Ослын улмаас өнгөрсөн онд 112 хүн амь эрсдэж, 191 хүн бэртэн эд хөрөнгөөрөө хохирсон байна. Осол гарсан шалтгаан нь ихэвчлэн ашиглалтын нөхцөл тохироогүй, уул хад, бартаатай газраар хурд хэтрүүлэн явдагтай холбоотой ажээ. Үүнээс үүдэн мотоциклийн обуд хугарч, цуурах зэрэг гэмтэл үүсч онхолдсоны улмаас 170, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас 116, бусад шалтгаанаар 44 осол гарчээ. Осол гарах үед хохирогсдын 76 хувь нь хамгаалалтын дуулга малгай өмсөөгүй, 24 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Түүнчлэн осолд орсон хүмүүсийн 72 хувь нь тээврийн хэрэгслээ улсын бүртгэлд бүртгүүлж дугаар авалгүй ашигласан зөрчил илэрчээ.
Өнгөрсөн онд улсын хилээр 17 орны 36,9 мянга, энэ оны эхний улиралд 6.1 мянган мотоцикль орж ирсний 97 хувь нь урд хөршийнх. Орон нутгийн иргэд ахуйн хэрэгцээндээ зөвхөн хятад мотоцикл хэрэглэдэг нь тогтоогджээ. Зарим аймгийн төвд иргэд мотоциклоор зорчигч тээвэрлэх ажил эрхэлдэг болжээ. Манай улсад Авто тээврийн тухай хууль тогтоомж, стандарт, журамд мотоцикль эзэмшигч, ашиглагчийн үйл ажиллагаанд тавих хяналтын талаар заалт байдаггүй. Мөн эрх бүхий байгууллагуудаас мотоцикль ашиглах талаар гаргасан зөвлөмж, гарын авлага байдаггүй. Цаашид Хятад улсаас орж ирж буй мотоцикльд судалгаа хийлгэж, осол гарахад нөлөөлж буй үзүүлэлт болон манай орны зам, байгаль цаг уурын онцлогт тохирох эсэхийг тогтоож импортлогчдод тодорхой зөвлөмж өгөх шаардлагатай болжээ.
Зарим нэр төрлийг импортоор оруулж ирэхийг хориглох нь зүйтэй гэж үзэж байна. Импортоор орж ирж байгаа мотоциклийг хилээр нэвтрүүлэхэд хил, гаалийн байгууллагуудаас дайх үзлэг, шалгалтын ажилд мөрдөх эрх зүйн акт, зөвлөмжийг гаргахаар болжээ. Иргэдэд техникийн аюулгүй ажиллагааг хангах талаар зөвлөмж гаргаж сурталчлахын зэрэгцээ мотоциклийг техникийн хяналтын үйл ажиллагаанд бүрэн хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг асууддуудыг шийдвэрлүүлэхээр холбогдох газруудад хүсэлт тавих юм байна. Малчид биеийн амрыг харж малаа хятад мотоциклоор хариулдаг нь амиа алдах нэг шалтгаан болсон гэж үзэж байна. Гадны техникийг монголчууд амь насаараа туршсан нь ийм үр дүнд хүргэжээ. Харин өнгөрсөн жилээс хятад мотоцикл тоохоо больж Энэтхэг, Японы хамтарсан үйлдвэрийн мотоцикл унах болжээ. Тэдний чанарыг малчид мөн шалгах болж байгаа юм.
О.БОЛОР-ЭРДЭНЭ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих