Хагас жил гаруй дэлхий нийтийг айлгасан цар тахал хэсэгхэн зуур намжих дүр зураг ажиглагдсан ч эргээд өвчлөл огцом нэмэгдэв. Энэ нь хөл хориогоо аажмаар султгаж байсан улс орнуудад тайвширч болохгүйг сануулах дохио боллоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн ням гаригт 24 цагийн хугацаанд 254 мянган хүн коронавирусын халдвар авсан нь өнгөрсөн хугацаанд дахь хамгийн олон хүн халдвар авсан өдөр болов. Мөн АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд “Covid-19”-ийн халдвар авсан нь цар тахал анх дэгдсэнээс хойш бага насны хүүхэд хамгийн олноороо халдвар авсан тохиолдол болж мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан юм.
Хамгийн ноцтой нь халдвар тусч эдгэрсэн хүмүүсээс дахин илэрч, унасан дархлаа сэдэрч байгааг олон улсад хурцаар хөндөж байна. Эндээс харвал коронавирусын хоёр дахь давалгаа эхлэв үү гэдгийг мэргэжлийн зарим хүн онцлох болов.
Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 14455000 хүн коронавируст халдвараар өвчилж, 608 мянган хүн энэ өвчний улмаас эндэж, 8.6 сая хүн эдгэрч, 5.2 сая хүн эмчлэгдэж байгаа юм.
Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлснээр сүүлийн 24 цагт 186 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. Өнгөрсөн хоногт АНУ-д 67 мянга, Бразилд 23 мянга, Энэтхэгт 39 мянган хүн шинээр халдвар авчээ. Энэ дунд хамгийн ноцтой нь бидний эргэн тойронд буй хил залгаа улс үндэстэнд халдвар огцом нэмэгдэж байгаа нь дотооддоо алдаагүй гэж тайвширч болохгүйг харуулж байна. Монгол Улстай хил залгаа Буриадад оршуулгын ёслолын дараа коронавирус илэрснээс хоёр ч тосгонд хатуу дэглэм тогтоожээ. Мөн Казахстан улсад халдвар 1400-гаар нэмэгдэж 71800 болж, 585 хүн нас барсан Оросын бүс нутгийн өвчлөлийн зургаад бичигдэж байгаа нь эргэн тойронд аюул намдаагүйг илтгэж байна.
Харин манай улсын хувьд халдвар илэрсэн 287 хүнээс 213 нь эдгэрсэн ч дахин өвчлөх тохиолдол гарч байгааг ХӨСҮТ-өөс мэдэгдэв. Тодруулбал, өнгөрсөн сарын 26-ны өдөр эдгэрч, дараагийн сувилал руу шилжсэн нэг оюутнаас коронавирусын халдвар илэрчээ. Тухайн оюутан нь тавдугаар сарын 13-нд Оросын цэргийн онгоцоор ирсэн бөгөөд 41 хоног эмчилгээ хийлгэж зургадугаар сарын 26-ны өдөр эдгэрч, дараагийн сувилал руу шилжсэн байжээ. Сувилалд байх хугацаанд гурван удаа шинжилгээ авахад эхний хоёр шинжилгээгээр сөрөг гарсан ч гурав дахь шинжилгээний хариу эерэг буюу коронавирусын халдвар илэрсэн байна. БНСУ-д яг ийм тохиолдол 116 бүртгэгдсэн. Эдгэрчихээд 56 хоногийн дараа вирус дахин илэрсэн. Тиймээс өвчлөөд эдгэрсэн хүн дахин халдвар авч болзошгүй учир хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүх дүрмийг сайн мөрдөх нь зүйтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхаарууллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, С.УЯНГА
2020.7.21 № 138 (6363)
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих