Төр төвшин бус, ард түмэн амгалан бус байдгийг хэн нэгэнд тохож, хаа газраас буруутныг хайх хэрэг алга. Өндөр дээд албан тушаал шиншилсэн, эрх ашиг мөрөөдсөн хүмүүсийн хийдэг ажил гэдэг нь тодорхой харагдана. Үүнд гагцхүү улс төрд гомдсон, гологдсон, тэндээс хөөгдсөн, шунал нь хэтэрсэн хүмүүс л хамаарна. Олон ч жишээ шил шилээ даран зогсоно.
Тухайлбал, өөрийнхөө хувь улстөрчийн пиарыг хэтрүүлсэн хэргээр намаасаа хөөгдсөн Ж.Батзандан нарын бүлэглэл, цадаж ханахгүй шуналтай гэх Н.Энхбаяр нарын бүлэглэл гээд урт цуваа хөврөх байх. Жижгүүдээс хөл толгойгоо мэдэхгүй олон жил дүрэмгүй харааж байгаа “Буян”-гийн Б.Жаргалсайхан гээд дурдаад байвал бүр ч олон болно. Өндийж ядаж буй нялх ардчилал, Монгол төрийг ард түмэнд хэн хэрхэн буруу харагдуулж, түүнийг дэвсэлж байна вэ гэдгээс асуудал эхэлнэ. Энэ хэрээр ард түмний тархийг угааж, хаашаа ч хамаагүй эргүүлэн үймүүлж болдгийг харуулж байна. Н.Энхбаяр, Б.Жаргалсайхан нар дүүрч, тэдэнд ямар нэгэн албан тушаал алга. Аугаа ихийн дэмийрэлдээ шатаад гудамжинд улстөржиж яваа хүмүүс.
Харин Ж.Батзандангийн хувьд 2006 оноос хойш Монгол төрийг гудамжинд хараасан. Сүүлийн найман жил дотор нь ороод харааж байгаагаас өөр ямар гавьяа байгуулсан хүн бэ. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагад Монгол төрийг хараах гэж бус түшилцэж, хууль санаачлах, батлуулах гэж ажилладаг гэдгээ тэр лав мэддэггүй. Үнэн хэрэгтээ АН-аас сахилгын арга хэмжээ авхуулж, гишгэх газаргүй болсон учраас мөн сахилга бат алдсан нөхрийн хамт хувийн улс төр хийж эхэлсэн.
Ингэхдээ эрх баригчдын дийлж байгаа талд нь үйлчилж байгаад банк санхүүгийн салбарт чамгүй асуудлаа шийдсэн гэх сураг байдаг. Олны салхинаас сонсон болохоос үнэн худлыг мэдэх юм алга. Тэдний яриад цээжээ дэлдээд байгаа шударга ёс хэмээх хөшигний ар талд ийм л зүйл байдаг бололтой. Хайруу өвлөөр түмнийг жиндээн барин талбай дээр жагсаад байсны цаана ердөө л ийм асуудал байсан хэрэг үү. Энэ үед Ж.Батзандан нар эрх баригчдыг огтхон ч хараан зүхэхгүй байсныг уншигч та анзаарсан байх. Харин тэд хувийн эрх ашгийн төлөөх энэхүү ажиллагаан дээрээ дөрөөлөөд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэх зүйл байгуулаад авав.
Хөхөө өвлийн хүйтнээр эхлүүлсэн тэдний хувийн эрх ашгийн төлөөх тоглолтод оролцсон мянга мянган иргэд дээр суурилсан “Шударга” нэртэй бүлэглэл хөдөө гадаагүй үүрээ засаж байгаа нь ард түмний тархийг маш сайн угаасан гэдэг нь харагдана. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь гээд үүрээ засаагүй газар алга. Тэнд мөн адил. Аймгийнхаа Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал гээд төрийн бүхий л шатны байгууллагыг хараан зүхэж, “Бид сайхан болгоно” гэсэн баруун, зүүнээ мэдэхгүй нөхдөөр хүрээгээ тэлчихэж.
ШИНЭН хэмээх бүлэглэлийн бодлого ийнхүү Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт тархан халдварлаж байна. Шударга үнэнийг хүсэж байгаа ард түмний сэтгэл дээр хийж байгаа тоглолт гэдгийг яаж мэдэх билээ.
Эрх ашгийн төлөө байгуулагдсан ШИНЭН мэт ч төрийн толгойд гарч ирнэ гэж үгүй. Гагцхүү ШИНЭН-г байгуулагч цөөн нөхөд л өөрсдийнхөө суудлыг хадгалахын тулд асар олон иргэдийн итгэл үнэмшил дээр тоглож байгаа хэрэг. Энэ нь Монгол Улсын төрд итгэх итгэлийг алдагдуулж байгаа нь хортой зүйл. Хязгаар аймагт ШИНЭН-аар овоглосон нутагтаа гайгүй хөрөнгөлөг, уяач голдуу нөхөд орон нутгийн сонгуульд орж аймгийн толгойд сууна гэдэгтээ тун итгэлтэй байгааг дуулгав. Тэр хэрээр Засаг даргынхаа эсрэг буруу зүгийн “цуурай” дэгдээн сууна. Аймгийн засаг захиргааг арай ч хөрөнгө хураасан хэдэн уяачид толгойлчихгүй. Толгойлоогүй учраас өдий зэрэгтэй явж ирэв. Мөн нэг багш нөхөр ажлаасаа гарч ШИНЭН-ын албанд зүтгэж байна. Зүтгэх болсноо “Аймаг орон нутгаа эмхлэн цэгцэлнэ” хэмээн ярих аж. ШИНЭН хэмээх бүлэглэл ямар хортойгоор тархаж байна вэ. Хамгийн наад зах нь тэр багш ажилгүй болж хоолноосоо сална. Уяач маань хэдэн адууны өртгөөр улстөржөөд эцэст нь нутгийн гэмгүй сайхан ах дүү нартай тангараг тасарснаар тэдний улс төр өндөрлөнө. Харин ШИНЭН-г үүсгэгч хоёр, гурван нөхөр өөрсдийнхөө суудлыг хамгаалаад үлдэнэ. АН-аас хөөгдөж орох оронгүй болсон нөхөд ийнхүү олон хүний амьдрал, нэр хүндээр наадан суудлаа хамгаалж байгаа л явдал гэж ойлгогдоно. Үүнээс өөр юу ч байхгүй. Нийслэл, дүүрэг аймаг сум гээд хичнээн хүн ийнхүү ажил амьдралаа доголдуулж байгаа бол доо.
Улс төр гэдэг хэн дуртай нь ороод ирдэг ч зүйл биш. Төр захиргааны байгууллага, шийдвэр гаргах түвшинд захын нэг нөхөр ажиллаад байдаггүй юм. Энэ бүгдийг ШИНЭН-г үүсгэгчид мэдэж байгаа ч ийнхүү өөрсдийн өчүүхэн эрх ашгийн төлөө олон хүнийг хорлож байна. Дээрээс нь улс төрд горилогч 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэж, “Шударга эвсэл” байгууллаа хэмээсэн. Тэд Мөрийн хөтөлбөр боловсруулахдаа “Авлигад идэгдсэн, нөлөөнд автсан хууль, хяналтын салбарт их цэвэрлэгээ хийнэ, авлига, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгож, түүний хамаарал бүхий этгээдүүдийг төрд ажиллахыг хориглох, банк, санхүүгийн монополь тогтолцоог задалж, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн боолчлолоос чөлөөлөх, өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан 30 тэрбум долларын өрийг гурван сая ард иргэдээр биш 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх "Өргүй монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх” зэрэг өнөөх л популизм, амлалтаа гулгуулсан байна лээ.
Үнэн хэрэгтээ ШИНЭН-г УИХ-д 2-4 удаа сонгогдож, салбарын сайдаар ажилласан хүмүүс байгуулсан. Ийн төрд олон жил ажиллаж байхдаа чухам юу хийсэн болоод өнөөдөр гэнэт ухаан оров.
Түүний төрд ажилласан найман жилийн ажлыг дүгнэхэд өөрийнх нь өчүүхэн эрх ашиг харагдана уу гэхээс өөр юу ч алга. Хамгийн наад зах нь дэлгэж болох болохгүй нууцыг түмний өмнө дэлгэнэ. Үнэн худлыг мэдэхгүй баримт дэлгэн популизм хийнэ. Ерөөсөө мөрдөн байцаагч, тагнуулч, шүүгч гээд гүйцэтгэх ажилтан шиг загнана. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх малгай дор гүйцэтгэх албаны хүмүүсийн ажлыг үгүйсгэнэ гээд бүтэлтэй зүйл алга. Юун шударга ёс, ардчилал, сайн сайхан нийгэм. С.Зоригийн хэрэг, түүнийг тойрсон ажиллагаа нь Ж.Батзандан болон ШИНЭН-ын гол пиар бололтой. Түүнээс чин санаа нь тэс өөр зүйл байв уу. Хэрвээ үнэн байсан бол одоо ч ярьж байх ёстой биз дээ. Иргэдийг хуйлруулж, ШИНЭН-г босгож, үүрүүдээ байгуулснаар чимээ намдааж байгаа нь ийн бодоход хүргэлээ.
Үүнээс гадна хаана хэн хэн байгааг нь үл мэдэгдэх МАНАН мафи гэж нэг түмний толгой эргүүлсэн бүлэглэлийн тухай яриа бий. МАНАН нь явж явж, М.Энхболдыг ажлаас нь авч хаяснаар сураг алдрав. Бүрэн нэр усаар нь зарлаж баримт дэлгэх учиртай зүйл ч энэ талаар болж байх шиг. Өнөөх идэр есийн хүйтэнд олон түмнийг уриалаад байсан гал цог ч хаачив гээд олон асуудал хөндөгдөж таарна.
Өнөөдөр ШИНЭН олон улс төрийн нам, Төрийн бус байгууллагатай нэгдлээ хэмээн хүчирхэг мэдэгдэл хийж байгаа нь ч аргагүй. Учир нь жижиг намууд, бие даагчдын хувь заяа сонгуулиас сонгуульд хумигдаж явсаар одоо бие даан нэр дэвших боломжгүй болж байх шиг. Тийм ч учраас нам эвсэл байгуулагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, олуулаа бүлэглэж байж сая нэг гайгүй амжилтад дөхөж очно гэдгийг ч улс төрд горилогчид анхааралдаа авсан учраас хүчирхэг харагдаж байна. Үнэн хэрэгтээ сонгууль болтол энэ эвсэл задрахыг ч үгүйсгэхгүй. Ийм л нэг төрөө сандааж, түмнээ үймүүлсэн бүлэглэл бий боллоо. Энэ удаад ШИНЭН-г онцолж байгаа болохоос бус дээр дурдсан МАХН, МҮАН, НН гээд бүгд адилхан гэдгийг дурдах хэрэгтэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих