Гадаад харилцааны сайд нар хосоороо сонгуульдахдаа Монголын ЭСЯ-нд халдсан явдлын нууцлав уу
АНУ дахь Монголын ЭСЯ-нд халдсан хэрэг явдал өнгөрсөн бямба гаригийн үүрээр гарчээ. Энэ талаар манай улсын ГХЯ, болон АНУ дахь ЭСЯ огт мэдээлэлгүй хав дарсан нь хачин байна. Тодруулбал манай ЭСЯ-ны байрны дэргэдэх дэлгүүрийг тонож байсан хүмүүс хашаа давж ЭСЯ-ны байранд дайран оржээ. Эх сурвалжийн мэдээлснээр ойр орчимд буун дуу гарч үймээн дэгдсэнээс болж ЭСЯ-ны ажилтан эрэгтэйчүүд ээлжээр шөнөжин жижүүрлэж, тэдний гэр бүл, эмэгтэйчүүд хүүхдүүд айж тэвдсэн байдалтай байсан тул тэднийг Элчин сайдын өргөө рүү нүүлгэсэн бөгөөд одоо ч ЭСЯ-ны ажилтнуудын гэр бүлүүд Элчин сайдын өргөөнд цугларч хамт амьдарч байгаа аж.
Тухайн үед цагдаа дуудсан боловч “Яг хүнд байдалд орвол хэлээрэй, Хүн хүч хүрэлцэхгүй байна” гэжээ. Тэнд байгаа нэр бүхий иргэдийн мэдээлснээр тонуулчид эхлээд явган хүмүүс дэлгүүрийнцонхыг хагалаад хажуугийн гудамжинд тавьсан машиндаа барааг ачаад хэргийн газраас холдож байгаад хувааж авч байхыг харсан. гэнэ. Харин цагдаа нар дэлгүүр тонож байгаа хүмүүст “За болсон уу, одоо тар тар” гээд харж байгаад тонуулчихсан гэцгээж байна.
Манай улсын ЭСЯ, ГХЯ уг хэрэг явдлыг санаатай үйлдэл биш үймээнд өртсөн гэж үзээд албан ёсны мэдээлэл өгөхгүй нуун дарагдуулахаар шийдсэн бололтой. Магадгүй, Цагаан ордон, Төрийн департаменттай харилцаа сайн байгаа, удахгүй Чикагод Консулын газраа нээнэ, шууд нислэг эхлүүлнэ гэх зэрэг нааштай уур амьсгалаа эвдчихнэ гэсэн биз. Нөгөөтэйгүүр тус улсад ажиллаж амьдарч байгаа, эх орондоо буцах гээд нислэг хүлээж байгаа 2300 иргэнийхээ асуудлыг шийдүүлэхээр шууд нислэг хөөцөлдөөд завгүй байсан Элчин сайдыг ямар ч байсан энэ ноцтой явдлыг ГХЯ-нд мэдээлсэн байх гэж найдаж байна.
Уг хэрэг явдлын талаар Элчин сайдаас тодруулахад “Вашигтонд 2020 оны тавдугаар сарын 30-нд өрнөсөн жагсаал цуглааны үеэр АНУ дахь Монгол Улсын ЭСЯ байрладаг Жоржтаун дүүрэгт эмх замбараагүй байдал үүссэн. Энэ үеэр манай ЭСЯ-ны дэргэдэх дэлгүүрийн цонхыг эвдэж орсон хүмүүсээс тохиолдлын чанартайгаар ЭСЯ-ны хашаа даюж орж ирсэн хэрэг гарсан нь үнэн. АНУ-ын хууль, хүчний байгууллага шуурхай арга хэмжээ авсны дүнд энэ асуудлыг таслан зогсоосон. ЭСЯ-ны ажилтнууд болон эд хөрөнгөд ямар нэг бодит хохирол учраагүй. Одоогоор Монголын ЭСЯ-ны аюулгүй байдал хангагдаж хэвийн үйл ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээллийг л өглөө.
Харин энэ талаар УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэж байгаа болов уу? Яагаад өнөөдрийг хүртэл мэдээлсэнгүй вэ?
Дипломат албаны тухай хуулийн 5.1-д Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн нэгдүгээрт “Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах” гэсэн байдаг. Энэ үүргээ биелүүлэх ёстой.
Цаашилбал, 1964 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон Дипломат харилцааны тухай Венийн конвенцид Монгол Улс 1966 оны 11 дүгээр сарын 24-нд нэгдэн орсон байдаг. Энэ конвенцийн 22 дугаар зүйлд: 1. Төлөөлөгчийн газрын байр халдашгүй байна. Хүлээн авагч улсын эрх мэдэлтэн төлөөлөгчийн газрын тэргүүний зөвшөөрөлгүйгээр тэрхүү байранд орж үл болно. 2. Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын байранд элдвээр халдах буюу хохирол учруулахаас хамгаалах, төлөөлөгчийн газрын амгалан тайван байдлыг элдвээр алдагдуулах буюу түүний нэр төрийг доромжлохоос урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах онцгой үүрэг хүлээнэ гэж заасан. Мөн 44 дүгээр зүйлд: Хүлээн авагч улс өөрийн иргэн биш бөгөөд эрх ямба, дархан эрх эдлэгч хүмүүс, мөн аль улсын иргэн гэдгийг үл харгалзан тэдний гэр бүлийн гишүүдийг аль болох түргэн хугацаанд буцаж явахад нь зэвсэгт мөргөлдөөний үед ч шаардагдах дэмжлэг үзүүлэх ёстой. Тухайлбал, шаардлагатай бол зорчих болон ачаа тээшээ тээвэрлэхэд зориулан тэдний мэдэлд тээврийн хэрэгсэл гаргаж өгөх ёстой гэсэн байдаг.
Сүхбаатар дүүрэг азтай, хоёрын хоёр Гадаад харилцааны сайд нэр дэвшиж байна. Ц.Мөнх-Оргилоос Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайдын тамгыг гардан авсан. Харин энэ хоёр маань АНУ дахь Монголын ЭСЯ-нд учирсан хэрэг явдлыг сонгуулийн кампанит ажлаасаа илүү чухалд үзэх ёстойг мэддэг л баймаар юм. Наанадаж “энхтайван, аюулгүй байдалд харш үйлдэл тохиолдсон байна” гээд эсэргүүцлийн ноот илгээж болохгүй гэж үү. АНУ дахь ЭСЯ-ны хашааг давж орноо гэдэг нь манай газар нутгийг эзлэн эсэргүүцэх гэдэг зохисгүй, найрсаг бус үйлдэл биш гэж үү? Ямар ч байсан зургаан хоног өнгөрч байхад таг чимээгүй байж таарахгүй байх аа, дипломатчид аа!
Эх сурвалж: Нийтлэлч У.Оргилмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих