-Нэр дэвшүүлэлт хөшигний ард цуврал-3-
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа АН ардчиллын зарчим барьсангүй. Мэдлэг, боловсрол, дадлага туршлагын шалгуур тавьсангүй. Бүлэглэл, мөнгө гэдэг хоёрхон үгээр л бүгдийг нь шүүн цензурджээ. Ийм шүүмжлэл олон нийтийн дунд өрнөсөөр байна. Багадаа дөрвөн жил, бүр цаашилбал найм, 12 жил эргэж тойрч, хар ярианы хэллэгээр бол тогтмол “усалж”, арчилж тордож байсан тойргоосоо ямар ч шалтгаангүйгээр мултлуулж, үзэгчийн суудалд шилжсэн олон горилогч АН-ын дарга нарт гомдол, тунирхал, хорсол, шүүмжлэл зангидаж яваа нь ч нууц биш. Үүнийгээ ил илэрхийлж байгаа нь ч олон байна. Бүлэглэлүүдийн ханцуйн доторх наймааны дагуу, АН-ын нэр дэвшигчдийг тодруулах “онцгой комисс”-ын хүсэл таашаалаар зурагдсан АН-ын сонгуулийн тойрог хуваарилалтыг харахад олон жил горьдлого тээн бэлтгэлээ хангаж яваад юу ч үгүй болж үлдсэн улстөрчид нэлээд байна. Басхүү өөрийн “усалсан” тойргоо бусдад алдаж, аргагүйн эрхэд хүний тойрогт торж үлдсэн “торгуулийн суман”-гийнхан ч цөөнгүй харагдана. Ийм хоёр бүлэг горилогчдын хэн хэн нь хэнхдэг цаанаа зангирсан гомдолтой, хэлэн дээрээ бултганасан шүүмжлэлтэй энэ удаагийн сонгуулийн сунгааг угтаж байна.
НЭР НЬ ТОДРООГҮЙ НЭР ДЭВШИГЧИД
АН-ын гишүүн байсныхаа төлөө Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох энэ удаа эрхээ хасуулсан улстөрчдийг БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нар тэргүүлж байна. Л.Гантөмөр л гэхэд тойргоо аль хэдийн тордон тойлж, сонгуулийн ажлаа эхлэн, бүр сурталчилгааны цахим сэтгүүл гаргачихаад байсан аж. Р.Эрдэнэбүрэн ч ялгаагүй. Дундговь аймгаа сүүлийн хэдэн жил тогтмол эргэж, бэлтгэлээ базааж байв. Гэвч АН-ын “онцгой комисс”-ын шийдвэрээр нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагджээ. Тэд арай ч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат шиг бачимдан хашхирсангүй, цээжиндээ шатсан галын утааг хамраараа гаргалгүй тэсэж, “Өс биш, бодлого зангидъя” гэхчлэн манж үг хэлсээр тойргийн гадна торойж үлдэв. Бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө хүчээр крандуулан нэр дэвшсэн Э.Бат-Үүл, З.Энхболд нар намынхаа шинэ залуу гишүүдийг ичгүүр сонжуургүйгээр түлхэн унагажээ. З.Энхболд хаана нэр дэвшинэ, тэнд нь очиж халз үзэлцэнэ хэмээн хэвлэлээр сүртэй нь аргагүй зарласан Э.Бат-Үүл Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бүлэглэлийн татаасаар Хэнтий аймагт АН-аас нэр дэвшихээр болсон нь олныг гайхшируулсан. Сонгуулийн зорилгоор Хэнтийд нэг ч удаа очиж үзээгүй Э.Бат-Үүл ийнхүү Ж.Осгонбаатар, М.Хүдэрбаатар, Б.Гарамгайбаатар нарын горилогчдын боломжийг булаан авчээ. Тэдний дундаас М.Хүдэрбаатар хамгийн гомдолтой байгаа гэнэ. Улсын баатарт халз тулаанд дуудагдаад байсан З.Энхболд өөрөө Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр эртнээс бэлтгэж байсан М.Тулгат гэх залууг мөргөж, боломжийг нь дээрэмджээ. Мөн Баян-Өлгийд АН-аас нэр дэвшихээр горилж байсан УИХ-ын гишүүн асан А.Бакей Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгийг авсан Д.Мурат, Б.Бейсэн нарт боломжоо булаалган гомдол тээн үлдсэн байна. Завхан аймагт УИХ-ын гишүүн Я.Санжмятав дахин нэр дэвшиж чадалгүй хоцорчээ. Түүний хувьд 2004 онд мөн АН-аас нэр дэвших эрхээ авч чадаагүй тул бие даан ялалт байгуулж байв. Тухайн үед намаас боломж олдоогүй тохиолдолд бие даан нэр дэвшиж байлаа.
Харин энэ жилийн хувьд сонгуулийн шинэ хуулиар ийм боломж хаагдсан юм. Говь-Алтай аймагт АН-аас МҮОНРТ-ийн захирал асан Ц.Оюундарь, тус аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дарга Болормаа нар нэр дэвшихээр санаархаж байсан ч мөн л хоншоор дутжээ. Говь-Алтайд нэг ч очиж үзээгүй сэтгүүлч О.Батханд АН-ын даргын татаасаар тус аймагт нэр дэвшээд байгаа юм. Архангайд Сангийн сайд асан Б.Болор нэр дэвшихээр чардайтал зүтгээд мөн л жийгдсэндээ хамгийн их шатаж, шаралхаж байгаа гэнэ. Булган аймгийн Засаг дарга асан Д.Эрдэнэбатын оронд Орхон аймагт нэр дэвших гэж байсан Өсөхбаяр гэдэг залууг дэвшүүлсэн нь АН-ын бүлэглэлийн бас нэг сюрприз. Булганаас нэр дэвшихээр горилж байгаад горойж үлдсэн өөр нэг хүн гэвэл олимпын аварга Н.Түвшинбаяр. Булганы нэр дэвшигчид ийн будилсны учир нь З.Энхболд өөрийн хүмүүсээ зүтгүүлснийх юм байна. Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцын дарга байсан Нямдаваа мөн л АН-аас нэр дэвших сонирхолтой байсан ч түүний оронд Дубайн гэрээг гардаж гарын үсэг зурсан Б.Бямбасайханыг дэвшүүлээд байгаа. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан Б.Ариунболд Хан-Уулын тойргоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн болох Ч.Өнөрбаярт булаалгасан бол БНХАУ-ын Эрээнд консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ АН-аас дэвших эрхээ авч чадахгүйгээ мэдээд бие даажээ. Түүнчлэн тойрог онилж аваад, уйгагүй “усалж” байсан Д.Сүндий, Б.Мөнхболор зэрэг горилогчид нэр нь тодроогүй нэр дэвшигчид болон үлдэв.
ТОЙРГОО ДЭЭРЭМДҮҮЛСЭН Ч ТОГТОЖ ҮЛДЭГСЭД
АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа тойрог ч үгүй, мандат ч үгүй хоцорч, арга буюу МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”-ээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшээд байгаа. Энэ бол урьд өмнө сонгуулийн түүхэнд гарч байгаагүй үзэгдэл.
Намын дэд даргаар ажиллаж байгаа хүн нэр дэвших эрх авч чадалгүй өөр нам, эвсэл бараадсан гэхээр АН дахь бүлэглэлийн бялуу хуваалт ширүүхэн болсных. Энэ ширүүн ширвэлтээр өөрийн зүсэлж авсан тойргоо бусдад алдан, таньж мэдэхгүй тойрог руу цөлөгдөгсөд АН-д цөөнгүй байна. Тухайлбал, сэтгүүлч О.Батханд уг нь Булганыг “усалж” байгаад Говь-Алтайд цөлөгдсөн бол дээр дурдсан Өсөхбаяр Орхон аймагт дэвшихээр бэлдэж байгаад Булган руу “нутаг заагджээ”.
АПУ-гийн П.Батчимэг нийслэлийн ИТХ-д Хан-Уул дүүргээс хоёр удаа сонгогдсон. Тиймээс дүүргээсээ нэр дэвшинэ гэж байсан ч Дорнодоос нэр дэвшихээр болжээ. УИХ-ын гишүүн асан Д.Батцогт Сонгинохайрхан дүүрэгт дэвшихээр бэлтгэж байсан ч Баянгол дүүрэг рүү цөлөгджээ. Ийнхүү тойрог, дүүргээсээ төөрч одогсдын дотроос хамгийн өрөвдөлтэй байдалд ороод байгаа нь УИХ-ын гишүүн С.Жавхлан. Тэрээр Баянзүрх дүүрэгт дахин нэр дэвшихээр ташуур, шилбүүрээ бэлдэж байсан ч АН-д элсэн орсноор Увс руу цөлөгдсөн юм. Э.Бат-Үүл нийслэлд дэвшинэ гэж байсан ч Хэнтий рүү, Д.Оросоо Баянгол дүүрэгт нэр дэвших санаатай байсан ч Орхон аймагт илгээгдэж, Р.Булгамааг Баянзүрхээс Чингэлтэй рүү, П.Цэцэгмааг Баянголоос Сонгинохайрхан рүү түлхжээ. Ийнхүү АН энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхдээ бүлэглэлүүдийнхээ эрх ашгийг хангаж, хонь бүрэн, чоно цатгалан гэгчийн үлгэрээр хуваарилалт хийжээ. Намууд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ сонгуульд сойдог бол АН бүлэглэлүүддээ таалагдсан хүмүүсийг л дэвшүүллээ.
М.Хангарди
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих