Шинэ коронавируст халдвар, түүний тархалттай холбоотойгоор гадаад улсуудын эрдэмтэд судалгаа, дүгнэлтээ танилцуулж эхэлжээ.
ХАЛВАРЫН ТАРХАЛТ
БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар “Covid-19” вирусын халдвараар өвдөж эмчлэгдсэн залуучуудын давтан шинжилгээний хариу “эерэг” гарах явдал түлхүү ажиглагдсан байна. Тодруулбал, эмчилгээний дараах давтан шинжилгээний хариу нь “эерэг” гарсан 38 хүний 1 нь л 60 настай хүн байсан бол 7 нь 14-өөс доош насны хүүхэд байжээ. Мөн эдгээр хүмүүстэй ойр байсан 21 хүнээс шинжилгээ авахад хариу нь “сөрөг” гарсан байна.
Харин ИБУИНВУ-ын эрдэмтэд 4 дүгээр сарын 03-ны өдөр эрүүл хүн “Covid-19” вирусын халдвараар өвчлөх, халдвартай иргэн нас барах зэрэг нь тухайн хүний наснаас шалтгаалж байгаа талаарх судалгааг олон нийтэд танилцуулав. Үүнд: Өвчлөгсдийн 0 хувь нь 0-9 насны хүүхэд, 0.1 хувь нь 0-19 насны хүүхэд, 1 хувь нь 20-29 насныхан, 3.4 хувь нь 30-39 насныхан, 4.3 хувь нь 40-49 насныхан, 8.2 хувь нь 50-59 насныхан, 11 хувь нь 60-69 насныхан, 4.3 хувь нь 70-79 насныхан, 7.8 хувь нь 80 болон түүнээс дээш насныхан байна. Түүнчлэн “Covid-19”-ийн халдвар авсан 39 хүртэлх насны хүн нас барах магадлал 0 хувь, 40-49 насныхан 0.2 хувь, 50-59 насныхан 0.6 хувь, 60-69 насныхан 2 хувь, 70-79 насныхан 4.3 хувь, 80 болон түүнээс дээш насныхны 7.8 хувь байна гэсэн тооцооллыг гаргаад байна.
Мөн судлаачдын таамаглаж байгаагаар “Covid-19”-ийн тархалт намдах хүртэл дэлхийн хүн амын 50-80 хувь нь халдвар авна гэжээ.
БНФУ-ын Парис хотын эмнэлэг (AP-HP), Үндэсний эрүүл мэнд судалгааны институц (INSERM), Цусны үндэсний алба (EFC)-наас гаргасан хамтарсан мэдэгдэлд, коронавирусний халдвар аваад эдгэсэн өвчтөнөөс цусны сийвэнг шилжүүлэх клиник туршилтыг 04 дүгээр сарын 07-нд эхлүүлж байгаа гэжээ. Тодруулбал, эдгэсэн хүний биед вирус эсэргүүцэх эсрэг биет агуулагдаж, улам хөгжиж байдаг бөгөөд түүний цусны сийвэнг халдвартай өвчтөнд шилжүүлэх замаар дархлаа бий болгох аж. Уг туршилтад 60 өвчтөн хамрагдах бөгөөд 3 долоо хоногийн дараа эхний үр дүн гарна гэсэн байна.
Сингапурын эрдэмтэд “Covid-19”-ийн шинж тэмдэггүй халдвартай иргэд өвчин тарааж байгаа нь цар тахлыг хянахад хүндрэл үүсгэж байна хэмээн мэдэгдсэн байна. Тэдний тооцоогоор дээрх иргэд нийт халдварын 10 орчим хувийг тарааж байх магадлалтай аж. Үүний зэрэгцээ “Covid-19”-өөр өвдөн эдгэрсэн иргэд халдвар тараасаар байж болзошгүйг, мөн шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар бусдад халдаж байгаа зэргийг анхаарч, тодорхой судалгаа хийх хэрэгтэй гэжээ.
БНХАУ-ын Үндэсний амьсгалын замын өвчний эмнэлзүйн судалгааны төвийн захирал, Инженерийн академийн академич, амьсгалын замын өвчлөлийн мэргэжилтэн Жун Наншань “Коронавирус нь Нидовиралес, Коронавиридае, Короновирус гэсэн 3 бүлэгт хуваагддаг бөгөөд өнөөг хүртэл коронавирусний 15 төрөл бүртгэгдээд байна. Эдгээр нь төрөл бүрийн хөхтөн амьтан, шувуунд халдварлаж, зарим тохиолдолд хүнд халдварладаг. Мөн ихэнх коронавирус цельсийн 33 хэмд чөлөөтэй тархан халдварладаг бол 35-аас дээш хэмд устаж, улирлын чанартай дэгддэг. Гэвч “Covid-19” улирлын чанартай эсэхийг тогтоогоогүй бөгөөд цаашид 06 дугаар сар хүртэл үргэлжлэх магадлалтай” хэмээн мэдэгдсэн байна.
БНХАУ-ын эрдэмтэд “Covid-19” өвчний дэгдэлтийн талаар 3 таамаг дэвшүүлжээ. Тодруулбал,
- Шинэ төрлийн коронавирусний эсрэг хүний дархлаа тогтож ирээдүйд “Covid-19” хүн амын дунд энгийн томуу мэт тархаж, түгээмэл байдаг 229Е, ОС43 вирустэй адил жил бүр хөнгөн дэгдэнэ;
- Шинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд халдварлаж, улмаар амьтнаас амьтанд халдварласнаар дэлхий нийтэд томоохон хохирол учруулах бөгөөд үүнийг арилгахад ихээхэн цаг хугацаа шаардах болно;
- “Covid-19” БНХАУ-аас бусад улсад хүчтэй дэгдэж байгаа тул энэ зургадугаар сар гэхэд тархалтыг тогтоон барих боломжгүй байх төлөвтэй байна.
“Covid-19”-ийн шинж тэмдэггүй халдвар бүхий иргэдийн халдвар тараах эрсдэл нь шинж тэмдэг бүхий өвчтөнтэй харьцуулахад бага гэсэн дүгнэлт хийсэн байна. Тодруулбал, шинж тэмдэг бүхий өвчтөн 3 хүнд, харин шинж тэмдэггүй өвчтөн 1 хүнд халдвар тараах магадлалтай аж. Тэд энэхүү дүгнэлтээ Жөжян мужид хийсэн ажиглалт судалгаанд тулгуурлан гаргасан бөгөөд тэдний судалгаагаар батлагдсан тохиолдлын 4.4 хувь нь шинж тэмдэггүй өвчтөнөөс авсан халдвар байжээ.
Хятадын судлаачид өвчлөөд эдгэрсэн хүмүүс халдвар тээгч болох магадлал өндөр гэж үзэж байна. Тус өвчнөөр өвдөж байсан 133 хүний хамар-залгиураас сорьц авахад шинэ төрлийн коронавирус илрээгүй боловч цэр болон ялгадаст шинжилгээ хийхэд 22 хүнээс вирус илэрсэн байна.
Мөн үндэстний ген “Covid-19”-ийн халдвар авахад нөлөөлдөг эсэхийг тогтоохоор генийн кодоос хамаарч АСЕ2 энзимийн ялгарлын түвшинг судлахын зэрэгцээ хүний лейкоцит антигенийн генийн ялгааг судалж байгаа аж. Харин Хятадын профессор Жан Вэньхун “Covid-19” халдварын тархалтад генийн онцлог хамааралгүйг онцолж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж буй байдлаас өвчлөл харилцан адилгүй байгаа гэжээ.
Шинэ төрлийн коронавирус мутацид орж хоруу чанар багатай боловч удаан хугацаанд өвчлүүлдэг шинэ хэлбэр үүссэн байж болзошгүй хэмээн Хятадын эрдэмтэд дүгнэсэн байна. Уг шинэ хэлбэрийн халдвар авсан тохиолдолд өвчлөл архаг хэлбэрээр удаан хугацаанд үргэлжилж, тараах хугацаа нь урт боловч халдаах магадлал харьцангуй бага байх бололтой. Тухайлбал, хөнгөн хэлбэрийн өвчтэй дунд насны эрэгтэй 49 хоногийн турш өвдсөний эцэст биеийн дархлаа нь сэргэн тогтворжсон боловч бусдад халдвар тараах байдал нь идэвхтэй хэвээр байгааг тогтоосон байна.
ХАЛДВАРЫН ЭСРЭГ ЭМ, ЭМЧИЛГЭЭ
ОХУ “Covid-19”-ийн эсрэг үйлчилгээтэй “Мефлохин”, “Гидроксихлорхин”, “Калидавир” гэсэн 3 төрлийн эмийн клиник судалгааг эхлүүлсэн байна. Оросын эрдэмтэд хүйтэн плазмаар боловсруулсан ус нь нүүрс болон устөрөгч ялгаруулах замаар шинэ төрлийн коронавирусний уургийн бүтцийг задалж, эсийг нь гэмтээн гадаргуу дээр тогтох чадваргүй болгож буйг илрүүлжээ. Ойрын хугацаанд энэ аргаар боловсруулсан “Мегнарил” гэх цэвэрлэгээний шингэн үйлдвэрлэж, худалдаанд гаргахаар ажиллаж байна.
Австралийн Холбооны Улсын Хатан хааны эмнэлэг болон Монаш их сургуулийн эрдэмтэд “Ивермектин” гэх шимэгчийн эсрэг үйлчилгээтэй эм шинэ төрлийн коронавирусний эсийн бүтцэд үржих чадварыг нь 48 цагийн дотор дарангуйлж байгааг тогтоосон байна. Эрдэмтэд эсийг шинэ төрлийн коронавирусээр халдварлуулж 2 цагийн дараа тус эмийг хэрэглэн 24 цагийн дараа шалгахад “Covid-19”-ийн РНХ 93 хувиар, 48 цагийн дараа 99 хувиар буурсан байжээ. Судалгааны баг уг эмийг хэрэглэснээр шинэ төрлийн коронавирусний хүнээс хүнд халдварлах чадварыг хязгаарлах, эмчилгээний үед хүндрэл гарахаас сэргийлэх боломжтой хэмээн дүгнэжээ.
БНХАУ-ын батлан хамгалах салбарын судалгааны багийнхны ажиллаж буй “Covid-19”-ийн вакцины эхний шатны клиникийн туршилтын дүн энэ сарын сүүлээр тодорхой болох аж. Улсын төв лабораторийн вирус судлаач Чэнь Лин “вакцины 2, 3 дахь шатны клиник туршилт явуулахад вирусний идэвхтэй халдвар бүхий бүсэд буй олон өвчтөн хэрэгтэй” гэжээ. Иймээс дараагийн шатны туршилтыг дэгдэлт их байгаа улс орны идэвхтэй халдвар бүхий иргэд дээр хийх шаардлагатай аж. Туршилтыг 10,000 өвчтөнд хийхэд 100 нь буюу 0.01 хувь нь эдгэрч байвал үр дүн муу гэсэн үг.
БНХАУ-ын Фүданы Их сургуулийн эрдэмтэд “Covid-19”-өөр өвдөн Шанхай хотын нийтийн эрүүл мэндийн эмнэлэгт эмчлүүлэн эдгэрсэн гэх 175 өвчтөнөөс авсан дээжид шинжилгээ хийхэд ойролцоогоор 1/3-д нь шинэ төрлийн коронавирусний эсрэг биет “маш бага” буюу эсрэг биетийн титер 500 хүрэхгүй байгааг олж тогтоосон байна. Түүгээр зогсохгүй 10 хүний шинжилгээний дээжээс эсрэг биет огт илрээгүй байна. Эсрэг биет бага хэмжээгээр илэрсэн, эсхүл огт илрээгүй иргэдийн ихэнх нь залуучууд байсан бол 60-85 насныхны биед үүссэн эсрэг биетийн хэмжээ 15-39 насныхнаас 3 дахин их байжээ.
Эх сурвалж: inews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих