Миний бие Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Сономын Чоймбол гэж агуу уран бүтээлчтэй ойр дотно үерхэж нөхөрлөж яваагүй ч, хүндэтгэн биширч явдаг хүнийх нь нэг билээ. Олон биш ч уулзаж, яриа хөөрөөг нь сонсох аз тохиож байсных энэ агуу хэрнээ эгэлгүй даруу уран бүтээлчийн тухай дуулж сонссоноо хуваалцахаар шийдсэн юм.
С.Чоймбол гавьяат XX зууны Монгольш дүрслэх урлагт уран баримлын төрлийг хөгжүүлзх, Монголд орчин цагийн монументал уран баримал, вааран урлалын эхийг тавьсан нэгэн. Түүнийг гаднаас нь хараад хэн ч гавьяа шагналтай, гайхалтай уран бүтээлч гэж танихааргүй. Голдуу л нэг төрлийн хувцастайгаа алхаж явах. Хаа нэг унагах шог хошин үг нь харин ч часхийсэн байна даа. Туулсан амьдрал нь бүтээсэн баримлуудтайгаа эгээ л адилхан тун сонирхолтой. Арваадхан насандаа өөрийн ах уран Шаравыг бараадан Эрдэнэзуу хийдэд шавилан суусан тухайгаа бичиж үлдээсэн байдаг юм билээ. Ах Шарав нь нутаг усандаа алдартай бурханч хүн байж. Тэгээд л С.Чоймбол ахынхаа дарх хийх, шавраар бурхдын дүрс урлах, хэв авах, цутгах зэргийг харж урлах эрдэмд суралцсан тухайгаа нэг удаа ярьсан юм. С.Чоймбол гуай хийдийн олон урчуудын хамт сүм дугана засч сэлбэх, зурж чимэглэх зэрэгт чадамгай сайн болсноор нутаг усандаа "Уран" хэмээн хүндлэгдэх болжээ. Монгол оронд хувьсгал ялж шинэ засгийн боддого шийдвэрийг ухамсарласны үндсэн дээр хийдээс гарч хар болон хэсэг хүмүусийн хамт гэрийн мод, тавилга хийдэг болсон гэнэ.
Түүний эцэг Соном тайж угсаатай нэгэн учир хүү нь хэргэмийг нь залгамжилж авсан бөгөөд тайж гэдгээрээ язгуурын албан татвар төлдөг байжээ. 1937 оны хэлмэгдлийн шуурга хамгийн түрүүнд томоохон сүм хийдийг нөмрөхөд Эрдэнэзуу хийдийн лам хуврагууд хамрагдахад С.Чоймбол гуай угсаа залгамжилсан тайж феодол хэмээгдэн баривчлагджээ.
Тэрээр олны нэршсэн 'Төв шорон"-д хоригдсон түүхтэй. Шоронд байхдаа барилгын ажил хийдэг байж. Ажлаас бууж ирсний дараа үдшийн цагаар цаг нөхцөөн модоор сийлбэр хийдэг байжээ. Нэг удаа модоор арслан сийлээд, түүнийхээ голыг нь хөндийлөн ухаж дотор нь цох хорхой хийгээд ширээн дээгүүр явуулахад харсан хоригдлууд гайхаж "Энэ Чоймбол гэдэг чинь ид шидтэй хүн байна" гэсэн цуурхал тараасан нь шоронгийн даргын сонорт хүрчээ. Удалгүй шоронгийн дарга С.Чоймболыг дуудаж юу хийгээд байгааг нь асуухад сийлсэн арслангаа үзүүлсэн гэдэг. Түүнээс хойш ур ухаан, авьяас чадварыг хүмүүс гайхан биширсэн төдийгүй тухайн цагт төрийн том алба хашиж байсан Ж.Самбуу даргын ч чихэнд хүрсэн аж. Улмаар Ж.Самбуу гуай шоронгийн даргад "Миний тоглодог шатрын нэг хуү эвдэрчихсэн юм. Чи тэр уран хүнээрээ хийлгээд өгөөрэй" гэжээ. Үүнээс хойш С.Чоймбол гэж гайхалтай уран нэгэн байгааг Төрийн ордонд мэдсэн байна.
Тэр үед Улаанбаатарт нэгдүгээр арван жилийн сургуулийн барилга баригдаж байж. Барилгын чимэглэлийг Чоймбол гуайгаар хийлгэх болж, тус сургуулийн нүүрэнд Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан нарын хөрөг ингэмлийг бүтээсэн гэдэг. Энэ хөрөг нь хожим түүний амьдралын хувь заяаг шийдэхэд чухал түлхэц өгч шрронгоос суллуулжээ. Тус сургуулийн хананд урласан хөрөг ингэмлийг 1990-ээд оны эхэнд устгачихсан юм. Манай улс соёлын дурсгалд бүдүүлгээр ханддагийн нэг жишээ энэ юм. Барималч С.Чоймбол 1940-өөд оны эхээр ЗХУ-д уран барималч Меркурьевийн урланд хэсэг хугацаанд суралцаж, дэлхийн болон Европын дүрслэх урлагт суралцжээ. Төгсч ирсний дараахан нь МАХН-ын Төв хорооноос шийдвэр гаргаж түүнд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг бүтээх хүндтэй үүрэг өгчээ. Тухайн үеийн Зураг урлалын газар нь одоогийн Соёлын төв өргөөний хавьд, дан цагаан байшинд байсан.
С.Чоймбол барималч хөшөөний батлагдсан эх загвараа бүрэн хэмжээнд нь гүйцэтгэхийн тулд ажлын өрөөнийхөө шалыг авч доош хоёр метр гүн ухаж хөшөөний суурь арматурыг зангидан шавраар барьж эхэлсэн тухай түүний шавь, урлагийн гавьяат зүтгэлтэн Дамдимаа дурссан ярьсан байдаг. Уг хөшөөг манай нэртэй уран бүтээлчид хамтран бүтээсэн. Анхны тэр хөшөөнөөс хойш төр нийгмийн зүтгэлтэн болон жирийн хүмүүсийн олон хөрөг бүтээсний гадна цэцэрлэгт хүрээлэнд зориулсан олон цуврал баримал хийсэн. 1950-иад оны эхээр Их тэнгэрийн аманд баригдсан барилга, төрийн түшээдийн орд харш болон Дуурийн театрын дотор гаднах бүхий л чимэглэлийн зургийг зохиож өөрөө гардан урласан түүхтэй. С.Чоймбол гуай зөвхөн уран барималч байгаад зогсоогүй оёж хатгах үйлд гаргууд нэгэн байсан гэдэг.
Тухайн үед уран Чоймбол гэж ярихаас түүний хийсэн бүтээснийг олонд таниулж сурталчлах тухай ойлголт байсангүй. Эгэл даруу тэр хүн "Би хийх л ёстой юмаа хийж явна даа" гэдэг байсан тухай хамт ажиллаж байсан хүмүүсээс нь олонтаа сонссон доо.
Р.БАТ-ОЧИР /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих