ЖДҮ-чдийн дуулиан хэзээ ч мартагдахгүй. Сонгууль болгоноор шахуу босч ирэх сэдэв болох буй заа. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Сапфир стоун” ХХК-д ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь барьцаа хөрөнгөний оронд өөрийн УИХ-ын гишүүний гарын үсэгтэй бичгээр баталгаа гаргаж өгсөн. Энэ нь олон нийтэд илэрч, тэр гэмшсэн болоод хуулийн байгууллагаар ялын тогтоолоо бараг уншуулаад мултарсан.Яг үүнтэй адил үйлдлийг гаргасан хүн бол "Бидон” Д.Ганбат.
Уншигчид санаж буй бол 2012-2016 онд Засгийн газраас "Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150.000 байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлж байв. Энэхүү зорилтын хүрээнд төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр аливаа бараа, үйлчилгээг худалдан авахдаа заавал сонгон шалгаруулалт буюу тендер зарлах ёстой.
Гэтэл Д.Ганбат дур мэдэн, дээрх тендерийг зарлуулалгүй төсвөөс нэг тэрбум төгрөг хувьдаа завшсан үйлдэл гаргасныг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал асан С.Чойноровт хандсан албан бичиг нь нотолдог юм.
–2016 ОНД УИХ-ЫН ГИШҮҮН БАЙХДАА 1 ТЭРБУМЫГ ТЕНДЕРГҮЙГЭЭР ӨГӨХИЙГ ШААРДАЖ, АСУУДЛЫГ ӨӨРӨӨ ХАРИУЦНА ГЭЖ ТОМОРЧЭЭ–
Хамгийн асуудалтай нь тэрээр өөрийн эзэмшлийн "Техник импорт” компанитай шууд гэрээ байгуулж санхүүжилт олгохыг шаардсан албан бичиг юм.
Д.Ганбат, С.Чойноровт хандсан албан бичигтээ "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу нээлттэй тендер шалгаруулах шаардлагагүй бөгөөд биднээс явуулсан албан бичгүүдийг үндэслэн "Өсөх үе” ХХК, "Ти Ай Ложист” ХХК, "Мебат” ХХК, "Хан Теч” ХХК, "Техник Импорт” ХК-тай шууд гэрээ байгуулж, санхүүжилтийг олгож өгнө үү. Уг төслүүдийг хэрэгжүүлэх аж ахуй нэгжийн дунд нээлттэй тендер шалгаруулах шаардлагагүй бөгөөд асуудал үүсвэл УИХ гишүүн Д.Ганбат миний бие бүрэн хариуцах болно. Санхүүжилтийг яаралтай шийднэ үү” гэсэн албан бичгийг явуулж байв.
Албан бичгийг явуулсан өдөртөө багтааж С.Чойноров 2014.12.24 өдрийн А/96 тоот "Гэрээний санхүүжилт хийх тухай” тушаалыг батлуулж нэг тэрбум төгрөгийг салбарын төвлөрсөн хөрөнгөнөөс гаргахыг тушаажээ.
Уг нь энэхүү 1.0 тэрбум төгрөг нь шинээр ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зориулалтайгаар ашиглах төсвийн мөнгө. Гэтэл төсвийн нэг тэрбум төгрөгийг бидон болгож, зориулалтын бусаар ашигласан нь байж боломгүй үйлдэл. Эл байж боломгүй үйлдлээ хүмүүсийн эрүүл мэндэд ашигтай зүйл хийсэн мэтээр өөрийгөө зөвтгөж, эерэг пиар болгон өдий хүртэл ашиглаж яваа.
–ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАД ОРООГҮЙ ТЕХНИК ИМПОРТ КОМПАНИЙГ ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН КОМПАНИ ХЭМЭЭН ХОМ-ДЭЭ МЭДҮҮЛЖЭЭ-
Тэрбээр 2012 онд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 1999 оноос хойш "Техник Импорт” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2012 он хүртэл тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад гишүүн болж байсан түүхтэй.
2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид АТГ-т ХОМ-ээ мэдүүлдэг. Д.Ганбат нь, "Зоос трейд” ХК, "Хүнс төв” ХК, "Уран Барилга” ХХК, "Капмон” ББСБ ХХК, "Техник Импорт” ХК зэрэг компаниудтай хэмээн мэдүүлжээ.
-СОНГУУЛЬ БОЛГОНООР "БИДОН”-ТОЙ ПИАР-
Сонгууль болгоноор шахуу бидоноороо пиар хийж, малчдын толгойг эргүүлдэг. 2016 онд гэхэд л Ажлын тайлан”-даа "Сав хоосон буцаадаггүй, сахиусаа газарт наадаггүй, сэтэрхий зүү хадгалдаггүй” хэмээж тараасан бидоныхоо хариуд өөрийг нь сонгохыг уриалсан. Гэвч 2016 оны сонгуулиар Баянхонгорчуудын саналыг авч чадаагүй, ялагдсан.
Харин энэ удаад өнөөх бидоноороо дахин сонгуулийн сурталчилгаагаа хийж, бүр видео штрок хүртэл хийж цацжээ.
Ийм л ашиг сонирхлын зөрчилтэй хүн төсвийн нэг тэрбум төгрөгийг хээв нэг "хусчхаад” өнөөдөр ямар ч ял зэмгүй явж буй нь хачирхалтай.
-Д.ГАНБАТЫН БИДОНЫ ХЭРЭГ АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙГААД СУРАГГҮЙ ЦАРЦЖЭЭ-
Нэг тэрбумын бидоны хэрэг ид дуулиан болж байх үеэр иргэн Б.Батбаяр тухайн үед Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан бидон Д.Ганбат нарыг АТГ-т шалгуулахаар мэдээлэл хийж байв.
Гэвч тухайн үедээ шалгагдаж байна гэдэг л байсан. Харин одоо хэрхэн шалгагдсан, яаж шийдвэрлэсэн нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл хуулийн байгууллага дээр эл асуудал царцаж, замхарсан. АТГ-т өнөөдөр Д.Ганбатыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл алга.
У.Уян
Эх сурвалж: eguur.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=34705
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих