Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, тус суманд хэрэгжсэн "Шинэ сум” төслийн бүтээн байгуулалттай танилцлаа.
Түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Халхгол сумын төвийг шинэчлэх төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын "Роснефть” нийгэмлэгийн зүгээс төслийн бүтээн байгуулалтад зориулж 8 сая евро хандивласнаар "Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн билээ.
Ингээд "Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, Зэвсэгт хүчний оролцоотойгоор жил хүрэхгүй хугацааны дараа дуусгасан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалыг тохиолдуулан нийгмийн салбарын байгууллагуудын дараах барилга, байгууламжуудыг цогцоор нь хүлээлгэн өгсөн юм.
Халхгол сумын Засаг даргын Тамгын газар;
300 хүний суудалтай Соёлын төв;
20 ортой сум дундын эмнэлэг;
650 хүүхдийн багтаамжтай 3 байгууламжаас бүрдэх Ерөнхий боловсролын сургуулийн цогцолбор барилга. Үүнд: 180 хүүхдийн дотуур байр, урлагийн заал /дотроо цайны газартай/, спорт заал, хичээлийн байр,
150 хүүхдийн 6 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны наймдугаар сарын 5-ны өдөр төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсанаас хойш өнөөдөр анх удаа тус суманд хүрэлцэн ирсэн юм.
Халхгол сумын хүн ам сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байгаа бөгөөд 2019 оны жилийн эцсийн байдлаар 945 өрхийн 3333 иргэн тоологдсон нь урьд оны байдалтай харьцуулахад өрх 3.5 хувь, хүн ам 4.5 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг сумын удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Тус сумын албан байгууллагууд шинэ барилга байгууламжиндаа үйл ажиллагаагаа явуулж эхлүүлснээр төрийн албан хаагчид нь тав тухтай тохилог, дулаахан орчинд ажиллаж хөдөлмөрлөх, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд сурч, хөгжих таатай байдал үүссэн гэлээ.
Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо энэ хичээлийн жилд нэмэгдэн 400 хүрч, есөн шинэ багшийг ажилд авсны гурав нь баруун бүсийн Ховд аймгаас ирж, тус сумын сургуульд багшлахаар болсон гэдгийг сургуулийн удирдлага дуулгаж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол орон өргөн уудам нутагтай учир алслагдмал сумдын хөгжлийг орхигдуулалгүй авч явах нь чухал гэдгийг энэ үеэр онцолж, Халхгол суманд бүтээн байгуулалтын төсөл амжилттай хэрэгжиж, сумын хөгжлийг бодитоор дэмжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Халхгол суманд амьдардаг ээжүүдэд "Эхийн алдар” одонг нь биечлэн гардуулж, баяр хүргэлээ. Тодруулбал, Халхгол сумаас нэг ээжид "Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон, есөн ээжид "Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одон гардуулав.
Дорнод аймагт амьдардаг ээжүүдэд "Эхийн алдар” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн өнөөдөр Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд "Эхийн алдар” одон гардууллаа.
Дорнод аймаг 80 гаруй мянган хүнтэй бөгөөд тус аймаг 2018 онд 80 мянга дахь иргэнээ угтан авчээ. Дорнод аймгаас энэ жил нийт 308 ээжид, үүнээс "Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 21, Хоёрдугаар зэргийн одонг 387 ээжид тус тус хүртээв.
Түүнчлэн Дорнод аймагт амьдардаг алдарт эхчүүдийн дотор "Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонгоо гардан авч буй Баянтүмэн сумын иргэн, 74 настай Дугаржавын Санжмятав, өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Матад сумын иргэн Баярсайханы Уугантуяа нар байгаа юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:
"Элбэрэлт эхчүүд ээ, монголын сайхан ээжүүд ээ,
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Монголчууд "мөнхийн рашаан байдаг бол хайртай ээждээ өгөх юм сан” хэмээн дуулж ирсэн ард түмэн. Учир нь бусдыг хайрлах, эх орон ард түмнээ хайрлан дээдлэхийн эх ундарга нь ЭХ хүн байдаг. Хорвоод анх ирж буй бяцхан үрсдээ хэмжээлшгүй хайрыг мэдрүүлж, амсуулдаг хамгийн эхний хүн бол ээжүүд Та нар юм.
Ээжийнхээ ачийг хариулахсан хэмээн санаж явдаг хүн бүхний талархлын үг, илэрхийлж амжаагүй нандин сэтгэлийг монголын төр эвлүүлэн нэгтгэж, жилдээ нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Эхийн алдар” одонг гардуулж, ээжүүддээ хүндэтгэл үзүүлдэг юм.
2020 онд улсын хэмжээнд 10,677 ээжид "Эхийн алдар” одон хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, сарын өмнөөс үе шаттайгаар гардуулж байна.
Дорнод аймаг 2018 онд 80 мянга дахь иргэнээ угтан авч өнөр өтгөн болж байгаа юм байна. Тун удахгүй 100 мянга дахь иргэн мэндлэх биз ээ. Дорнод аймгаас энэ жил 308 ээж "Эхийн алдар” одон хүртсэнээс Нэгдүгээр зэргийн одонг 21, Хоёрдугаар зэргийн одонг 387 ээж хүртлээ.
Эдгээр ээжүүдийн дотроос 74 настай, Баянтүмэн сумын иргэн Дугаржавын Санжмятав, өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Матад сумын иргэн Баярсайханы Уугантуяа нарт баяр хүргэе!
Цөөн хүн амтай Монгол Улсын хувьд хүүхэд хамгааллын асуудал төрийн бодлогын нэн тэргүүнд тавигдах учиртай. Нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулахад нь, монгол хүний ёс зүй, уламжлал, үнэт зүйлсийг хүүхдэд анхлан таниулан мэдүүлж, сурган хүмүүжүүлэхэд нь эхчүүдэд монголын төр чадах бүхнээрээ, байгаа боломжоороо туслах ёстой юм.
Тийм учраас миний бие төрийн тэргүүний хувьд энэ чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлж, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардсан Та бүхэнд болон Дорнод аймгийн бүх эхчүүд, бүсгүйчүүддээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун баяр хүргэж, эрүүл саруул, эрч хүчтэй байхын өлзийт ерөөлийг өргөн барья.
Мөнх тэнгэрийн хүчин дор ээж бүхэн үр хүүхдийнхээ хамтаар аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрөх болтугай” гэв.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд "Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Улмаар одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу үе шаттайгаар зохион байгуулах шийдвэр гарсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг орон нутагт ажиллах үеэр ийнхүү зохион байгуулж байна.
Энэ жил "Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээнэ. Нийслэлийн есөн дүүргээс гадна Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт амьдардаг ээжүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Эхийн алдар” одонгоо гардан аваад байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35080
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих