Луйс Суаресгүй Уругвай Коста Рикад 3:1-ээр ялагдал хүлээснээр хэсгийн гарах найдвар нь бүрхэг боллоо.
D хэсгийн уг тоглолтонд Форталеза хотын "Кастелан" цэнгэлдэхэд 58 мянган үзэгчдийн өмнө явагдсан юм.
24 дэх минутанд Эдинсон Кавани торгуулийн цохилтоос Уругвайд тэргүүллийг авчирсан. Гэхдээ 2-р үеээс Коста Рика-гийн эргэн ирэлт эхэлж Жоэль Кэмпбелл, Оскар Дуарте, Маркос Уренья нар дараалан гоолдсон юм.
Мөн цаг дуусах мөчид Уругвайн Макси Перейра улаан хуудсаар торгуульж багийнхаа нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгож байна. Тэдний хэсгийн 2 лидерийн тоглолт Италийн хожлоор өндөрлөсөн учраас Уругвай одоо Англитай хамт хэсгийн сүүлийн байруудад бичигдэж байна.
- ТОГЛОЛТЫН ЯВЦ
Коста Рика-гийн нягт хамгаалах гэсэн тактик 24 дэх минутад бүтэлгүйтлээ. Жуниор Диас эсрэг багийн Диего Луганог 16 дотор зөрчил гарган унагаснаар торгуулийн цохилтын цэгийг заасан юм.
Эдинсон Кавани 11 метрийн зайнаас алдаа гаргасангүй. Гэхдээ Хорхе Луис Пинто-гийн залуус яаж хариуг нь барихаа мэдэж байлаа.
Тэд хамгаалалт зонхилсон тактикаа тэр дор нь өөрчилж довтолгоонд хүч түрэн орох болсон юм. Гэхдээ Фернандо Муслера-гийн ачаар 1-р үед Уругвай тоглолтын тэргүүллээ хадгалж чадсан.
Завсарлагааны дараа түүний ажил дахин ундарсан. Эхлээд тэрээр Дуарте-гийн аюултай мөргөлтийг амжилттай зогсоосон.
Гэхдээ хэдхэн минутын дараа Жоэль Кэмпбеллийн цохилтын эсрэг тэрээр юу ч хийж чадсангүй. Олимпиакосын довтлогч баруун жигүүрээс ирсэн бөмбөгийг цээжин дээрээ тогтоогоод солгой хөлөөрөө цөм цохиж гоолдсон юм. Жоэль гоолын баяраа удахгүй амаржих эхнэртээ зориулан тэмдэглэсэн юм.
Удалгүй нөхцөл байдал Уругвайн хувьд улам хэцүүдлээ. Кристиан Боланьосын гүйцэтгэсэн чөлөөт цохилтыг Оскар Дуарте нарийн буланд мөргөж Коста Рикад тэргүүллийг авчирлаа.
Энэ гоолын дараа Кэмпбелл, Руйс, Кавани нар хоёр талын хаалгачдыг тус тус нэг удаа шалгаад амжсан.
84 дэх минутад Кэмпбеллийн уралдуулсан дамжуулалтыг Маркос Уренья гоол болгосноор Уругвайн эргэн ирэлт хийх найдвар тасарсан юм. Маркос сэлгээгээр ирж ирээд ганцхан минутын хугацаанд ийнхүү гоолдож байна.
90+5 дахь минутад Макси Перейра Кэмпбеллийг бүдүүлэг байдлаар өшиглөж улаан хуудсаар торгуульж хэсгийн дараагийн тоглолтыг өнжихөөр болж байна.
- ОНЦЛОХ ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- Уругвайн шигшээ баг Дэлхийн аваргын түүхэнд 9 дэх улаан хуудсаа авлаа. Зөвхөн Бразил, Аргентиний багууд энэхүү бараан үзүүлэлтээр тэдний өмнө 10, 11 карттай жагсдаг.
- Дэлхийн аваргад өргөгдөөд байгаа сүүлийн 3 улаан хуудасны 2 нь Уругвайд харьяалагдаж байна. Өчигдөр Макси Перейра болон 2010 онд Луйс Суарес.
- Уругвай 1970 оны Дэлхийн аваргаас хойш (Израйль) нээлтийн тоглолтоос хожил авч амжаагүй байна.
- Коста Рика түүхэндээ анх удаа Дэлхийн аваргын 1 тоглолтонд 2-оос дээш гоол оруулж байна.
- Уругвай сүүлд оролцсон дэлхийн аваргын 7 тоглолтонд дараалан гоол оруулаад байна. Өмнөх цуврал нь 1930-аас 62 оны хооронд 16 тоглолт байлаа.
http://news.gogo.mn/fifa/r/141827
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих