СӨҮЛ. /Нankyung/. Нүүдлийн шувуудын талаар Монголын өндөр албан
тушаалтнууд их ярьдаг. Монголд байнга ирж, очиж бизнес хийдэг нэг хүний
ярианаас бидний дунд Монголын шинэ баячууд маш олноороо байдгийг олж
мэдсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Сөүлийн Ёыдо
дүүрэгт орон сууцтай гэнэ. Ёнсэ их сургуулийн Улс төрийн ухааны хүндэт
доктор цолтой тэрбээр энэ оны нэгдүгээр сард долоон өдрийн хугацаатай
БНСУ-ын Тубо буддын сүмд очиж буддын судар орчуулах эрдэмд суралцсан
гэдэг. Н.Энхбаяр Монгол дахь улс төрийн карьер нь аюултай болсон тул
шуурга намжтал Солонгост түр амар жимэр суухаар эхнэрийн хамт ирсэн гэж
хүмүүс ярьдаг. Монголын эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс Сөүлд байр
худалдаж авдаг учир нь юунд байж болох вэ. Үүнд олон шалтгаан байж
болно. Сөүл бол монголчуудын хувьд нэг төрлийн нөөц байрнаас ялгаагүй
байдаг аж. Монголчууд гадаад улс руу алба, амины ажил, амралт аяллаар
явах болбол аль болох шууд нислэгээр явахыг хичээх нь гарцаагүй.
Монголчууд хэдийгээр нэлээд баяжсан нь үнэн боловч хараахан хувийн онгоц хөлөглөх хэмжээнд хүрээгүй тул тэд агаарын тээврийн компаниар үйлчлүүлэхээс өөр аргагүй юм. Одоогийн байдлаар Улаанбаатар агаарын замаар Инчон, Бээжин, Франкфурт зэрэг гадаадын цөөн хоттой л холбогддог. Япон хүртэл алдаг оног нислэг байдаг боловч монголчууд Ази тивээс гарахын тулд гол төлөв Улаанбаатар-Инчоны агаарын замыг сонгодог аж. 2016 оноос БНСУ-ын Кимхэгийн нисэх буудлаас Улаанбаатар хүртэл шууд нислэгийн зам нээгдэнэ гэж яригдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар-Инчоны чиглэлд давуу эрхтэй байж ирсэн "Korean Airlines” компани уг чиглэлээс бидний санаанд оромгүй их мөнгө олсон нь дамжиггүй. Инчоноос Сөүл хүртэл зам бөглөрөхгүй бол машинаар ердөө нэг цаг давхиад хүрэх зайтай. Тиймээс Сөүл бол асар уудам нутагтай монголчуудын хувьд Инчоны олон улсын нисэх буудлын ердөө дэргэд нь байдаг том хот юм. Хятадууд Сөүлийг далайн эргийн хот гэж боддогтой бараг ижил болов уу. Түүнчлэн, Сөүл бол Монголын баячуудын мөнгө хэрэглэх ухаанд суралцаж, бодитоор дадлагаждаг амьд багш, сургууль нь болдог юм. Мэдээж хэрэг Монголын хамгийн том хот болох Улаанбаатарт ч уг эрдэмд суралцах боломж бас бий. Сүүлийн гурваас дөрвөн жилийн хугацаанд Монголын эдийн засаг хурдацтай өсөж, Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн фитнес төв, европ хоолны тансаг ресторан, үсчний салонууд борооны дараах мөөг шиг л байгуулагдсан. Гэхдээ л үүнийг Сөүлийн мөнгөний дэд бүтэцтэй яаж харьцуулж болох билээ. Солонгост нэг хүнд ногдох ДНБ монгол хүнийхээс найм дахин өндөр бөгөөд Улаанбаатар хотыг Сөүлтэй харьцуулан харвал хөдөөгийн жижиг тосгоны түвшнээс хэтрэхгүй юм.
Саяхан Сөүлийн "Millennium Seoul Hilton” зочид буудлын казинод монгол
хүн асар их мөнгө хожсон тухай мэдээ гарч олныг гайхашруулж байсан
удаатай. Энэ мэтээр байгалийн баялгаас асар их мөнгө олсон, Монголын
баячууд хөрөнгөтний нийгмийн бүх зүйлсийг мэдэрч болох газраар Сөүлийг
сонгоод байгаа юм. Мөн Монголд жилийн зургаан сар үргэлжлэх 30-50 хэмийн
хүйтэн улирал монголчууд Сөүлд өвөлжих харш, орон сууц худалдаж авах
бас нэгэн шалтгаан болдог. Мөн хүүхдээ Сөүл, Пусаны их дээд сургуульд
сургадаг монгол эцэх эхчүүд олон болсон гэдэг. Ямартаа ч Монголын улс
төр, бизнесийн лидерүүд Солонгост байнга ирж, буцаж байгаад бид
цааргалах биш, харин ч хөхүүлүүштэй хэрэг юм. Торгоны замаар бахархдаг
Монгол бол Европ Азийг холбосон их хаалга бөгөөд өргөн уудам нутаг нь
зэс, нүүрсээр асар баялаг юм. Монголын хязгааргүй хөгжих нөөц боломжийг
харвал Монголын баячууд Сөүлд өвлийн орд харшаа барьж байгаа нь хэзээ
нэгэн цагт нэгдсэн Солонгос улсын ирээдүйд ашигтай байж болох өндөр
магадлалтай.
А.Цацралт
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих