олон. Юуны ч хамаагүй реклам болгонд хошин шогийнхон л тодорч явах, урлаг соёлын бүхий л арга хэмжээнд тэд юу ч хамаагүй ярьж, ямар ч хамаагүй үзүүлбэрийн голд орчихсон сууцгаах. Өөрөөр хэлбэл, урлаг, уран сайхан гэх тогооноосоо хальж юмс бүхэн рүү хутгалдаж тэнд ч банш, гоймон, будаа, гурил рекламдаж энд ч архи пиво, элдэв дэлгүүр, эм, бэлдмэл сурталчлах нь эцэстээ урлагийн алтан тайз, өндөр босгыг шороотой нь хутгаад, хэн хүснэ, тэр хүн энэ тайз руу гарчихаж болно гэх ойлголтыг залууст төрүүлж байна.
Хэзээд үзэгч, ард түмэн, цаг хугацаа хуульгүй шүүгч байсаар ирсэн. Амар хялбар аргаар амь зуух боломж хумигдсаар л байгаа тул эмгэн болж хувираад ч үзэгчид инээхээ больсон тул өөрсдийн дэлгэн үзүүлж буй бүхнээ мэргэжлийн зохиолчийн хэмжээнд дэглэдэг болоход анхаарах цаг болжээ. Ер нь тэгээд нэг зүйл асууя. Хошин шогийн дээрх хамтлагуудад албан ёсны зохиолч бий юү. Энэ төрлийн уран бүтээлчийг дэмждэг, цалинжуулдаг, оюуных нь өмчийг худалдан авч, амьдрал ахуйг нь дэмждэг продакшн байна уу.
АВИРГҮЙ ЖҮЖИГЧДЭД АЛДАР НЭР ЗОХИХГҮЙ
Уншигчид санаж байгаа бол, хамгийн авиргүй, бүдүүлэг жүжигчид хошин урлагт байна. Санаж буй бол тэдний зарим нь буцалсан халуун усаар нэгнийгээ түлж байсан бол том хар машин хөлөглөчихөөд зам хөндлөн гарах гэсэн иргэн рүү элдэв хараал урсгаж байсан жүжигчний бичлэг цахим орчинд цацагдаж байв. Мөн жүжигчин Сөрөлтийн согтуу бичлэг ил болж байсан бол гудамжны танхайчуудаас ч дор харилцаа үүсгэж, хэрэлдэж, биенээ элдвээр доромжилж байсан бичлэг цацагдаж байлаа. Хэдийгээр тэд энэ бүхнийгээ “Тоглолтын бэлтгэл үеийн үйл явдал” хэмээн залруулсан ч залууст үлгэр дууриалал болдог урлагийнхан нийтийг хэдэн өдрөөр бухимдуулж, стрестүүлээд амжсан.
Мөнгөний гэсэн бүхэн дээр ийн тухалдаг хэрнээ тэднээс нийгмийг соён гэгээрүүлсэн, соёлын дархлааг бий болгосон гоё бүтээл гарахаа болилоо. Ийм хүмүүст алдар нэр, хайр хүндэтгэл зохих уу. Урлаг хүний сэтгэл, сэтгэлгээг ариун байлгах, соён гэгээрүүлэх үүрэгтэй. Хэдийгээр нийгмийн болохгүйг шүүмжлэх өнгө аясаар энэ төрлийн жанр хөгжиж ирсэн ч амьдарлын өөдрөг сайхан рүү үзэгчдийг хөтлөн итгүүлж байж ёстой. Эг маггүй инээж байвч, сэмхэндээ нулимсаа арчиж, сэтгэлдээ санаа алдаж "Бид яагаад энэ бүхнийг анзаардаггүй юм бол" хэмээн санааширч буй үзэгчид, танхимд алга нижигнүүлэх үү, асгартлаа уйлах уу гэдгээ илэрхийлж байж урлаг амьд орших учиртай. Гэтэл үзэгчдийн таашаал үгүй болж хоосон мааз, мөнгө хөөсөн халтуур, нэр төдий үзүүлбэр тасралтгүй үргэлжлэх нь хошин урлагийг "дампууруулахад" хүргэж байна.
М.МӨНХТУНГАЛАГ, NPost.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих