Содон өнгө, өөр төрх, өвөрмөц хэв маягийг байгаль эхээс өвлөсөн бүхэн эрт үеэс л олны хараанд өртсөөр ирсэн. Гэлээ гээд бидний өвөг дээдэс содон бүхнийг шидтэнээр өргөмжлөн зарлаж, олноороо нийлэн гишгэчин сүйтгэж байсангүй. Сүсэг бишрэл нь солиорол болтлоо туйлшралгүй XXI зуунтай золгосон юм, монголчууд. Гэтэл байгалийн бүтээлээр ашиг олдог, хэтдээ сөрөг үр дагавар ихтэй бизнес энэ цагийн өнгөнд сүсэглэл, солиорлоор дэнслэгдэж байна.
Сүсэглэл нь солиорол болж хувирсан бас нэг жишээ. Модны ур гэх ургацгийг усанд буцалгаж уувал элдвийн өвчин байтугай хорт хавдар анагаадаг хэмээн сурталчлах болов. Яриад ч зогссонгүй. Ургацаг олж зардаг, авдаг, уудаг хүмүүс олширсныг хөдөө хээрээр олонтоо явахдаа цөөнгүй харж, сонсож байна. Ойн салбарын эрдэмтэн, доктор Д.Энхсайхан “Модны ур буюу ургацаг нь нэгэн төрлийн өвчин юм. Тодорхой хэлбэл, хорт хавдраар өвчилсөн хүний хавдар нь гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.
Шинжлэх ухааны талаас нь дахин тайлбар өгье. Жишээ нь, мушгирч, эсвэл далий мурий ургасан мод ургах явцдаа ямар нэг гэмтэл авсан, эсвэл генийн өөрчлөлттэй, хүнээр бол гажигтай гэсэн үг ажээ. Гэтэл тэрхүү гаж ургасан моднууд гайхамшгийг бүтээдэг шидтэн болон хувирав. XXI зууны монголчууд ийнхүү эрүүл бус, өвчин эмгэгтэйг илтгэдэг модны ургацаг, “үү”-г нь шүтэн биширч эхэлсэн нь өнөөгийн нийгмийн сүсэглэл улам л гаж болж буйг илтгэнэ.
Цаашлаад янз бүрийн ургамлын үндэс, навчийг ямаа аятай тасдан үмхэлж, үхэр мэт хивж зогсдог нөхдүүд ч олширлоо. Статистик мэдээнээс харвал, хорт хавдрын өвчлөл манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болсон төдийгүй тоон үзүүлэлт нь жилд 4000-аар тоологдож байна. Модны ур, ургацаг мэтүүд үнэхээр тийм л шидтэй юм бол хорт хавдраас үүдэлтэй нас баралтын статистик үзүүлэлтэд гайхам эерэг өөрчлөлт гарах учиртай. Цаашлаад анагаах ухааны салбар өндөр хөгжсөн улс орнууд хэдийнэ авч ашиглаад, хүн төрөлхтнийг аврах эм бүтээснээ зарлах байсан бус уу?
Ойрын нэг танил минь өнгөрсөн хавар салхинд гарангаа арваад яргуй тасдаж идсэнээ бахархалтайгаар ярив. Өөрөө зооглоод зогсохгүй хүүхдэдээ “хүч” хэрэглэн үмхүүлжээ. Яргуй идвэл хоолойны өвчин илааршдаг гэх яриа эртнээс улбаатай. Бас тамир тэнхээ оруулдаг хэмээн ярьдаг ч яргуй идээд “шид”-ийг олохгүй гэдгийг шинжлэх ухаан баталсан. Хүүхдийн их эмч Д.Буянхүү “Малын гаралтай гоц халдварт өвчин хил хязгааргүй тархаж, хөрсний бохирдол Монгол орны хэмжээнд яригдах болсон өнөө үед ийм эрсдэлтэй алхам хийж болохгүй. Ганц яргуй ч биш. Тэгээд ч хүүхдийн дархлаа сул байдаг тул хэтдээ ямар ч эрсдэл дагуулж болзошгүй” хэмээн сэрэмжлүүллээ.
Анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан “Яргуйг Европын, Дорнын уламжлалт анагаах ухаанаар ч тэр хамгийн их судалсан ургамлын нэг. Монгол анагаах ухаанаар бол яргуй нь халуун чанартай, цус бага зэрэг шингэлдэг болохыг батласан. Тэгэхээр цусаа шингэлэх гэж байгаа бол заавал яргуй идэж ходоод гэдсээ шархлуулах хэрэггүй. Оронд аспирин уучихаж болно гэж хэлмээр байна. Яргуй их халуун чанартай ургамал. Тэгэхээр хордож харшил авах эрсдэлтэй” хэмээн зөвлөжээ.
Сүсэг бишрэлээс улбаатай бизнесийн бас нэг жишээ бол “битүү мод”. Ерөнхийдөө энэ нь тайрч, өнгөлж лакадсан, янз бүрийн хэмжээтэй модны мөчир юм. Уг мөчир нь ямар нэг байдлаар гэмтэж буруу ургаад, салаалсан үзүүр нь эргэж үндсэн мөчир лүүгээ зоогдон бариул аятай нүх гаргасан байх ажээ (Зургаас тодорхой харна уу).
Харин ийн ургасан мөчрийг тайрч зүлгүүрдээд, дунджаар 20 мянган төгрөгөөр зардаг бөгөөд “Айлд байх маш сайн. Гай гамшиг, өвчин зовлонгоос гэр орон, үр хүүхдийг чинь хамгаална. Аянга цахилгааныг зайлуулдаг” хэмээн ухуулж байхтай цөөнгүй таарлаа. Ийн сурталчлах нөхдүүд уран шувууны үүр, махчин шувуудын өд сөд, сангас зэргийг худалдан авах санал тавьж буй арга барил нь ч адил. Хэлэх үгнийх нь үндсэн холбоос шашин шүтлэгээр улбаалж байгаа нь сүсэглэл өдгөө Монголын нийгэмд ямар их хүч авсныг илтгэнэ.
Ц.Цэвээнхэрлэн
Эх сурвалж: Zindaa.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих