Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш буюу сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын эдийн засагт гурван том хүндрэл үүссэн гэж тайлбарладаг. Хямралын шалтгааныг сөхөн харвал нэг нь нийгмийн шилжилтийн үе, хоёр нь дэлхийн эдийн засаг, түүхий эдийн ханштай уялддаг. Харин 2020 онд “ковид 19” болон УИХ-ын ээлжит сонгууль давхцаж байгаа нь дараагийн эдийн засгийн хямрал нүүрлэх нь гэдэг таамгыг дэвшүүлэхэд хүрээд байгаа юм.
Энэ нь 2021 онд Монгол Улс дахин ОУВС-гийн хаалгыг тогших уу гэдэгт ч хүргээд байна. Учир нь Монгол Улс үе үеийн УИХ-ын сонгуулийн дараагийн жил эдийн засаг хүндэрч, ОУВС-гийн тусламж авдаг үзэгдэл уламжлал болсон гэлтэй. Өөрөөр хэлбэл, 2008 оны сонгуулийн дараа жил буюу 2009 онд, 2016 оны сонгуулийн дараа жил буюу 2017 онд ОУВС-гаас тусламж хүссэн. Энэ нь сонгуулийн жил байдгаа цацаж, эдийн засгаа хөмөрчихөөд, олон улсын байгууллагаас гараа сунгаач гэж хүсдэгийг илтгэж буй. 2020 оны тухайд ч үрэлгэн төсөв нь дэлхий нийтийг хамарсан Covid 19-тэй давхцаж байгаа нь яах аргагүй ОУВС-гийн хаалгыг тогшиход хүргэж мэдэх юм. Угаасаа ч Монгол Улсын эдийн засгийн хямралаа давсан түүх ОУВС-тай холбогддог.
Шилжилтийн үеийн хямрал
Анхны тусламж
Социалист нийгмээс шинэ тогтолцоо руу шилжиж, төрийн өмчид байсан үйлдвэрлэлүүд хаалгаа барьж, дэлгүүрийн лангуу хоосорч, картын бараанд оочерлодог болсон. Үүнийг дагаад ажлын байр олноороо үгүй болж ажилгүйдэл гаарч, хуучнаас шинэ рүү шилжих нийгмийн үзэгдэл нь тухайн үеийн хүмүүсийн сэтгэл зүйд ч хүндээр нөлөөлж архидалт ч бий болсон. Энэ мэт шилжих процесс үргэлжилж, хүндхэн он жилүүд өрнөсөн түүх бий. Энэ үед Монголд ОУВС-гийн анхны тусламжийг үзүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 1991-1992 онд ОУВС-гийн “Богино хугацааны хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Ингэхэдээ жилийн 0.5 хувийн хүүтэй зээлээр эдийн засгаа “усалсан” байдаг. Хөтөлбөр нь өмнө дурдсан шилжилтийн үеийн нөхцөл байдалтай уялдаж эдийн засгийг тогтворжуулах, ажилгүйдлийг бууруулах байсан юм. Хөтөлбөрийн хүрээнд нийт 13.75 сая ам.долларын Зээлжих тусгай эрхийн хөрөнгийг авч ашиглан, шилжилтийн үеэ давсан түүхтэй.
Дэлхийн эдийн засгийн хямрал нөлөөлсөн нь
Тусламж 2
Ганц тулгуурт, “жижиг” эдийн засгийн сул талыг 2008-2009 онд болсон дэлхийн эдийн засгийн хямрал монголчуудад бүрэн мэдрүүлсэн гэхэд болно. Учир нь дэлхийн эдийн засгийн хямралын улмаас Монгол Улсын валют олдог гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс тэргүүтэй эрдэсийн ханш огцом унасан. Зэсийн ханш гэхэд 2008 оны дөрөвдүгээр сарын байдлаар тонн нь 8700 ам.доллар байснаа 2009 оны гуравдугаар сард тонн нь 3000 ам.доллар болтлоо ханш нь унасан. Ингэснээр Монголын төсвийн орлого буурч, төсөвт байгууллагын үйл ажиллагаа муудаж, дотоодод эргэлдэх мөнгөн урсгал саарсан. Тоон үзүүлэлтээр бол ДНБ 2008 онд 8.9 хувийн өсөлттэй байснаа 1.6 хувь болтлоо буурсан байдаг. Энэ үед ОУВС-гаас дахин тусламж хүсэж, “Стэнд-бай” хөтөлбөрийг 2009 оны гуравдугаар сард байгуулж, улмаар тус сангийн Захирлуудын зөвлөлөөр дөрөвдүгээр сарын 1-нд баталсан.
Уг хөтөлбөр нь 18 сарын хугацаанд хэрэгжиж, 232 сая ам.долларын зээл авсан түүхтэй. Энэ хямралын дараагийн жилээс дэлхийн эдийн засаг сэргэж, эрдэсийн эрэлт нэмэгдэж, ханш өссөнөөр Монголын эдийн засаг жил хүрэхгүй хугацаанд 17.5 хувийн өсөлтийг үзүүлж дэлхийд гайхуулж байсан цаг саяхан.
Түүхий эдийн ханшийн уналт
Тусламж 3
2016 онд улс төрийн доройтол, түүхий эдийн ханшийн доошоо чиглэсэн цикл давхцсан. Энэ нь Монголын эдийн засаг унах шалтгаан болсон юм. Валютын нөөцгүй, гадаад өрийн хугацаа тулсан. Иргэд талхаа таллаж, ургамлын тосоо граммлаж, дэлгүүрийн лангуунд барьцаанд тавьсан иргэний үнэмлэхүүд хадаатай. Хаана хаанаа халаас хоосорсон. Ингээд шинээр байгуулагдсан Засгийн газрын гарц нь ОУВС болж, ОУВС- гийн захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг батлах шийдвэр гаргасан. Мөн энэ үйл явдалтай зэрэгцээд түүхий эдийн ханш ч дээшээ чиглэсэн юм. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум ам.доллар. Үүний хоёр орчим тэрбум нь БНХАУ-ын Ардын банкинд Монгол Улсын төлөх ёстой зээл. Монгол Улс дээрх хэмжээтэй дүйх юанийг тус банкнаас зээлээд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцээд төлөх ёстой байсан ч нөөц мөнгө байгаагүй тул өр хүлээгдэж байсан. Уг хөтөлбөрийн хүрээнд дээрх зээлийн төлөх хугацааг гурван жилээр сунгасан. Үлдсэн гурван орчим тэрбум ам.доллар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон БНСУ-аас төсвийн болон төслийн дэмжлэгээр орж ирэх юм. Тэгвэл ОУВС-гаас манай улсад хөнгөлөлттэй зээлээр 443 орчим сая ам.долларын санхүүжилтийг олгохоор тохирсон. Одоогоор манай улсад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн таван шатны үнэлгээ хийж, 221 сая ам.долларын санхүүжилт орж ирээд байгаа юм.
Covid 19 ба Монголын эдийн засаг
Короновирусийн тархалт бүтэн нэг улирлын турш үргэлжилж, хоёр дахь улирал руу орж байна. Энэ нь дэлхий дахинд эдийн засгийн хүндрэлийг бий болгоод байгаа юм. Эхлээд дэлхийн хоёр дахь том эдийн засаг БНХАУ-д нөхцөл байдал хүндэрч, хөл хорио, онц байдал хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, үйлдвэрүүд зогссон бол одоо АНУ-д нөхцөл байдал хүндхэн байна. Азийн улсуудаас хамгийн сүүлд Япон руу цар тахлын тархалт чиглэж, зургаан муждаа онц байдал зарлалаа. Монгол Улсын тухайд нэгдүгээр сараас эхлэн худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарласан. Эхний нэг улирал нүүрсний экспорт зогссон. Хэдийгээр БНХАУ-д нөхцөл байдал сайжирч манай нүүрсний экспорт эхэлсэн ч татан авалт хэвийн бус байна. Дөрвөн боомтоор нэг өдөрт гарч буй тээврийн хэрэгслийн тоо нийлээд энгийн үеийн тал хувьд ч хүрэхгүй байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр энэ сарын байдлаар төсвийн орлого 150 тэрбумаар тасалджээ. Мөн багахан ч гэсэн валют олдог аялал жуулчлалын салбар бүрэн зогссон. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухайд энэ оны эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 158 сая ам.доллароор буурч, 214 сая ам.доллар байна. Үүний ихэнх нь буюу 100 гаруй сая ам.доллар нь Оюутолгойн хөрөнгө оруулалт байгаа юм. Ийнхүү экспорт, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт гээд Монголын халаасанд орох мөнгөнүүд тасалдсаар. Тэгвэл дотоодод Covid 19-ын нөхцөл байдлаас үүдэн аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажлын байраа цомхотгож байгааг МҮХАҮТ-ын хийсэн судалгаа харуулж байна. Тодруулбал, судалгаанд оролцсон 1100 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ 89.5 хувьд нь маш их нөлөөлсөн гэсэн бол дөнгөж 2.2 хувьд нь нөлөөлөөгүй байна. Харин бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулахад 57.7 хувь нь бараа үйлчилгээний эрэлт буурсан, 40.1 хувь нь тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон нь гэж хариулжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бизнест үүсээд буй хүндрэлийг нээлттэй асуулгаар асуухад зээлийн эргэн төлөлт, НДШ-ын төлбөр, түрээсийн төлбөр гэсэн асуудлуудыг хамгийн их хүндрэл учруулж байна гэж нэрлэжээ. Энэ дагуу Засгийн газраас эдийн засгийг дэмжих 5.1 их наяд төгрөгийн долоон багц арга хэмжээг авахаар зарласан. Ингээд харахаар дээрх байдлаар мөнгөний орох урсгал хаагдаж, байгаа мөнгөө л дотооддоо эргэлдүүлэх дүр зураг харагдаж байна. Энэ нь хямралын, үгүй юмаа гэхэд хүндрэл үүссэнийг илтгэх биз ээ.
Б.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих