Шинэ Дели, Бээжин хоёр Энэтхэг, Хятадын хилийн бүсэд цэргээ байрлуулаад байна. Цөмийн зэвсэгт хоёр гүрний хоорондын сөргөлдөөн зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж шинжээчид сэрэмжлүүлж, газар зүйн болон цэрэг, техникийн хүчин зүйлсийг тодорхойлжээ. Газар нутгийн маргаан дэгдээгээд буй Хятад, Энэтхэгийн хилийн уулархаг бүсэд талууд нэмэлт хүч төвлөрүүлээд буй тухай "Newsweek" сонинд мэдээлсэн. Гэхдээ хоёр тал хурцадмал байдлыг намжаах чиглэлээр хүчин чармайлт гаргаж, өнгөрсөн бямба гарагт хоёр улсын цэргийн төлөөлөл уулзалт хийсэн билээ. Маргааны “буруутан” болоод буй бүс нутаг нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орон, Пакистан, Энэтхэгийн хилийн заагт орших Аксай Чин. Эл нутаг Хятадын газар нутагт багтдаг ч Энэтхэг улс Ладакх холбооны нутагт дэвсгэрт хамруулдаг. Аксай Чин нь уйгар хэлээр “цагаан жалга” гэсэн утгатай. Далайн түвшнээс 5000 метрийн өндөрт өргөгдсөн энэ бүс нутаг нь өргөн уудам давсан цөл нутаг. Газар зүйн хувьд Аксай Чин Төвөдийн өндөрлөгийн хэсэг юм. БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизян Бээжин хоёр талын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх ч үндэсний газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хамгаалж, Хятад, Энэтхэгийн хилийн бүсэд энх тайван, тогтвортой байдлыг хангах болно гэж мэдэгдэв. Энэтхэгийн гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Анураг Шривастава Энэтхэгийн Зэвсэгт хүчний хилээ хамгаалах хариуцлагатай хандлагыг өндрөөр үнэлж, хилийн бүсэд үүсэж болзошгүй аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Хятад улстай байгуулсан хоёр талын гэрээ, хэлэлцээрт заасан процедурыг мөрдөх болно гэж мэдэгдсэн байна. Ингэхдээ Энэтхэг улс үндэсний аюулгүй байдлыг хангах тал дээр хатуу байр суурь баримтлах болно гэж тэрбээр онцолжээ. Эдгээр мэдэгдлийг өнгөрсөн сард Пангонг, Галван, Демчок, Даулат Бег Олди зэрэг дөрвөн газарт гарсан зэвсэгт бус сөргөлдөөний дараа хийсэн билээ.
Геополитикийн нөхцөл байдал
Хятадын коммунист намын хэвлэл болох “Global Times” сонин Хятадын хилийн цэргийн зэвсэглэлийг Type 15 танк, Z-20 нисдэг тэрэг, GJ-2 нисэгчгүй нисдэг аппарат зэрэг шинэ загварын зэвсэг, цэргийн техникээр бэхжүүлсэн тухай мэдээлсэн. Бээжин мөргөлдөөн гарсан тохиолдолд давуу байдлаа хадгалахыг илт эрмэлзэнэ гэж Хятадын цэргийн шинжээчид үзжээ. Энэтхэгийн хэвлэлүүдэд бичсэнээр, Хятадын зүгээс хилийн бүсэд 5000 цэрэг татсан нь Шинэ Делийг тус бүсэд өөрийн хүчийг бэхжүүлэхэд хүргэв. Хятад, Энэтхэгийн хилийн бүсэд үүсээд буй нөхцөл байдал АНУ-ын анхаарлыг татсан. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх санал тавьсан ч Бээжин, Шинэ Делигийн албан ёсны төлөөлөгчид асуудлыг хоёр талын дипломат шугамаар шийдвэрлэхийг илүүд үзэн, Цагаан ордны тэргүүний саналаас татгалзсан билээ. Хятад улс Энэтхэгийн газар нутгийн ихээхэн хэмжээний нутгийг санаархсан нь 1962 оны зэвсэгт мөргөлдөөнд хүргэж байв. Энэ мөргөлдөөний үеэр Хятад Хималай уулсын Энэтхэгийн эзэмшлийн тал хэсгийг эзэлсэн. Хятад улс Энэтхэгийн Аруначал Прадеш мужийн нутаг дэвсгэрт санаархаж байгаа нь Энэтхэгт зүүн нутгаа бүхэлд нь алдах аюул нүүрлэж байгаа юм гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн жилүүдэд талууд энхийн хэлэлцээ хийсээр ирсэн бөгөөд хоёр талын худалдаа асар их хэмжээнд эргэлддэг. Гэхдээ газар нутагтай холбоотой хурцадмал байдал арилаагүй төдийгүй зарим тохиолдолд ноцтой хэмжээнд хүрэх нь ч бий. Хятад улс нь Энэтхэгийн өрсөлдөгч болох Пакистаны стратегийн гол холбоотон юм. Пакистан улс Хятадын геополитикийн “Бүс ба Зам” төслийн гол оролцогчдын нэг бол Энэтхэг улс энэ төслийг үгүйсгэдэг. Тиймээс ШХАБ, БРИКС-ын хүрээнд холбоотон тус хоёр улс бодит байдал дээр улс төр, цэргийн сөргөлдөгчид бөгөөд үүнийгээ ч нуудаггүй. Шинжээчдийн ярьж буйгаар, Энэтхэг, Хятадын хооронд дайн дэгдэх эрсдэл бий. Энэ нь Энэтхэг, Пакистаны ээлжит сөргөлдөөний үр дагавар болох боломжтой. Сүүлийн арав гаруй жилд Хятад, Энэтхэгийн эдийн засаг, цэргийн хүч нэмэгдэж, улмаас геополитикийн нөлөө асар их өссөн. Ингэхдээ Хятад нь эдийн засаг, цэргийн хүчээрээ Энэтхэгийг мэдэгдэхүйц тэргүүлдэг нь Энэтхэгт нэг хэлбэрийн дутуугийн комплексыг төрүүлдэг.
Хэн нь хэнийг
2014 онд болсон Олон улсын танкийн биатлон тэмцээн Энэтхэгийн дутуугийн энэ мэдрэмжийг улам батжуулсан. Тухайн үед 12 багаас Хятад улс гуравдугаар байр эзэлсэн бол Энэтхэг зургаад орсон. Сүүлийн 40 жилд Хятадын цэрэг, аж үйлдвэрийн цогцолбор асар их амжилтад хүрч, бүх ангиллын цэргийн техникийг дэлхийн шилдэг загварын түвшинд үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Харин Энэтхэгийн цэрэг, аж үйлдвэрийн цогцолбор энд хүрэхэд хол. Энэтхэгийн цэргийн техникийн төсөл арван жилээр сунжирч, үйлдвэрлэлээс гарахаас өмнө хоцрогддог бөгөөд тактик техникийн үзүүлэлт, найдвартай байдал маш муу тул гаднын техниктэй өрсөлдөж чаддаггүй. Гаднын лицензийн дагуу үйлдвэрлэсэн техникийн чанар маш доогуур байдаг нь Энэтхэгийн нисэх хүчин дэх ослын түвшин маш өндөр байдгаас харагддаг. Тус хоёр улсын хооронд мөргөлдөөн үүсэх магадлалд газар зүй асар их нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Тус хоёр улсын хуурай газрын хил гол төлөв дэлхийн хамгийн өндөр уулс болох Хималайн уулсаар дайран үргэлжилдэг. Тиймээс энд хүнд техник ашиглан цэргийн ажиллагаа явуулах боломжгүй юм. Түүнчлэн, Хималайн өндөр уулсын эрс тэс уур амьсгал хуурай газрын төдийгүй нисэх хүчний хувьд хүнд нөхцөлийг бүрдүүлдэг. Уулархаг бүс нутагт нисдэг тэрэг нисэхэд туйлын хүнд. Цэргийн онгоцнуудын хувьд доогуур нисэж, маневр хийхэд уулс нь саад болдог байна. Газар нутгийн хувьд томд тооцогддог Төвд Хятадын хувьд аюулгүйн дэр болохын сацуу Хятадын нисэх хүчинд Энэтхэгийн газар нутгийн бүх хэсэгт хүргэх трамплиний үүрэг гүйцэтгэдэг. Мөн л газар нутгийн онцлогоос үүдэн Төвдөд нисэх буудлын сүлжээ сайн хөгжөөгүй нь энэтхэгчүүдэд Хятадын нисэх онгоцны буудлуудыг пуужингийн тусламжтай ашиглалтаас гаргах боломж олгодог. Тиймээс Төвд нь Энэтхэгийн хувьд ч аюулгүйн дэрний үүрэг гүйцэтгэдэг. Тус хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд тус хоёр улсын эдийн засаг төдийгүй дэлхийн худалдаа бүхэлдээ хохирол амсана. Хэдийгээр цэрэг, зэвсгийн хувьд Хятад улс илүү ч газар зүйн онцлог талуудад ижил боломж олгож байна.
Хэнгэргээ дэлд
Энэтхэгийг стратегийн хувьд бүслэх Хятадын олон жилийн бодлого үр дүнд хүрэх эсэх нь зарчмын асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл Бээжин Энэтхэгийн эсрэг хийх дайнд хөрш орнуудыг татан оролцуулж чадах эсэх. Пакистаны хувьд ямар ч эргэлзээ байхгүй гэж шинжээчид үзэж байна. Мьянмарын хувьд Хятад улс амжилтад хүрэхийг үгүйсгэхгүй. Мэдээж хэрэг Пакистан, Мьянмарын зэвсэгт хүчин нийлээд ч Энэтхэгийн зэвсэгт хүчний хаана ч хүрэхгүй. Гэхдээ энэ тохиолдолд тус хоёр улсын нутаг дэвсгэрт Хятадын хуурай замын хүчин байрлаж, Хималайн занганаас гарах боломжтой. Энэ тохиолдолд Энэтхэгт ялалт байгуулах боломж үлдэхгүй. Энэтхэг ч тэр, Хятад болон Пакистанд цөмийн зэвсэг бий. Тиймээс нийт хүн ам нь гурван тэрбумд хүрэх, төрөл бүрийн аюултай үйлдвэр бүхий хоёр улсын хооронд дайн дэгдэх нь АНУ, ОХУ цөмийн дайн хийхээс дутахгүй сүйрэлд хүргэх аюултай. Энэ нөхцөл байдал өнөөг хүртэл Энэтхэг, Хятад улсын хооронд дайн эхлүүлээгүй төдийгүй ирээдүйд ч сэрэмжлүүлж чадах чухал хүчин зүйл юм.
Я.Болор
Эх сурвалж: Zindaa.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих