Сонгууль болоход 40 гаруйхан хоног үлдлээ. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа ард түмэн энэ парламентад дүн тавина. Сонгууль дөхөх тусам улс төрийн дайн ширүүсч, залуу үеийнхэн нас ахимаг улстөрчид рүү дайрах хандлага нэмэгдэж байна. Олон жил сонгогдсон парламентчдаас зайгаа тавьж өгөхийг шаардаж, зарим нэгэнтэй нь бараг “дайн” зарлаж байна.
Тэгвэл энэ парламентад 56-гаас дээш насны 32 гишүүн байдаг. Тэгвэл 60-аас дээш насны дөрвөөс дээш удаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан зургаан гишүүн байна.
Хуулиараа бол 60 настай эрэгтэй тэтгэвэрт гарах ёстой ч УИХ-ын гишүүн тэтгэвэрт гардаггүй тул тэд төрд үүрэг гүйцэтгэх эрх зүйн чадамжтай гэсэн үг.
2016-2020 оны парламентад төр түшиж буй ахмад гишүүдийг харъя.
Энэ парламентын хамгийн ахмад нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан юм. Тэрээр 1954 онд төрсөн, 66 настай. Нийт зургаан удаагийн парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Хамгийн өндөр настай бас хамгийн олон удаа сайдын албан тушаалд томилогдсон. Тодруулбал, Сангийн сайдаар гурав, Шадар сайдаар нэг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар нэг, Төсвийн байнгын хорооны даргаар хоёр, УИХ-ын дэд даргаар нэг удаа томилогдож байжээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 1955 онд төрсөн, 65 настай. Тэрээр дөрвөн удаагийн парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар нэг, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар нэг, Шадар сайдаар нэг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар нэг удаа томилогджээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд 1956 онд төрсөн, 64 настай. Тэрээр 1992 оноос хойш долоон удаа парламентад сонгогдож, 28 жил тасралтгүй УИХ-ын гишүүний үүрэг хүлээж байгаа. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар гурав, УИХ-ын дэд даргаар хоёр, УИХ-ын даргаар нэг удаа томилогдож байв.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 1957 онд төрсөн, 63 настай. Тэрээр 1992 оноос хойш долоон удаа парламентад сонгогдож, 28 жил тасралтгүй УИХ-ын гишүүнээр ажиллажээ. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сайдаар ажиллаж байгаагүй ч таван удаа байнгын хорооны дарга, нэг удаа УИХ-ын дарга, нэг удаа УИХ-ын дэд даргаар томилогдож байжээ.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хувьд 1957 онд төрсөн, 63 настай. Тэрээр зургаан удаагийн парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Гадаад хэргийн сайдаар нэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар нэг, Батлан хамгаалахын сайдаар нэг, УИХ-ын дэд даргаар нэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар нэг удаа томилогдон, төрийн алба хашиж ирсэн туршлагатай.
Шадар сайд Ө.Энхтүвшин 1958 онд төрсөн, 62 настай. Тэрээр таван удаа парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ө.Энхтүвшин нь сэтгүүл зүйн салбараас улс төрд хөл тавьж, МАН-ын дарга болтлоо рейтинг нь өссөн эрхэм юм. Таван удаа парламентын гишүүнээр сонгогдох хугацаандаа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар нэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар нэг, Шадар сайдаар нэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар тус тус сонгогдон ажиллажээ.
Т.Номин
Эх сурвалж: Zindaa.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих