УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээр СЕХ-ноос тогтоолоо гардан аваад байсан Н.Номтойбаярыг өчигдөр Хорих 461 дүрээг ангид саатууллаа. Өчигдөр болсон энэ үйл явдалд иргэд сошиал орчинд дургүйцлээ илэрхийлсээр байна. Н.Номтойбаярыг бие даан нэр дэвших гэж буйг Хан-Уул дүүргийн иргэд дэмжиж, 31 мянган хүн гарын үсгээ зурсан байдаг. Сонгуулийн албан ёсны ажиллагаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө болж буй энэ үйл явдал эрх баригчдын өрсөлдөгчөө намнах танил арга юм. Тэд сонгуульд ялалт байгуулах магадлал бүхий улстөрчдийг сонгуулийн өмнө барьж, шоронд хорьдог. Сонгуулийн дараа юу ч болоогүй мэт гаргаад явуулдаг. Хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулж, төрийн нэрээр далайлган шоронд хорьж байгаа энэ үйл явцад иргэд ясны дургүй нь хүрч байна. Тиймээс өнөөдөр Н.Номтойбаяр шоронд орсноороо нэр хүнд нь улам нэмэгдэж байна. Магадгүй, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа эрх баригчдийн нэр хүнд тэр хэрээр унаж байгаа биз.
Н.Номтойбаяр саатуулагдахаас өмнө өөрийн цахим хуудаснаа "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!" хэмээж бичиж амжсан байсан.
Өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг нь энгийнээр бол гэм буруугийн бус, харин хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын товыг гаргах үйл явц. Гэтэл шүүх хуралдааны төгсгөлд прокурорууд мэдээлэл гаргаж, Н.Номтойбаярыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон. Үүнийгээ ч гүйцэлдүүлж, ачаад явсан. Түүнийг мөрдөн байцаагчтай утсаар ярьсан гэх үндэслэл гаргаж ирж байгаа. Үнэн хэрэгтээ энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчиж байгаа юм. Түүнд, “Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа” буюу зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно гэсэн байдаг.
Н.Номтойбаяр энэ заалтад хамаарагдах эрх нь үүсчихсэн, СЕХ-ноос “Бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолоо гардан аваад байсан. Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Шүүхийн эцсийн шийдвэр гарч гэм буруутайд тооцоогүй учраас нэр дэвшигчээс хасахгүй. Хоригдсон хүн бүрийг нэр дэвшигчээс хасна гэж байхгүй. Гэм, буруутай эсэх шүүхийн шийдвэр гараагүй, урьдчилан хорьж байгаа бол нэр дэвших эрх нь хэвээр хадгалагдана" хэмээсэн. Тэгэхээр шүүхээс Н.Номтойбаярыг хорих шийдвэр гаргасан ч нэр дэвшигчээс хасах эрх зүйн үндэслэл үгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэр Хорих 461 дүгээр ангиас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулах анхны хүн байх бололтой. Учир нь хүний эрх, шударга ёсыг хамгаалах үзэлтэй мянган мянган хүн Н.Номтойбаярын дэмжиж байгаа, дэмжигчид улам нэмэгдсээр байна.
Д.Сайхан
Эх сурвалж: Өдрийн сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих