Сонгууль болох өдөр ойртсоор. Нэр дэвшигчид “гарахын” тулд өөрсдийгөө элдвээр рекламдаж, үлгэр шиг ирээдүй амлаж, ер юу эсийг хийдэг билээ. Мөнгө тарааж, “Надад саналаа өгөөрэй” хэмээн тохироо хийх нь бол наад захын тогтсон тактик нь. Бид энэ сэдвийг үүний өмнө хөндөж, “Мөнгө тараадаг технологитой, ичих нүүргүй нэр дэвшигчдэд үгүй гэж хэлцгээе” хэмээн бичсэн билээ. Харин энэ удаад үүнийг үргэлжлүүлж, “Гэхдээ мөнгийг нь авсан ч гэлээ та өөр хүнд саналаа өгч болно шүү дээ” гэж сонгогч танд нууцхан шивэгнэж байна. Сурвалжилга хийж явахад нэгэн өндөр настан бид хоёрын дунд ийм яриа өрнөсөн юм. Гэхдээ энэ 2017 онд, Ерөнхийлөгчийн сонгуулиар болсон явдал л даа.
-Хорооны тань хөгшчүүд хүүхдүүдийнхээ регистрийн дугаарыг өгч, оронд нь мөнгө авч байгаа гэж сонслоо?
-Тийм ээ. *** гуайн /нэрийг нь нууцлав/ сонгуулийн штаб ахмадуудад 10 мянган төгрөг тарааж байгаа. Регистрийн дугаараа бичүүлээд, мөнгөө авна. Бид нар хүүхдүүд, ач зээ нарынхаа регистрийн дугаарыг мөн давхар бичүүлээд мөнгө авч байна.
-Регистрийн дугаарыг чухам юунд ашиглахаа та бүхэнд тайлбарлаж өгсөн үү?
-Мэдэхгүй ээ, хүү минь. Ямартай ч ***-д саналаа өгнө гэсэн баталгаа болов уу.
-Та хүүхдүүддээ ***-д саналаа өгөөрэй гэж захиж байгаа юу?
-Тэгэлгүй яах вэ. Хүний мөнгийг авчхаад саналаа өгөхгүй байж болохгүй шүү дээ.
-Мөнгийг нь авсан ч өөр хүнд саналаа өгч болно шүү дээ?
-Тэгж хударгагүй загнах муухай байх аа.
Ахмадуудын дунд ийм нэг хүлцэнгүй явдал тохиолддогийг үүнээс мэдэж авч билээ. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Эрдэнэтэд нэр дэвшсэн “Буян”-гийн Б.Жаргалсайхан телевизээр, “Сонгууль шударга болоогүй. Өрсөлдөгч нэр дэвшигчийн штабынхан мөнгө өгчихсөн баахан хүнийг микронд суулгаж авчраад сонгуулийг нь өгүүлж байсан” гэж ярьж байлаа.
Энэ жил ч тэд мөнгө тараана. Тэдний эсрэг “Үгүй” гэж хэлэх нь сонгогч таны нэг номерын ухамсарт үйлдэл. Харин мөнгийг нь авсан ч яг саналаа өгөхдөө өөрийн дэмжиж буй хүнээ дугуйлж ч бас болно. Энэ нь хударгагүй нэр дэвшигчдийг чадаж буй бас нэг хэлбэр юм.
Саналаа өгч байх мөчид тань таны дэргэд хэн ч байхгүй. Хэн ч таны гарыг хүчээр бариад саналын хуудсыг бөглүүлж чадахгүй. Бас тэдэнд өөрсдөд нь саналаа өгсөн, өгөөгүй хүмүүсийн нэрсийг нэг бүрчлэн шүүн үзэх ч боломж байхгүй.
Мөнгө тарааж байна гэдэг нь өөрөө тухайн нэр дэвшигчийг төрд гараад чигч шударга ажиллаж чадахгүйг шууд утгаараа илтгэж буй хэрэг билээ.
М.Тэнгис
Эх сурвалж: eguur.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих