Энэ жил улсын хэмжээнд нийт 32 мянга гаруй хүүхэд Элсэлтийн ерөнхий
шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Тэгвэл тэд нэгдсэн журмаар өнгөрсөн бямба
гарагийн 12:00-13:30 цагийн хооронд монгол хэл, бичгийн шалгалт
өгснөөр энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ.
Учир нь иргэдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, харилцааны
түвшинг тогтоох, дархлааг сайжруулах зорилгоор Боловсрол, шинжлэх
ухааны яамнаас энэ жилээс эхлэн монгол хэл, бичгийн шалгалтыг ерөнхий
шалгалтад бүртгүүлсэн бүх сурагчид өгөх ёстой гэсэн шийдвэр
гаргасан.
Эл шийдвэрийн хүрээнд тэд өнгөрсөн амралтын өдөр шалгалтаа өглөө. Харин
өнөөдрөөс эхэлж эзэмших мэргэжлийнхээ чиглэлийн дагуу шалгалтуудаа
өгч эхлэх юм.
Тодруулбал өнөөдөр орос хэл, хими, англи хэлний шалгалт явагдана.
Маргааш түүх, математик, биологи, монгол хэлний шалгалтаа өгөх бол
хамгийн сүүлийн өдөр буюу энэ сарын 19-нд физик, нийгмийн тухай
мэдлэг, газарзүйн хичээлийн шалгалтаа өгснөөр Элсэлтийн ерөнхий
шалгалт өндөрлөх юм.
Дашрамд дуулгахад салбарын яамнаас дээд боловсролын шинэчлэлийг
эхлүүлэн, төрийн өмчит зарим сургуульд бүтэц зохион байгуулалтыг нь
өөрчилсөн.
Түүнчлэн 2014-2015 оны хичээлийн жилд их дээд сургуульд элсэн орж
байгаа бол дээд боловсролын суурь хичээлийг хоёр жил судалж, дараа нь
мэргэжлээ сонгон суралцахаар өөрчлөлтийг хийсэн. Энэ нь оюутныг
мэргэжлээ буруу сонгох, сонирхолгүй мэргэжлээрээ суралцах,
төгссөнийхөө дараа тухайн мэргэжлээрээ ажиллахгүй байх зэргээс
сэргийлж байгаа аж.
Мөн салбар сургуулиудыг чиглэл чиглэлээр нь ялгасан учраас эхний
хоёр жил суурь хичээлүүдээ үзэж дуусгасны дараа ямар мэргэжил сонгохоо
ул суурьтай бодож, шийдвэр гаргахад нөлөөлнө гэж сургуулиудын
зүгээс үзэж байгаа юм байна.
Б.Төрбат
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих