УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихийг горилогчид намын дарга, удирдлагуудыг “тойглоод” тун ч завгүй өдрүүд үргэлжилж байна. Ирэх өдрүүдэд энэ улстөрийн томоохонд тооцогдож буй АН, МАН-ынхан ч нэр дэвшигчдээ тодруулах хурлаа хийхээр төлөвлөөд байгаа.
АН-ын хувьд ҮБХ-ны хуралдаанаас өмнө эхлээд хандивын мөнгөө өг гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тиймээс боломжит улстөрчид нь хөрөнгө зоорьгүй үлдчих гээд сандарч байхад нөгөө талд нь орон нутгийнхаа иргэдэд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй буюу ИТХ-даа сонгогдож чаддаггүй хүмүүс мөнгөө тушаачихсан дээгүүр харж, исгэрч яваа аж.
Тодруулбал, Говь-Алтай аймагт Н.Лхагвадорж, Орхон аймагт Ц.Батхуяг нарын хүмүүс их мөрөөдлөө тээн УИХ-ын сонгуульд үзнэ хэмээж байх юм. Уг нь “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг. Түүнтэй адил гэрийнхээ эргэн тойрныхонд хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн улсад тэднийг төлөөлнө гэдэг юу л бол. Өмнө нь энэ асуудал эсрэгээрээ УИХ-ын сонгуульд бүдэрмэгцээ орон нутгийн сонгуульд өрсөлдөх зарчмаар явагддаг байсан. Товчхондоо төрд бус дүүрэгтээ өөрийгөө таниул гэсэн үг гэж ойлгогдож байлаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшиж бүдэрмэгцээ орон нутгийн сонгуульд нэр дэвшиж л байсан.
Гэтэл өнөөдөр хэн дуртай нь АН-д мөнгөн хандиваа өгсөн л бол ялалт байгуулах эсэх нь хамаагүй гэсэн үг болчхоод жинхэнэ гишүүдийнх нь эгдүүг хүргэх болжээ. Үнэхээр ч эрхэм дарга С.Эрдэнэ бүхнийг мөнгөөр хэмжин босго давуулбал АН-ын ирээдүй улстөрд ялалт байгуулна гэдэг тун бүрхэг болох биз ээ. Ядахад бодлогын босго тавиагүй үүнийх нь ард “өрсөлдөгчдөө худалдан авах” шинэ тактик бий болж, өнөөдөр АН-ын зарим гишүүний хандивын мөнгийг МАН-ын “томчууд” илгээж буй сураг ч гарч байгаа биш гэж үү.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих