1950-аад оны сүүлч гэхэд манай сумын /Өвөрхангай аймгийн Уянга сум/ малтай айл өрх бүр нэгдэлд гишүүнээр элсэн орж хамаг малаа нийгэмчилж амьдралын бүгээн цайгаа оочилж зхлэв. Хуучинтай адил гүүгээ сааж айраг хийх юм уу, сүүгээ хөөрүүлж өрөм зөөхий бэлтгэх, тогоо нэрж шимийн архи сөгнөх, ааруул, хурууд, ээзгий хийх амьтан эрс цөөрлөө. Тогоо нэрсэн айлыг торгох шийдвэр гарсны дээр айраг эсгэх гүүтэй айл цөөхөн болохоор өөрөөр яах билээ. Амины бод бог нийлсэн 50 малтай хоцорсон айл өрхүүд баян хангалуун амьдрах тухай бодох аргагүй. Хөдөлмөрийн чадвартай хүн бүр нэгдлийн "ялтай мал", "төмөр сүрэг"-ийг хариуцан маллах болж хонь 200, үнээ 15-ыг хүлээн авч дээрээс өгсөн ашиг шимийн даалгаврыг биелүүлэх гэж усан бороо, хүйтэн шамраг, тэсгэм жаврыг үл ажран хөдөлмөрлөж дөрвөн улирлыг гэтэлгэвч сайн нэрийг үл дуулна.
Оны эцэст нэгдлийн ерөнхий хороо айл өрх бүрээр ашиг орлогын тооцоог гаргаж ирэхэд ихэнх нь өртэй гарч, сэтгэлийн хямрал, бухимдалд орно. "Бөгс мөнгө" гэж хэд гурван төгрөг гарсан бол өвлийн эхэн сараар "онд орохгүй" хэмээн заазлан нядалсан туранхай адуу үхрийн ганц нэг гуя, хаа юм уу, ямаа хонины хэрзгэр гулууз авч өвлийн идшиндээ нэмэрлэхчээ аядана. Сумын төвийнхөн бол амины мал гэх юмгүй болсон учир нэгдэл гээч айлын царайг харна. Сумын төвийн айл өрхийн ихэнх нь артель /модны үйлдвэр/ мэтийн хоршооллын болон эмнэлэг, сургууль зэрэг албан байгууллагын албан хаагчид учир илт шоовдорлогдож нэгдлийн "зааз" малын туранхай махнаас илүү үнээр худалдан авч үдшийн бүрийгээр л нэг, махтай хоол идэж хоног төөрүүлнэ. Өдөр нь өөхөн тосонд чанасан боов боорцог, бин гамбир юм уу, шар будаатай хар цайгаар гэдсээ баясгана.
Зуны сард сумын төвд дээд талын айл гурван үнээ сааж тараг зөөхий долоож гэдэс цайгаад дараагийн жил нь үнээ хээлтүүлэх бухгүй бол бүх юм бараанаар эргэнэ. Эсвэл гурван гусран үнээгээ шувтарч цайгаа бүгийлгэж зусаад намар нь үнээгээ хулгайд алдах юм уу өвөл нь идшинд хэрэглэн данс дугуйлна. Ийм маягаар амьдралын нэмэр сэлбэггүй болсон айл өрх сумын тевд олширч, цалин болон ямар нэг тэтгэвэр авдаггүй айл өрх ерөнхийдөө гуйланчлалын байдал руу орж байлаа. Сумын төв "борчуудын хороолол" нэрээ улам тодотгох болов. Сумын төвд элдэв гэрэл цахилгаан байхгүй, тэрэгунаа цөөхөн учир ерөнхийдөө ажин түжин бөгөөд үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл ноход боргохоос өөр чимээгүй, хоцрогдлын хөгжилдөө дугжирдаг сан. Хаа нэг үдэш, кино механикч Очир-Жанцан гуай юм уу, Амгарав багш жижиг мотор асааж ганц нэг кино гаргаж "соёлыг гайхуулах" юм уу, клубын эрхлэгч "нус" Адъяа гуай, эвлэлийн дарга Цэвээнцэнд нар клубын цонх болгон дээр лаа асааж нийтийн бүжиг, үдшлэг мэтийг явуулж үзэл сурталдах нь ер бусын "тэсрэлт" маягийн юм болж хувьсгалч залуучуудын цөсийг хөөргөнө.
Ийм маягтайгаар 1960-аад он гартал "социализм" гэгчийг байгуулна гэсэн уриа дуудлага гарч сумын намын дарга, "Манай оронд Лениний хоршооллын төлөвлөгеө хэрэгжиж, нэгдэлжиххөдөлгөөнялж социалист үйлдвэрлэлийн харилцаа бүрэлдэн тогтлоо. Бидялсан пролетарийн орон ЗХУ-ын хүчин туслалцаатайгаар феодализмаас капиталзмыг алгасан шууд социализмд дэвшин орлоо" гэх мэтийн жирийн ухаан санаанд буумгүй, ойлгомжгүй юмыг цаас харан ярьж явдаг болов.
Сумын захиргааны гол хаалганы дээр улаан даавуун дээр "Социализмын материал техникийн баазыг амжилттай байгуулцгаая", "МАХН-ын мэргэн жолоодлогоор социализмын бүрэн төгс ялалтын төлөө урагшаа" гэсэн томоос том лозунгууд бичиж хадлаа. Сумын клубт сонин уншлага, улстөрийн сонсгол, лекц зэргийг байнга хийж, "Хүн төрөлхтөний агуу удирдагч В.И.Ленин", "Октябрийн агуу их хувьсгал", "Социализм бол коммунизмын угтал, нийгэм журамт нийгэм мөн", Октябрын хувьсгал ба Монгол орон", "Монгол Зөвлөлтийн ард түмний ган бат найрамдал" гэх мэт хичнээн сонсовч ой тоонд бууж, амьдралд тусгалаа өгөхгүй зүйлийг ярьж, олныг дөжрүүлнэ. Тэглээ гээд жирийн олон түмэн элдвийг ярихгүй бөгөөд юу ч ойлгохгүй ч гэсэн идэвхтэй байдлыг үзүүлж суух буюу зарим нь хөөрхөн нойр авна.
Нэг удаа лам явсан нэг өвгөн лекцэн дээр "Би социализмын тухай их олон сонслоо. Нэг л ойлгож өгөхгүй байна. Тэр чинь том орд харш юм уу, эсвэл хөшөө дурсгал юм уу. "Изм" гэхээр нэг зам харгуй ч юм шиг санагдах юм. Манай суманд социализм байна уу. Эсвэл сумын намын хорооны дарга юм уу" гэсэн асуулт асуутал жирийн хөдөлмөрчид /хуучин нэрээр/ учиргүй инээлдэж, харин дарга нар тун эвгүйцэж, байдал эвгүй тийшээ эргэв. Сумын намын дарга тун ёс төртэй байдлыг үзүүлэн "Социализмын үйл явцыг зарим хоцрогдсон нөхөд, феодализмын үлдэгдлүүд энэ мэтээр мушгин гуйвуулж жирийн олон түмэнд буруу зөрүү ойлгоцыг төрүүлж байна. Энэхүү Шийрэвнямбуу бол хуучин лам явсан, феодалын үлдэгдэл учир илт будилсан дүр үзүүлж, социализмыг үл таашаасан байдлаа илэрхийлж байна. Ийм нөхдийг бид зүгээр өнгөрөөхгүй. Социализм бол бидний барьж байгуулж байгаа нийгэм. Социализм бол би биш, бидний байгуулж байгаа Ленин багшийн заасан нийгэм билээ" гэж чанга дуугаар ярьж, шуугианыг нам дарав. Энэ лекцээс хойш удалгүй Шийрэвнямбуу өвгөн аймагт хүргэгдэж нэг жил зургаан сарын тэнсэн харгалзах ял авч чимээгүй бүгж суух болж билээ.
Ер нь "Шашин бол нийгмийг мансууруулагч хар тамхи мөн" хэмээн үзэж, хуучин хүрээ хийдэд сууж байсан, лам явсан өвгөдийг элдэвлэн хавчиж, шүтэж бишрэх эрх чөлөөг нь улам бүр боогдуулах болов. "Зуд болоход нохой зоолдог, зовлон болоход лам баяждаг" гэх юм уу, "Төвдийн хуурамч номонд төөрч гүйцсэн толгой", "хоцрогдсон шар феодал" зэргээр нэрлэн тэднийг нохойноос дор үзэх нь олон. Удалгүй "Соёлын довтолгоон" гэгч эхэлж шашингүйн суртал нэвтрүүлэг дээд цэгтээ хүрэв. Бурхан , судартай айл бол бузар муухай юм нүүрлэсэн "харанхуй нүх", "хоцрогдлын үүр уурхай" мөн гэж үзэх боллоо. 1932, 1937, 1938 онууд шиг лам явсан өвгөдийг шууд баривчлан саатуулах нь үгүй байсан ч аймгийн НАХХ-ийн тусгай төлөөлөгч байнга хянаж, тандаж, заримыг нь аймгийн төвд аваачин элдвээр байцааж үйлийг нь байна. Аранжамба Дамдиндорж, лам Шийрэвнямбуу, гэлэн Хас, Цагаан-Банди, лам "өндөр" Жамбал, хутагтын Санжмятав, "ногоон" Жимээ гээд олон өвгөдийг үе үе байцааж, шашнаас нийгмээ хамгаалж буй дүрийг хичнээн удаа эсгэсэн гэж санана.
Үе үе аймгийн НАХХ-ын ахлах төлөөлөгч Цэен-Ойдов гэдэг хүн ирж лам явсан өвгөдийн талаар битүү тандалт хийж, шашны элдэв зан үйл үйлдэж буйг шалгаж, оршуулгын газар, агуй, овоонд тавьсан маанийн зургаан үсэгтэй чулуу сэлтийг хурааж, намын гишүүдтэй уулзаж нууц мэдээлэл маягийн юм хийж сүржигнэн одно. Нэгэнтээ Цэен-Ойдов төлөөлөгч "Өлзийг бадруулагч" нэртэй Сайн ноёны хүрээний гол шүтээн "ногоон" Жимээ гуайнд залагдан, сүсэг бишрэлтэй хүмүүс орж мөргөдөг болсон тухай мэдээллийг авчээ. Ийм мэдээлэл авсан Цэен-Ойдов төлөөлөгчийн хөх мнээд нь хүрч, "Газ-51" машин хөлөглөн ирж, Жимээ өвгөнийг илтэд сүрдүүлэн агсарч есөн эрднээр бүтээсэн "Ногоон Дарь эх" бурхныг хүчээр булаан авч явжээ. Айлын шүтээнийг хүчээр булаан авч явсан Цэен-Ойдов буцах замдаа машин нь эвдрэн хоёр хоног саатан, өлсөж цангасан амьтан аймгийн төвийн бараа харсан гэдэг.
Чухамдаа үүгээр Сайн ноён ханы хүрээний бурхан эд өлгийн зүйлийг иргэдээс хүчээр булаан авдаг зуршил төгссөн санагдана. Авъя гэсэн ч 1926 оноос хойш цөлмүүлсэн болохоор ард олны гар дээр үлдсэн шашин соёлын үнэт дурсгалууд ховор болсон. Ийм маягаар эхэлсэн соёлын хувьсгал хүрээ хязгаар тэлж, айл өрх бүрийн хойморт Маркс, Энгельс, Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нарын хөргийг тавиулж, хүн бүрийг гурван ээлжийн дотуур хувцас, хоёр ээлжийн хөнжлийн болон дэвсгэр даавуутай болгоно гэж захиргаадаж гарав. Мөн өрх бүр гар нүүр угаах гоожуур, бие угаах ванн болон индүү, номын сантай болох шаардлага тавигдлаа.
Энэ нь хэдийгээр эрүүл мэнд, өрх гэрийн соёлд хэрэгтэй зүйлс байсан боловч тэдгээрийг нэг амьсгаагаар авчих бэл чинээтэй хүмүүс сумын төв, хөдөөд өдрийн од шиг ховор байлаа. Соёлын довтолгооны шахалтад орсон ядуу өрхүүд хуучин дээлнийхээ өнгө дотрыг угаан индүүдэж ор хөнжлийн даавуу маягийн юм хийж, нэг литрийн хөнгөн цагаан бедон савнуудаа цоолон гоожуур хэмээн ханын модонд бэхлэн дор нь түмпэн тавьж үзлэгийнхнийг үдэж байв.
Үргэлжлэл бий
Н.ДАВААДАШ/МУСГЗ/ НИЙСЛЭЛ ТАЙМС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих