Олон жилийн өмнө манайх гэртээ салаа утастай байлаа.
Гаднаас хэн нэгэн залгахад салаа утсаар хөндлөнгийн этгээд яриаг нь сонсоод
сууж болдог байв. Ангийнхаа хүүхэдтэй ид буу халж байх үед дүү гэнэт ярианд
оролцож уур хүргэнэ. За найз нь дараа залгая гээд яриагаа дуусгахаас өөр
аргагүй. Тэр үед ямар гар утас гэж байсан биш. Утасны харилцан яриагаа
хөндлөнгийн этгээдэд чагнуулаад байх нь хэнд ч сайхан санагдахгүй.
Яг үүнийг Германы канцлерь Ангела Меркель, Бразилийн
ерөнхийлөгч Дилма Руссефф гээд дэлхийн нөлөө бүхий
улстөрчид нэг сайхан нартай өдөр мэдэрчээ.
Америкийн тагнуулын байгууллагад утасны яриагаа чагнуулж байсан
улстөрчидийн тоо үүгээр хязгаарлагдахгүй байж мэднэ хэмээн The Guardian, The Washington Post
сонинд бичсэн байв. Энэ таамаглал ч 2014 оны хоёрдугаар сарын эхээр
нотлогдов. АНУ-ын тусгай албаныхан Германы экс канцлер Герхард Шредерийн утасыг
2002 оноос чагнаж байсан гэж Сноудений задалсан шинэ баримтанд дурьдагджээ.
Герхард Шредерийг албан тушаалаа орхисоны дараа ч утасыг нь үргэлжлүүлэн
чагнасаар байжээ.
Саяхан л дотно найзууд, итгэлтэй холбоотон гээд сүжирээд
байсан улс ар хударгаар нь тагнаад байсанд Ангела Меркель лав голдоо ортол
гомдсон байх. Тэр дороо л Европын Холбооны улстөрчид Америкчууд бидэнд хүртэл
итгэдэггүй хэрэг үү? хэмээн дуу алдаж, шогшироод хөмсөгөө зангидав.
Ийм аймшигтай нууцыг задалсан хүн нь АНУ-ын Үндэсний
Аюулгүй Байдлын Газрын ажилтан Эдвард Сноуден гэдэг нь төдөлгүй тодорхой болов.
АНУ-ын тагнуулын байгууллага дэлхийн нөлөө бүхий улстөрчид гэлтгүй Вашингтоноос
хэдэн мянган бээрийн цаана ажиллаж, амьдарч байгаа дурын хүний тухай мэдээлэл
цуглуулж байсан нь илрэв.
Биеийг нь төрүүлсэнээс биш, ухааныг нь төрүүлээгүй юм даа
хэмээн эх орон нь Сноудений араас харамсав. 2013 оны зургаадугаар сарын эхээр
ийм нууц баримтуудыг ил болгосон Эдвард Сноуден тэр дороо эх орноосоо урвагч,
төрийн өмчийг хулгайлсан гэмт хэрэгтэн гэж цоллуулав. Харин Эдвард Сноуден
зоригтой эр гэж шагшин магтах хүн ч мэр сэр байна. Тэр ч бүү хэл 2014 оны Нобелийн энх тайвны
шагналыг Сноуденд гардуулсан ч болж байна гэж зоригтой дуугарч эхэллээ.
АНУ-ын тагнуулын байгууллага зарим эх сурвалжаас мэдээлэл
олж авахдаа заль мэх хэрэглэдэг нь Сноуденд таалагдаагүй ажээ. 2007 онд Женевт
ажиллаж байхдаа хамтран ажиллагсад нь Швейцарийн банкны нэгэн ажилтанд нохой
гурав харагдтал бор дарс уулгаад машинд нь суулгаад явуулсан үйлдэлийн гэрч
болов. Согтуугаар жолоо барьсан эрийг замын цагдаа дор нь саатуулалгүй яахав.
Жолооны эрхээ хасуулах нь бага хэрэг. Швейцарийн хуулиар дааж давашгүй өндөр
торгууль, нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх гээд залхаасан олон шийтгэл хүлээх
болж. Яг энэ үед нь АНУ-ын тагнуулын албаныхан холбоо барьж хамтран ажиллахыг
санал болгоод шанд нь эвгүй шийтгэлээс мултлаад өгье гэж амлаж байжээ. Женевт
миний үзсэн харсан бүхэн маань АНУ-ын засгийн газар хэрхэн ажилладаг тухай
миний төсөөлөл эндүүрэл юм байна гэдэг нь ойлгогдсон. Бусдад тус болохоосоо илүү гай
болдог энэ тогтолцооны нэгээхэн хэсэг нь би юм гэдгээ ч ухамсарласан гэж Эдвард
Сноуден The Guardian сонины
сурвалжлагчид бичиж байв. АНУ-ын тагнуулын төв газрын дарга Жеймс Клеппер
Конгрессийн танхимд ороод үнэнийг хэлнэ гэж тангарагласан хэрнээ худал хэлж
байгааг нь хараад бүр ч гутарчээ. Ингээд
хүн төрөлхтөнд үнэнийг нь хэлэх цаг нь болсон гэж эргэлт буцалтгүй
шийджээ.
Эдвард Сноуден
нууц задлаж байхдаа ямар үр дагавар гарахыг ч урьдчилан тооцоолсон. Зарим эх
сурвалжийн бичсэнээр бол тэрээр АНУ-ын тагнуулын байгууллагад ажиллаж байхдаа
жилд 200 мянган долларын цалинтай, Хавай арлын Вайпаху дахь хувийн байшиндаа
найз бүсгүйтэйгээ хангалуун амьдарч байв.
Нууц задалсан Сноуден үнэний эрэлд гарахдаа хайр дурлалаа
ч бас золиослов. 2013 оны тавдугаар сарын 20-нд Хавайгаас явахдаа найз
бүсгүйдээ долоо хоног томилолтоор Хонгконг явна гэж хэлээд салах ёс хийжээ.
Гэвч Линдсей Миллс таван жил үерхсэн хайртай залуутайгаа дахин уулзаж чадахгүй
болсноо телевизийн мэдээ үзээд л ойлгосон гэнэ. Цөхөрсөн бүсгүй өөрийнхөө
блогт хагас нүцгэн авахуулсан гэрэл
зураг, шөнийн клубд нүцгэн шахуу бүжиж байгаа дүрс бичлэг оруулж "ганцаардалын
дасгал” хийжээ.
Эдвард Сноуден 200 мянган
нууц баримт бичгийг "ил” болгосон гэж АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын газрынхан
мэдэгдсэн бол Пентагоны "хаалттай” илтгэлд 1,7 сая файлыг Сноуден хулгайлсан
хэмээн цохон тэмдэглэсэн байна. Эдвард Сноудений "ачаар” хүн төрөлхтөн АНУ-ын
нууц албаныхан дэлхийн 35 орны засгийн газар, дэлхийн 60 гаруй орны тэрбум
хүний захидал, утасны яриа, интернэтийн хэрэглээг танддаг гэдгийг мэдэж авав. Мөн Интернет болон гар утасны
яриаг хөндлөгөөс нь чагнадаг Америкийн PRISM программ, Их Британий тусгай
албаны ашигладаг Tempora программын тухай мэдээллийг Сноуден ил болгов.
2014 оны нэгдүгээр сарын 17-нд The Guardian сонинд Эдвард Сноудений дамжуулсан мэдээллийн шинэ "тун”
дэлгэв. Уг мэдээлэлд АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын газар гар утсаар дамжуулж
байгаа SMS-д ажиглалт хийж, бас дэлхийн олон орны иргэдийн төлбөрийн картных нь
мэдээллийг нь бүртгэн авдаг байсан гэжээ.
Гар утасных нь тусламжтайгаар хүмүүсийн хаана явж байгааг нь ажиглаж,
улмаар хэнтэй уулзаж байгаа нь сонирхдог байжээ. АНУ-ын тагнуулын байгууллагынхан гол төлөв харийн
орны иргэдийн бие биендээ илгээж байгаа SMS-ийн сонирхдог гэдгийг Эдвард
Сноуден цохон тэмдэглэсэн байна. АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын газрын үйл
ажиллагааны тухай шинэ мэдээлэл гарч ирсэнээр олон улсын хамтын нийгэмлэг АНУ-д
ил итгэх байдал бүр ч дордоно гэж хэвлэлийнхэн таамаглаж байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Орост амьдрах нэг
жилийн эрх авсан Сноуден өдгөө "Хэвлэлийн эрх чөлөөний сан” –д ажиллаж байгаа
гэж Оросын хэвлэлд бичжээ. Өргөн уудам нутагтай, цагийн 9 бүстэй Орос орны хаа
нэгтээ Эдвард Сноуден хумхын тоосыг хөдөлгөж явна. АНУ-д тагнуул хийж байгаад
баригдаж, эх орондоо ирсэн Анна Чапман хэмээх орос бүсгүй өөрийнхөө Твиттерээр
дамжуулан "Сноуден, чи надтай гэрлэх юм
биш биз?” хэмээн сээтэн хаясан удаатай. Тоолбол нас чацуу, аль алин нь
илчлэгдсэн хоёр тагнуулч гэрлэчих юм бол сайхан хосууд болно доо гэж бодох
хүмүүс ч байна.
Г.Мэндхүү
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3474
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих