Хэдхэн сарын өмнө Говь-Алтай, Дорнодод болж байгаа сандал суудлын дайны талаар бичиж байлаа. Өөрөөр хэлбэл, иргэдийг сонголтыг уландаа гишгэлсэн Дорнодын МАН-ын хоёр нөхөр Засаг дарга болох гэж хэрэлдэж, энэ будлианд Дорнодын АН-ын дарга Д.Цэрэнчимэг гэх бүсгүй холбогдсон талаархи инээдэмтэй ч гэмээр жишээ баримтыг бичиж байсан юм.
Эргэн сануулбал, Дорнод аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Засаг даргаараа П.Мөнхтөр гэх залууг сонгохоор шийдвэр гаргаад тамга тэмдгээ гардаж авах гэж байхад нь цагдаа хүчний байгууллагын хүмүүс дайран орж баривчилсан байдаг. Авлига, албан тушаалын хэргээр гэх энэхүү баривчилгааны цаана МАН-ын гишүүн Ц.Жанлав байсан нь тодорхой болсон юм.
Намын даргаар томилогдохын тулд хэвлэлээр хэн хэнийхээ "бөгсийг ухаж”, намдаа тал засах гэж уралдаж яваа дуулдана.
Өөрийнхөө Засаг даргын суудлыг хамгаалж үлдэхийн тулд АН-ын төлөөлөгчидтэй үгсэн хуйвалдаж ийм хор найруулсан хэмээн намын нөхөд нь түүний эсрэг зарга мэдүүлж байсан удаатай.
Гэтэл энэ маргаан дараагийн сонгууль хаяанд ирчихээд байхад дуусах биш харин ч даамжирсан сурагтай. Засаг даргын төлөөх марафон арайхийн шийдэгдээд байтал намын дотоод зөрчил хүрээнээсээ хальж намын даргын төлөөх өрсөлдөөн болжээ.
Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сард хуралдаж Дорнод аймгийн МАН-ын дарга М.Бадамсүрэнг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ингэснээр Дорнод аймгийн намын бага хурал даруйхан хуралдаж намын даргаа сонгох хэрэгтэй болоод байгаа юм. Намын дүрмийн дагуу дөрвөн жилд нэгээс хоёр удаа намын их, бага хурал хуралдаж намын бүтцээ шинэчилдэг журмын дагуу энэ асуудал өрнөж байгаа гэх.
Төв аппарат өнгөрсөн оны сүүлээр Их хурлаа хийж намын бүтцээ шинэчилсэн шиг Дорнодын МАН бага хурлаа хийж шинэчлэлээ хийх ажил нь хүлээлт үүсгээд байгаа юм. Энэ зуур дараагийн намын даргаар очих гэсэн хүмүүсийн дунд намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн өрнөж эхэлжээ.
Намын даргаар томилогдохын тулд хэвлэлээр хэн хэнийхээ "бөгсийг ухаж”, намдаа тал засах гэж уралдаж яваа дуулдана. Бас нэг завхарсан асуудал нь Дорнодын АН-д үүсээд байгаа даргын суудлын төлөөх өрсөлдөөн. Барууны оронд олон жил болсон Д.Цэрэнчимэг гэх бүсгүй Дорнодын АН-ыг сонгуулиар удирдаж орсон.
Тиймдээ ч ардчиллын төлөө тууштай явсан энэ бүсгүй, аавынхаа нутагт багагүй үнэлгээ авч ИТХ-д 17 суудал авч чадсан юм. Ерөнхий сайд түүний энэ хичээл зүтгэлийг үнэлж аймгийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр суулгаж байсан удаатай. Гэсэн ч нам гүмхэн намаа удирдаж байсан түүнд нэг толгойны өвчин гарч ирсэн нь УИХ-ын гишүүн Р.Бурмаа.
Р.Бурмаа гишүүн 2016 онд УИХ-д нэр дэвших тойрог хайж байгаа л гэж сонссон. Үүнтэй нь холбоотой байж магадгүй. УИХ-ын гишүүний албан тушаалын байр сууриа ашиглан надаас эхлээд жирийн гишүүдийг маань хүртэл хүчний байгууллагаар айлгахыг оролдох, дарамтлах, орон нутгийн намын байгууллагын хүний нөөцийн бодлогод нөлөөлөх, гишүүдийг үймүүлэх санаархлаа орхихгүй л байна.
Эрхэм гишүүн сонгуулийн дараа Дорнод аймгийн АН-ын дарга болно хэмээн бужигнуулж байсан удаатай. Тэрбээр, Д.Цэрэнчимэгийн эсрэг намын гишүүдийг нь турхирч, намын гишүүд нь хоёр хуваагдаж байсан билээ. Нэг хэсэг нь албан ёсны тамга тэмдэгтэй Д.Цэрэнчимэгийг дэмжиж, нөгөө хэсэг нь ирэх сонгуулиар Дорнодод өрсөлдөхөөр бууриа зэхэж байгаа Р.Бурмаа гишүүнийг дэмжиж хоёр хуваагдсан билээ.
АН-ын дарга Д.Цэрэнчимэг энэ талаар ярилцлага өгөхдөө намын гишүүдийн минь эсрэг турхирч чадахгүй гэдгийг онцолж байсан юм. Тэрбээр, манай сонинд өгсөн ярилцлагадаа "Улс төрийн намуудын тухай хуулиар аливаа улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд шүүх, цагдаагийн байгууллага хөндлөнгөөс оролцохыг хуулиар хорьсон байдаг.
Гэтэл Р.Бурмаа УИХ-ын гишүүний сэнтийгээ ашигласан уу, танил тал хамаатан саднаа ашигласан уу бүү мэд. Ямартай ч Дорнод аймгийн АН-ын жирийн гишүүдийг өнгөрсөн хавар зунжингаа цагдаагийн байгууллагаар дуудуулж, байцаалт авахуулж, шүүхийн хаалга хүртэл татуулсан.
Р.Бурмаа гишүүн 2016 онд УИХ-д нэр дэвших тойрог хайж байгаа л гэж сонссон. Үүнтэй нь холбоотой байж магадгүй. УИХ-ын гишүүний албан тушаалын байр сууриа ашиглан надаас эхлээд жирийн гишүүдийг маань хүртэл хүчний байгууллагаар айлгахыг оролдох, дарамтлах, орон нутгийн намын байгууллагын хүний нөөцийн бодлогод нөлөөлөх, гишүүдийг үймүүлэх санаархлаа орхихгүй л байна.
Саяхан л гэхэд орон нутгийн эрх баригчдын хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэж тайван жагсаал зохион байгуулсан хэмээн намайг 30 хоног баривчлах тогтоолыг аймгийн цагдаагаар үйлдүүлээд шүүх рүү явуулсан байх жишээтэй” хэмээн ярьж байсан юм.
Тэгэхээр энэхүү маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Тамгатай, тамгагүй хоёр даргынхаа дунд төөрөлдсөн намын гишүүд нь намын төв аппаратаас хүмүүс очих болгонд саналаа хэлдэг ч Р.Бурмаа гишүүн жил бүхэн ирж намыг бужигнуулдаг, Д.Цэрэнчимэг нарын хэдэн гишүүд нь эсэргүүцэн тэмцдэг тулаан үргэлжилсээр байгаа юм.
Р.Бурмаагийн талд зогсох уу, Н.Алтанхуяг сайдын томилсон даргынхаа талд зогсох уу гэдгээ мэдэхээ больсон намын гишүүд нь хоёр даргын дунд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага аятай амьдардаг гэнэ лээ. Дорнодод юм, юм л болж байна.
Хариуцлагыг харин яаж тооцох вэ. Зөвхөн нэг аймгийн хоёр нам дээр асуудал ийм байна. Хөдөөд улстөржилт ингэтлээ завхарчихаад байгааг энэ мэт жишээ нотолсоор. Гэтэл энд улстөрчид нь ялих шалихгүй асуудлаар хэрэлдэж хэлэлцэж төрийн ажлыг гацааж суугаа юм.
Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчилж, хурган дарга нарынхаа асуудлыг цэгцлэхгүй бол өнөөдрийг хүртэл улстөржсөөр асуудал улам л хүндэрсээр байна. Улс төрийн маргаантай асуудлыг шийдэж чадахгүй байдлаас болж дөрвөн жил иймэрхүү хэрүүл өрнөдөг байдал газар авлаа. Хөвсгөлийн АН-ын хоёр дарга улстөржилтөөсөө болж намынхаа нэр хүндийг шороотой хутгаж, сонгуульд ялагдаж байсан түүх хуучраагүй.
Б.Өнөртогтох
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих