АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA жүжигчин Том Крузтэй хамтран сансарт зургийг нь авсан анхны киног бүтээхээр ажиллаж эхэлснээ өчигдөр зарлажээ. NASA-гийн захирал Жим Брайденстайн “Сансарт зургийг нь авах кино бүтээл дээр Том Крузтэй хамтран ажиллаж байгаадаа NASA баяртай байна. NASA-гийн амбицтай төлөвлөгөөг бодитой хэрэгжүүлэх шинэ үеийн инженер, судлаачдыг бэлдэхэд кино урлаг чухал үүрэгтэй” гэж твиттер хуудсандаа бичсэн байна. Одоо 57 настай Холливүүдийн од Том Круз хүнд хэцүү үзэгдэлтэй кино бүтээлд өөрийн хүчийг сорих дуртайгаараа алдартай нэгэн.
Тухайлбал тэр удахгүй дэлгэцэнд гарах “Top Gun: Maverick” кинонд сөнөөгч онгоц жолооддог бол 2015 оны “Misson: Impossible Rogue Nation” бүтээл дээр нисэж буй онгоцноос зүүгдэж, “Mission: Impossible Ghost Protocol” дээр Дубай хотод оршдог дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагийн хананд авирдаг юм. Крузийн сүүлийн бүтээл “Mission: Impossible 7”-ын зургийг хоёрдугаар сард Италид авах ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байгаа. NASA-тай хамтран бүтээх кинонд Илон Маскийн SpaceX компани оролцоно гэсэн мэдээлэл байна. Учир нь тус компани энэ сарын сүүлээр NASA-гийн сансрын нисгэгчийг олон жилийн дараа анх удаа АНУ-ын нутаг дэвсгэрээс тойрог замд хүргэх гэж байгаа юм.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Reuters
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих