1958 он хүртэл ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх буриадуудыг "Монголчууд” хэмээн албан ёсоор үздэг байв. Угсаатны энэ нэр 17 дугаар зуунд Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орсон буриадуудыг Сибирийн бусад жижиг овог, угсаатнуудаас өөр түүхтэй, эзэрхэг эзэнт гүрэн байгуулж явсан төрт үндэстний үр сад ард түмэн болохыг харуулж байсан юм.
20 дугаар зууны эхэнд шинээр тогтсон Зөвлөлт төр хуучин Хаант Оросын бүрэлдэхүүнд байсан олон үндэстэн, түүний дотор буриадуудад автономит улсын статус олгожээ. Ингээд, 1923 онд Байгал нуурын бүсэд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Буриад-Монгол хэмээх улс мэндлэв. Гэвч Сталины дэглэмийн үеэс энэ улсыг хэсэглэн хуваах бодлого хэрэгжиж эхэлсэн юм. 1937 онд Буриад-Монголын автономит улсаас Агийн Буриад, Уст-Ордын бүс нутгийг салган Чита, Эрхүүгийн бүсэд нэгтгэв. Улмаар, 1958 онд энэ улсын нэрээс "Монгол” гэдэг үгийг хасаж, Буриадын автономит улс, хожим БНБуриад улс хэмээн нэрлэх болжээ.
Тэр цагаас хойш "Монгол” хэмээх нэр бага багаар мартагдсаар, өнөө үе хүрч ирэхэд Байгал нуурын эргээр амьдрах энэ хүмүүсийг төр улсын түүхгүй Сибирийн бусад жижиг овог, угсаатны хэмжээнд л харах болжээ. Ялангуяа, энэ хооронд Зөвлөлтийн шинжлэх ухаанд "Буриадын түүх, хэл судлал” хэмээх бие даасан салбар үүсч, түүгээр буриадуудыг Монгол гэхэд Монгол биш, тэгсэн хэрнээ Сибирийн Түрэг, Тунгус овог аймгуудтай холбож болмоор Оросын "ямар нэг жижиг угсаатан” хэмээн таниулав. Буриадууд Монголоос ийнхүү холдох тусам тэдний хувьд өөрийнх нь буюу Сибирийн "ямар нэг жижиг угсаатан”-ы хэл, соёл нь улам ач холбогдолгүй болон хувирч, Оросжихыг илүүд үзэх болсон юм.
Өнөөгийн Буриадад зорчоод ирсэн манай хүмүүс буриадуудын талаар хөгийн инээдэмтэй, эсвэл бүр өрөвдөмөөр зүйлийг сонин болгон өгүүлэх болжээ. Миний нэг найз Буриадад ажлаар яваад иржээ. Нэг буриад хүн өөрийгөө "би орос хүн” гэж түүнд танилцуулахыг сонсоод мэл гайхаж орхисноо тэр надад их л сонин сайхан болгон хөөрч билээ. Тухайн үед бид инээлдээд л өнгөрсөн. Харин "Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ж.Гангаа "Харь Буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай” хэмээх нийтлэлдээ ийм явдлыг эмгэнэлт өнгө аясаар бичжээ.
Ж.Гангаа 2008 онд Читад зочилж, нэгэн цагт Буриад-Монголын автономит улсын бүрэлдэхүүнээс салган Читад нэгтгэсэн Агийн автономит тойргийг бүр мөсөн татан буулгаж, Байгалын томруулсан тойрогт нэгтгэх "баяр ёслол”-д оролцжээ. Ж.Гангаад буриад хүмүүс хачин, гэхдээ их өрөвдөлтэй харагдсан гэнэ. Тэрээр тэдний тухай "Их Орос гүрнээс үхтлээ айдаг шинж буриад бүхэнд мэдрэгдэнэ. Тэгсэн атлаа ертөнцийн хамаг сайны туйл зөвхөн орос хүн гэж боддог юм шиг. Оросоосоо илүү оросоор ярина. Оросоор ханиана, инээнэ, тэднээс илүү ууна. Таваг нүүрэндээ наачихсан юм шиг налчийгаад биднээс хэт илүү ази төрхтэй атлаа би монгол биш, тэр орныг мэдэхгүй гэж улаан цайм мэтгэнэ” хэмээн бичжээ.
Харин сүүлийн үед буриадууд үүнийгээ өөрсдөө анзаарч байгаа бололтой. Одоо Буриадад "буриадууд хэн бэ?” гэсэн асуултыг илүү нухацтай асууж, хэлэлцэж эхэлж байна. Саяхан, time.mn сайтад Гарри Ирина Регбиевна хэмээх буриад судлаачийн нийтлэлийг орчуулан толилуулжээ. Тэрээр "буриад хүн гэж хэн бэ?” гэсэн асуулт тавихдаа буриадууд уг чанараараа Монголчуудын нэгэн хэсэг, гэхдээ бас Орос, Буриадын өөрийн гэсэн хэд хэдэн хүчийн зүйлийн талаар зайлшгүй авч үзэх хэрэгтэй хэмээн бичжээ. Түүний бичсэнээр, буриадууд Орос гүрний бүрэлдэхүүнд буй цөөнх угсаатны хувьд, үндэсний үзлээ оросуудад үр дүнтэй илэрхийлж, ойлгуулах хэрэгтэй ажээ.
Гэхдээ, Гарри Ирина нэгэн зүйлд санаа зовжээ. Тэрээр энэ тухайгаа "сүүлийн үед идвэххжиж байгаа буриад хэлийг сэргээх хөдөлгөөн эртнээс эхлэх ёстой байв. Одоо бид буриад хэл дэлхийн мөхсөн хэлний тоонд багтах хэмжээнд арай хүрээгүй байгаа гэж найдах л үлдлээ” хэмээн бичжээ.
Өнөөдөр энэ буриад эмэгтэйн найдлага аль хэдийн талаар өнгөрсөн байж ч мэднэ. Одоогоос арав гаруй жилийн өмнө Г.А.Дырхеева нарын хэсэг судлаачид Орос дахь буриадуудын хэлний талаарх судалгааны үр дүнгээ мэдээлжээ. Энэ судалгааг хоёр үе шаттай явуулж, анхан шатны мэдээллийг 1989-1990 онд, удаах шатны мэдээллийг 1999-2000 онд цуглуулан харьцуулсан байна. Энэ судалгаанаас, буриадууд эх хэлээ улам бүр мартаж байгаа, ялангуяа, боловсролтой гэх буриад залуусын эх хэлний мэдлэг нь 1990 оны үеийнхэнтэй харьцуулахад улам бүр муудсан дүр зураг харагджээ.
Гэтэл одоо буриадуудын эх хэл нь дэлхийн мөхөх аюулд орсон хэлнүүдийн тоонд албан ёсоор бүртгэгджээ. 2010 онд НҮБ-ын ЮНЕСКО "Дэлхийн мөхөх аюулд орсон хэлнүүдийн атлас”-ыг гуравдахь удаагаа шинэчлэн хэвлэн гаргсан юм. ЮНЕСКО-ийн тогтоосноор, тухайн хэлээр ярьдаг хүн үлдээгүй тохиолдолд тус хэлийг "мөхсөн хэл” хэмээн үздэг ажээ. ЮНЕСКО-ийн боловсруулсан аргазүйгээр авч үзвэл, хэл мөхөх хүртлээ дараах дөрвөн үе шатыг дамждаг:
- Эмзэг хэл: Ихэнх хүүхдүүд нь энэ хэлээр ярьдаг. Гэвч хэрэглэх хүрээ нь хязгаарлагдмал (жишээн нь, гэр бүлийн хүрээнд).
- Илэрхий аюулд орсон хэл: Эх хэлээрээ гэр бүлийн томчууд нь ярих боловч хүүхдүүд нь энэ хэлийг сурахаа больсон.
- Ноцтой аюулд орсон хэл: Энэ хэлээр өвөг аав, эмээ буюу тэднээс өмнөх үеийнхэн ярьдаг. Эцэг, эх нь энэ хэлээр ойлгож магадгүй. Гэвч эцэг, эх нь хүүхдүүдтэйгээ болон өөр хоорондоо энэ хэлээр ярьдаггүй.
- Туйлаар аюулд орсон хэл: Энэ хэлээр яригч хамгийн залуу үе нь өвөг аав, ээж буюу тэдний өмнөх үеийнхэн бөгөөд тэд ч гэсэн энэ хэлээр тогтмол ярихаа больсон.
"Дэлхийн мөхөх аюулд орсон хэлнүүдийн атлас”-аас харвал, Орос дахь буриадуудын эх хэл мөхөх аюулын гуравдахь шат буюу ноцтой аюулд орсон хэлнүүдийн тоонд аль хэдийн оржээ. Буриадад ихэвчлэн настай хүмүүс л эх хэлээрээ ярих ба дунд, залуу үе нь эх хэлээрээ ярихаа больжээ. Байдал энэ хэвээр үргэлжилвэл буриадуудын эх хэл удахгүй аюулын сүүлийн шатанд орох нь тодорхой юм.
БНБуриад улсад саяхнаас эх хэлээ сэргээх хөдөлгөөн өрнөсөн гэнэ. Гэхдээ энэ нь одоохондоо сурталчилгаа, үзүүлэнгийн түвшинд л харагдана. Маш хэцүү бэрхшээл гэвэл, Орост өнөөгийн буриад хүүхдүүдэд эх хэлээ сурах бодит орчин гэр бүлийн хүрээнд ч, нийгэмд ч бараг үгүй болжээ. Наад зах нь, тэд бага, дунд сургуульд хичээлүүдээ эх хэлээр судлах боломжгүй юм. Буриадууд Монголоос багш урьж ажиллуулах талаар санал гаргадаг боловч энэ нь үр дүнтэй ажил хэрэг болох эсэх нь мөн л тодорхойгүй. Буриадад эх хэлээрээ ярихыг сурталчилсан хөдөлгөөн өрнөж байгаа хэдий ч эх хэлийг хэрэглэх бодит орчин бий болгож чадахгүй аваас уриа лоозон нь үр дүнгүй өнгөрөх, эсвэл тэгэсхийгээд намжиж ч болох юм.
Одоо "буриадууд монголчуудын хувьд хэн бэ?” гэсэн асуултыг ч бид эндээ тавих цаг аль хэдийн тулж иржээ. Буриадууд нь Монгол хүмүүсийн хувьд хэтийн ирээдүйг нь зөгнөж магадгүй хамгийн сайн "жишээ, сургамж” байж болох юм. Аливаа үндэстэн өөрийгөө хэн болохыг мартаж, эцэстээ эх хэлгүй болох дээрээ тулах аваас ямар хувь тавилантай учирч болохыг буриадуудаас бид ийнхүү харж байна.
Гэвч, Монгол Улсад "буриаджих” шинж тэмдэг эхнээсээ харагдаж байна. Үүний жишээ нь монголчуудын боловсрол юм. Өнөөдөр Монголд эх хэлээрээ сургалт явуулдаг сургуулиуд нь дундаж амьдралтай буюу ядуу гэр бүлийн хүүхдүүдийн сурах газар болон хувирч байна. Монголын удирдагчид, баячууд бага насны хүүхдүүдээ өндөр төлбөртэй гадаадын цэцэрлэг, бага, дунд сургуульд буюу гадаадад явуулж сургах нь хэвшил болжээ. Тус улсын боловсролын сайд нар хүртэл бага насны хүүхдүүдээ өндөр төлбөртэй, гадаад хөтөлбөртэй дунд сургуульд явуулдаг юм.
Монголд эх хэлнээсээ хөдийрөх "буриад маягийн сэтгэлгээ” аажим боловч монголчуудын тархинд сууж байна. Энэ нь сүүлийн үед лоозон маягаар өрнөж буй даяарчлалаас эх соёлоо аврах хөдөлгөөнийхэн буюу хийрхэгчдийн хажууд бодит үзэгдэл юм.
Ш.Т.Лантуу
2014 оны 6 дугаар сар 1
http://tsagtur.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих