АНУ төдийгүй дэлхий даяар коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор хөл хорионы дэглэм хэрэгжсэн нь ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгийг сарын дотор $1 тэрбумаар хорогдуулжээ. Өчигдөр Форбс сэтгүүл тэрбумтнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан юм. Уг тайланд өгүүлснээр гуравдугаар сарын 1-нд Дональд Трампын хөрөнгийн хэмжээ $3.1 тэрбум байсан бол хөрөнгийн зах зээлийн уналтын оргил үед буюу гуравдугаар сарын 18-нд $2.1 тэрбум болсон байжээ. Covid-19 өвчний дэлхийн хөрөнгийн зах зээлд учруулсан хохирлын улмаас нийт 267 хүн тэрбумтны жагсаалтаас хасагдсан тухай Форбс сэтгүүлийн 34 дэх жилдээ гаргаж байгаа тайланд өгүүлсэн байна.
Энэ жилийн жагсаалтад нийт 2,095 долларын тэрбумтан багтсаны 1,062-ынх нь хөрөнгө өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад буурчээ. Харин тэрбумтнуудын жагсаалтад шинээр орогсдын дотор видео хурлын Zoom аппликэйшнийг бүтээгч Эрик Юань багтсан байна. Zoom компанийн 20 хувийг эзэмшигч Юаний хөрөнгийн үнэлгээ цар тахлын ачаар $5.5 тэрбумд хүрсэн байна. Дэлхийн олон оронд хөл хорио тогтсон энэ үед хүмүүсийн гэрээсээ ажиллах, сурах хэрэгцээ нэмэгдсэн нь Zoom-ийн эрэлтийг өсгөсөн юм.
Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос $113 тэрбумын хөрөнгөөр тэрбумтнуудын жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлжээ. Хөл хорионы үед Америкчуудын онлайн худалдаа зогсоогүй тул Амазон компани хөрөнгийн зах зээлийн уналтаас богино хугацаанд сэргэж чадсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ихэнх хөрөнгө үл хөдлөхийн салбараас бүрддэг. Харамсалтай нь цар тахлын энэ үед дэлхий даяар зочид буудал, амралтын газар, гольф клуб зэрэг Трампын 17 үл хөдлөх хөрөнгө үйл ажиллагаагаа зогсоосон байна. Ойролцоогоор 1,500 ажилтнаа Trump Organization байгууллага халсан нь цар тахалтай холбоотой цомхотголын үр дүн байжээ. Хаагдсан байгууллагууд нь Трампын компанид өдөрт $650,000 орчмын орлого оруулдаг байсныг санхүүгийн тайлан, тоо баримтууд харуулж байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: The Guardian
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих