“Анхны алхам” уран сайхны кино 1970 оны хавар үзэгчдэд хүрсэн билээ. Уг кино Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн оюутан Г.Жигжидсүрэн (одоо ардын жүжигчин) найруулж энэ бүтээлээрээ дипломын ажлаа хамгаалжээ. Зохиол нь кино найруулагч Ч.Гомбынх. Анх “Өвөлжих хун” нэртэй байж.
Кинонд оюутан Мядаг дадлага хийхээр хадлангийн нэгэн бригад дээр ирж байгаагаар кино эхэлдэг. Хичээлийн танхимаасаа гарч ирсэн тэр охинд ямар сорил бэрхшээл тохиолдсоныг харуулдаг. Цаашдаа тохиолдол бүхнийг давж хадланч хэдэн өвгөний итгэлийг хэрхэн олж авч байгааг кино өгүүлнэ. “Анхны алхам” кино бол хамгийн энгийн өгүүлэмжтэй кино. Хүмүүс хоорондын нандин сэтгэлийг утга уянгын арга барилаар харуулж чадсан кино гэж судлаачид дүгнэсэн нь бий. Хадланч өвгөдийн хэл яриа энгийн, жинхэнэ монгол ахуй тэнд харагддаг гэж бас хэлдэг юм. Дүрүүд нь тус тусдаа бодит хүмүүс. Энэ тухай киног найруулагч, ардын жүжигчин Г.Жигжидсүрэн хэлэхдээ,
-Кино яагаад шинэлэг аястай, хадланч өвгөдийн дүр өнөөдөр ч үзэгчдийн сэтгэлд тод байдаг вэ. гэвэл дүрийн сонголт сайн болсон санагддаг юм шүү. Хамгийн анх ардын жүжигчин Н.Цэгмэд, гавьяат жүжигчин Ё.Шаравдоо нарыг дараа нь Мядагт Б.Цэцэгбалжид, Ч.Хүрэл хоёрыг сонгосон. Тэр хоёр УБДС-ийн кино драмын ангийн хоёрдугаар курсын оюутан байв.
Сүүлд нь нэг чухал дүр Базарын дүрийг Дорнод аймгийн ХДТ-аас гавьяат жүжигчин С.Цэрэндашийг сонгосон. Түүнд зохиолоо уншуулаад маргааш нь уулзахад,
-Базарт тоглоход надад судлаад байх юм алга. Цэрэндаш Цэрэндашаараа байхад л энэ Базар чинь амилчих юм биш үү дээ гэж байсан. Бас бусад дүрд ч олон хүн проб туршилтад орж байсан гэж ярив.
Тэгээд “Өвөлжих хун” нэртэйгээр уг кино Соёлын яамны урансайхны зөвлөлд орохдоо нэрнээсээ эхлээд сүрхий шүүмжлэл хүлээж бүр “Манай ХАА бүрэн механикжсан байхад хөгжлийг буруугаар харж, жалганы мухарт гар хадууртай хэдэн өвгөн. Ер нь “марксизмд таарахгүй” гэж зад авахуулжээ. Үүний мөрөөр нэлээн засвар хийж нэрийг “Анхны алхам” гэж нэрлэсэн юм билээ. Энэ нэр үнэхээр тохирсон гэж ч болно. Яагаад гэвэл Б.Цэцэгбалжид, Ч.Хүрэл, О.Балданпүрэв нарын дэлгэцэд гарсан анхны бүтээл нь. Бас Г.Жигжидсүрэн, оператор Л.Шаравдорж нарын анхны кино байсан. Уг киноны тухай олон судлаач, уранбүтээлч үгээ хэлсэн байдаг бол нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн,
-Г.Жигжидсүрэн “Анхны алхам” киногоороо Монголын кино урлагт шивнэж биш хашгирч орж ирсэн найруулагч гэжээ.
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих