Энэ удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн дунд хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан ч шүүхээс гэм буруутай эсэх нь эцэслэгдээгүй нэр дэвшигч цөөнгүй байна. Тэдний дунд цагтаа төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, одоо АН-ын зөвлөлийн даргаар ауиллаж буй Д.Эрдэнэбат нар багтаж байна. Хоёулаа яллагдагчаар татагдсан. Холбогдсон хэргүүд нь том. Тэд өөрсдөө ч том учраас хоёр том намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй.
Ардчилагч Д.Эрдэнэбат
Д.Эрдэнэбатын хувьд Сангийн сайд асан Б.Болор болон Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүний хамт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт буруутган яллагдагчаар татаад байгаа юм.
Сэлэнгэд төрж өссөн гэдгээрээ энэ удаа тус аймагт нэр дэвшиж байна.
Түүний тухайд гэвэл Монгол Улс ардчилалд шилжээд арав хүрэхгүй жил болж байхад бусдын л адил наймаа панз үсэргэж, өөрийн бизнесээ хөл дээр босгосон. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж улстөрд хөл тавьсан гэгддэг. АН-ын ҮЗХ-ын гишүүн. АН-ын МҮДН фракцын хүн. Басхүү АН-ын бүлгийн дарга бас ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж Н.Алтанхуяг гэх хүний удирдлагад ажиллаж явсан.
Өдгөө С.Эрдэнэтэй хүзүү сээрээрээ холбогдон попорч, ардчилагч болж яваа. Тун цөөхөн хүн түүнийг Ардчилсан намын ноён нуруу хэмээн үнэлдэг бол ихэнх нь юу ч хийсэнгүй гэж шүүмжилдэг.
Улстөрд богино хугацаанд аз нь гүйсэн Ж.Эрдэнэбат
Ж.Эрдэнэбатын хувьд 1462.82 га талбайг хамаарах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн найз “Алтай Констрашкн”-ын Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа. Тодруулбал, “Тост тосон бумбын тусгай хамгаалалттай газар “Элбэг орд” ХХК-иас “Хэрх-илч” ХХК худалдан авах гэрээ байгуулсан байна. Худалдан авагч “Хэрх-Илч” компанийг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нар 31/69 хувийн харьцаатай эзэмшдэг аж. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, “Азаргын гол чонот” компанийн захирал Б.Отгонбаатар нарын гэм буруугийн шүүх хурал товлогдоод байгаа.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймагт судалгаагаар сайн гарсан учир У.Хүрэлсүх мандат олгосон. Сэлэнгэ аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Ерөнхий сайдын албанд дэвшин ажилласан гэдэг утгаараа суудал авчрах боломжтой дүрээр нэрлэгдээд буй.
Ж.Эрдэнэбатын улстөрийн замнал богино. 2012 оны сонгуулиар Сэлэнгийн Засаг дарга байж байгаад шинэхэн гишүүн болж орж ирж байсан. Тэгж их улс төрд хөл тавьсан байх. Тэгээд ёндоо гүйж Ерөнхий сайдаар тодорч, богино хугацаанд суугаад буусан билээ. Улстөрийн хувьд богино хугацаанд аз нь гүйсэн нэгэн.
Мөн ахуй амьдралаа ч өөд нь татаад амжсан. Улстөрд орж ирснээр ээжийнхээ гэрт амьдардаг байсан тэр 3 орон сууцтай болсон нь ХОМ-ээс нь харагддаг. Өдгөө бүр төрийн тусгай хамгаалалттай газрыг наймаалцсан гэх эрүүгийн гэмт хэрэгт нэр холбогдон шүүхээр орж буй юм.
Яллагдагчаар татагдагсад нэр дэвших эрхтэй юу?
Сонгуулийн тухай хуулийн
29.7-д “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно”,
29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан байдаг.
Тэгэхээр дээрх ХОЁР Эрдэнэбат хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан ч шүүх гэм буруутай эсэхийг нь эцэслээгүй тул Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй юм.
Хэрэв тэд тойрогтоо ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд дөрвөн жил хуулийн хамгаалалтад орно. Эсрэгээрээ сонгогдож чадаагүй тохиолдолд шүүх хурлыг товлож, хэргийг нь эцэслэх билээ.
П.Урнаа
Эх сурвалж: eguur.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих