Элсэлтийн Ерөнхий шалгалт уржигдар эхэлсэн. МУИС-ийн хувьд долоон анги, хоёр зааланд шалгалтыг авч байлаа. Тус заал нийт 337 хүний багтаамжтай ажээ. Шалгалт хариуцсан мэргэжилтэн н.Энхтүвшингээс шалгалтын явц болон шалгалтанд оролцогчдын талаар тодруулахад "Энэ жилийн нэг шалгалтын хураамж 5800 төгрөг болж нэмэгдсэн. Учир нь оноо дүгнэх машиныг сүүлийн үеийнх болгон сайжруулсан.
Харин Монгол хэл бичгийн шалгалт хураамжгүй. Өмнөх үеэ бодвол их сургуульд элсэгчдийн шалгалт өгөх бэлтгэл сайн байна. Мөн овог нэрийн зөрчилтэйн улмаас шалгалтнаасаа хоцрох, хасагдах гэх мэт асуудлууд гарахгүй байна. Түүнчлэн энэ жил шалгалт өгөх байршлуудын тоо нэмэгдсэн учраас сурагчид харьяа дүүргийнхээ их дээд сургуулиудад шалгалтаа өгөх боломж бүрдсэн. Нийт 28 байршилд шалгалтын комисс байгаа" гэж байв.
Энэ жил нийт 43087 хүүхэд Элсэлтийн Ерөнхий шалгалт өгч байгаа бөгөөд одоогийн байдлаар шалгалтнаас хоцорч, хасагдсан тохиолдол гараагүй байгаа аж. Сурагчид их сургуульд дэвшин суралцахын тулд 400 ба түүнээс дээш оноотой авах шаардлагатай юм байна. Эцэг эхчүүдийн шалгалт авах үйл явцын талаар тодруулахад ер нь өмнөх жилээ бодвол илүү зохион байгуулалттай, эмх цэгцтэй байна. Шалгалт өгч байгаа сурагчдын овог нэрийн алдааг засах боломжтой болсон нь их сайн хэрэг гэж байсан юм. Мөн эцэг эхчүүд анги заалны дугаарлалтыг илүү ойлгомжтой болгохгүй бол шалгалт өгөх ангиа олох тал дээр дутагдалтай байгааг хэлж байсан юм. Их сургуульд дэвшин суралцагчид ч мөн шалгалтын үйл явц тал дээр ам сайтай байлаа.
А.ДАВААСАМБУУ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих