МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэн Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын багш нарын холбоо, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын хөрөнгө оруулагчдын холбоо, Монголын шилдэг тамирчдын холбоо зэрэг 15 төрийн бус байгууллага тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эдгээр ТББ МАН-ыг энэ удаагийн ээлжит сонгуульд олонх болж, ялалт байгуулахад дэмжлэг үзүүлэх, улмаар ялалт байгуулсан тохиолдолд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах ажээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа ТББ-ынханд талархал илэрхийлж, хийж эхлүүлсэн ажлуудаа дуусгахад төрийн бус байгууллага, ард иргэдтэйгээ хүчээ нэгтгэж ажиллах хэрэгтэйг онцлов. Мөн ард иргэдийн хүсэн хүлээсэн шударга ёсыг тогтоохоор эхлүүлсэн тэмцлээ дуусгахын төлөө хүчээ нэгтгэж байна гэв. МАН-ын олонхиос бүрдсэн УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр танхимаа өөрөө бүрдүүлэх эрх хэмжээтэй, УИХ-ын өмнө хариуцлага хүлээх чадамжтай, хүчтэй Ерөнхий сайдын багийг бүрдүүлэх сонгууль болно. Тийм учраас өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн баг олон түмнийхээ итгэлийг хүлээнэ гэдэгт итгэлтэй буйгаа онцоллоо.
ТББ-уудын барьж ажилладаг бодлого, чиглэлтэй МАН-ын мөрийн хөтөлбөр утга агуулгын хувьд нийцэж байгаа учир хамтран ажиллаж буйгаа хэлсэн. Тухайлбал, МҮЭХ “Иргэд хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийн хүрээнд МАН-тай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж буйгаа Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярив. МҮЭХ-ноос “Иргэд хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг салбар 14 үйлдвэрчний эвлэлийн холбоо, орон нутгийн 22 холбоо, нийтдээ 3000 орчим үйлдвэрчний эвлэлийн байгууллага, 450 орчим үйлдвэрчний эвлэлийн гишүүдээсээ санал аван боловсруулж, 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам эвслүүдэд хүргүүлжээ. Ард иргэд Засгийн газар, УИХ-аас ажилтай орлоготой, авч байгаа цалин нь өөрийн болоод өрхийн амьдралд нь хүрэлцдэг байгаасай, ажлын байр нь эрүүл аюулгүй байгаасай гэх мэт цөөн хэдэн зүйлийг хүсч байна. Эрүүл мэнд, боловсролын чанар хүртээмжийн асуудал дараагийн хүсч байгаа гол асуудлын нэг. Энэ хэдэн асуудлыг шийдвэрлэхийн тулд шударга ёсыг тогтоож, засаглалыг тогтвортой байлгах нь чухал гэв.
Монголын Урлагчийн ажилчдын холбооны ерөнхийлөгч, МУГЖ Б.Тунгалаг, МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Соёлын яамтай болно гэсэн чухал заалт орсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар сүүлийн 20 орчим жил соёл, урлагийн салбарт оруулж байгаагүй хөрөнгө оруулалтыг хийсэн. Их театрын барилга, Чингис хааны музей, УДБЭТ,УДЭТ-ын барилгыг дэлхийн хэмжээний жишигт хүргэж засварлах гэж байгаа, орон нутагт 5,6 театрын зогсонги байсан барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болсон гэх мэт соёл, урлагийг дэмжсэн олон чухал бүтээн байгуулалт хийж буйд талархаж байна гэв.
Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлөөс “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц”-I,II зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж, санал зөвлөмж гаргажээ. МАН-ын мөрийн хөтөлбөрт эрдэмтдийн саналыг тусгаж, үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Генетик нөөцийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломжтой гэж үзэн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж буйгаа Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг хэлэв.
Монголын барилгачдын нэгдсэн холбооны тэргүүн М.Батбаатарын хувьд, зорилтот бүлэг буюу бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах тус холбооноос санаачилсан хөтөлбөрийг МАН дэмжиж, мөрийн хөтөлбөртөө тусгасан учир хамтарч ажиллахаар гэрээ байгуулжээ. Мөн хөрөнгө оруулалт болон орон сууцны үнэ өртгийн асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, орон сууцны ам.метрийн үнийг дээд тал нь 1.4 сая байхаар тооцоолж, төлөвлөж байгааг зөв зүйтэй бодлого гэж үзэж байна. Монголын багш нарын холбоо МАН-ыг багш нарыг дэмжсэн бодлогоо үргэлжлүүлээсэй гэж хүсч буй учир хамтран ажиллаж байгаа гэдгээ гүйцэтгэх захирал Д.Цэцгээ ярив. Багш нарыг орон сууцжуулах, багш нарын цалин урамшууллыг инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг саналыг тус холбооноос тавьсан байна.
МАН нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэхэд ард иргэд, тэдний төлөөлөл болсон ТББ-уудтай хамтран ажиллаж, хүчээ нэгтгэх шаардлагатайгаа илэрхийлж байгаа. Тэгвэл олон нийтийн төлөөлөл болсон томоохон ТББ-уудтай хүчээ нэгтгэхээр боллоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих